sonin.mn

Энэхүү 4 боть гоёмсог, үнэтэй ч номыг 2023 онд Улаанбаатарт очихдоо хорхой хүрсэн ч авч чадаагүй. Маш үнэтэй ч ном юм. “Номин”-д 1.2 сая төгрөгний үнэтэй байсан санагдана. Гэтэл гайхалтай юм болж,  намайг авах гээд чадаагүйг мэдсэн юм шиг багын найз, дипломатч, улс төрч, доктор профессор Балдангийн Энхмандах маань надад 2024 онд Улаанбаатарт байхад бэлэглэж дурсган намайг мөн ч их баярлуулж билээ.


Авчрах гэтэл өөрийнхөө бичсэн “Монгол маркийн далд түүх 1924-2024” номнуудаа чирэх шаардлага гараад орхисон юм. Удалгүй дүү нар цувуулаад авчирч өгч намайг баярлууллаа. Эдгээр 4 ботийг бэлэглэж байхал баярласандаа болоод зургаа авахуулаагүй өнгөрөөчихсөн байдаг юм. 


Тэрэндээ жоохон харамсаж байлаа. Гэтэл найз минь бас л үүнийг мэдсэн юм шиг 2026 оны 1-р сард Шведээс эхнэрийн хамт Лондонд нисээд ирэв. Ингээд нэгэн орой манайд зочиллоо. Найз маань "Монгол Түүх" номноос гадна өөрийнхөө бичсэн "Дундчуудын нийгэм. Умардын хөгжлийн загвар" номоо давхар бэлэглэж нэг дор хоёр номоо багтаасан дурсгалын зурагтай болчихлоо. Азны юм.

 

Номнуудыг барин тавин уншсаар бараглалаа. Тэгээд нэг нийтлэл бичиж эхлээд дуусгах гэж мартаж санаж байтал 10 сар гаруй хугацаа өнгөрчихсөн байх юм. Арай л хэтэрчээ. Баабарын эдгээр “Монгол Түүх” хэмээх “тансаг” тодотголтой 4 ботид өмнө нь хэвлэгдсэн номнуудад нь ороогүй олон шинэ текст, баримтуудаар нэмж баяжуулан, олон сайхан өнгөт болон хар фотонуудаар зурагжуулсан нь энэ номнуудыг улам сонирхолтой болгожээ.


“ХХ зууны Монгол: Нүүдэл суудал” нь 1996 оны анхны хэвлэл нь 500 орчим хуудастай байсан бол эдүгээ энэхүү 4 том боть, 1,500 орчим хуудас, 2,300 орчим эшлэлтэй бүтээл болтлоо өргөжжээ. Үүний тулд 10 мянгаад түүхэн баримтуудын учрыг олж, хужрыг тунгааж улмаар эмхтгэн нэгтгэх гэж нэг айхтар даваа бий гэдгийг ийм ажиллагааг өчүүхэн төдий гадарладаг хүний хувьд мэдэх юм. Хирийн хүний зүрх үхмээр эд л дээ. Номын хийц дизайны талаар ярих юмгүй, тансаг эд.


Б.Батбаяр нь 1980-аад оны үед "Баабар" гэсэн нууц нэрээр Монгол орны түүх, нийгэм, улс төрийн байдлын талаар эргэцүүлэл бичиж, хэд хэдэн ном орчуулсныг тухайн үеийн залуучууд гар бичмэлээр тарааж, нууцаар уншиж байлаа. Тэдгээрээс "Бүү март. Мартвал сөнөнө" номын нийтлэлүүд Монголын нийгмийг сэрээсэн дээ.


Ялангуяа "Хаан нүцгэн байна" хэмээх алдарт ёгт утгатай илтгэлийг 1990 оны 2-р сард Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар Их хуралд тавьсан нь коммунист засаглалын мөн чанарыг нээн харуулж ёстой л “загтанасан газар маажив” гэгчээр Монголчуудын хувьд сэтгэгэлгээний том тэсрэлт болсныг тэнд сонсож суусан олон зуун хүний нэгэн адил би бээр өөрөө мэдэх юм. “Бас, ингэж бичиж болдогоо” хэмээн би л лав алмайрч байсан юм даг. Хожим нь үүнийг чөлөөт хэвлэл болгон бараг бүгд нийтлэж Монголчууд төдийгүй манайхыг сонирхдог гадаадынхны дунд их нэр алдартай болсон билээ. Баабарын бичсэн “Монгол Түүх” номны эхний хувилбарууд болох 1990-ээд оны дундуур хэвлэгдсэн цаасан хавтастай жижигхэн цувралууд, дараа нь, аль тэртээ 30 жилийн өмнө анх Монголд хэвлэгдэж, олон түмэнд “Баабарын түүх” гэж алдаршсан «ХХ зууны Монгол, нүүдэл суудал, гарз, олз» 2 боть ном нь 2006, 2016 онд шинэчлэгдэн хэвлэгдэж, цааш шинэ хувилбарууд гарсан байна.


Улмаар 1999 онд Британид “Twentieth Century Mongolia” (Cambridge/White Horse Press) хэвлэгдэж, дараа нь 2006, 2009 онуудад Польшид “Dzieje Mongolii” 2 дахин хэвлэгдсэн байна. Япон モンゴルの歴史 (“Монголын түүх”) 2000-аад онд, Орос хэл дээр “История Монголии: от мирового господства до советского сателлита” ,  2023 онд Францад “Histoire de la Mongolie, 2 боть, 2025,онд Туркэд “Moğolların Tarihi: Göç ve Yerleşim – Bozkırın Atlı Baatarları” зэрэг нэртэй тус тус хэвлэгджээ. Мөн хятад, орос, герман хэлээр нийтдээ гадаадын 10-аад хэл рүү тархсан байна. НЭПКО-ийн мэдээллээр уг бүтээл нийтдээ 20 удаагийн хэвлэлтээр 100,000 гаруй хувь хэвлэгдсэн байна.


Мөн, Баабар бээр гадаадын 20 орчим их сургуульд Зүүн хойд Ази, Солонгосын хойг, Монголын түүх, Монголын өнөөгийн улс төр, эдийн засгийн талаар лекц уншиж байсан тухай  мэдээлэлүүд байна.


Баабарын эдгээр бүтээлүүд гарахаас өмнө, өмнөх нийгмийн үед Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын Төв Хорооноос өгсөн удирдамж чиглэлийн дагуу Зөвлөлт–Монголын түүхчдийн баг хамтран боловсруулж бүтээн 1954 онд Москва хотноо хэвлэгдэн гарсан “История Монгольской Народной Республики” ("Бүгд Найрамдах Монгол Ард Улсын түүх") гэдэг Монгол Ардын Хувьсгалт Намын үзэл суртлын зэвсэг болсон зузаан хавтастай хүрэн номнууд монголчуудын тархи толгойг эргүүлэн ноёрхож байлаа. ХХ зууны хоёрдугаар хагасаас хойш Монголын ард түмнийг элдэв хуурамч түүх, түүнд өгсөн сүржин дүгнэлтүүдээр тархи толгойг нь эргүүлэхээр бичигдсэн "Историй Монгольской Народной Республики"-ийг орчуулан хуулдаг, МАХН-аас өгсөн чиглэлийн хүрээнд уншигч-сонсогч-ухуулагчдад зориулан хялбаржуулсан элдэв “марксист-ленинист” тайлбар, дүгнэлт хийдэг, сургадаг сурталчилдаг, өндөр цалинтай эрдэмтэн докторууд холхилдсон БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академийн Түүхийн Хүрээлэн, МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын Түүхийн Институт, Намын Дээд Сургууль (эдгээр байгууллагууд Төрийн Яамнаас дээгүүр ТХ-ны хэлтсийн статустай байсан санагдана) зэрэг улсын төсвийн хоёр гурван том байгууллага байлаа.


Бичээд л байдаг, сурталчилаад л, мөнгө урсаад л байдаг. Нэг л догматик. Ард түмний ухаанд шингэж өгдөггүй ээ, өнөөх нь. Уншигчид нь тэр хуурамчийг нь мэддэг болохоор таашаадаггүй байсан. Тэдний нэг нь би өөрөө юм.


Номон дээр нэг юм биччихсэн байдаг. Аман ярианд өөр юм сонсогдоод байдаг. Гэхдээ би тэр “марксист-ленинист” түүх философи суралцсан, судалсан эрдэмтэн докторуудыг бас шууд буруутгадаггүй юм. Тэд энэ номонд буруу, ташаа бичигдсэн байгаа гэдгийг зах зухаас нь, зарим хаширууд нь бүр сайн ч мэдэж байсан байх. Лав л манай ахмад зураачид итгэдэггүй гэдгээ хэлж ярьж байсныг бишгүй л нэг сонсох. Энэ тухай би бээр “Бид хуурамч түүх зурдаг байсан” нийтлэлдээ бичсэн буй. Тийм л нийгэм байсан юм даа. Ийм бодитой зөрчил байсан нь тэр "Историй Монгольской Народной Республики" ном, түүний орчуулга болох "Бүгд Найрамдах Монгол Ард Улсын түүх" гэдэг номонд итгэх итгэлийг алдагдуулж байж гэж боддог. Энэ үед Баабар гэдэг нэгэн эрхэм цоо шинэ хандлага, нэн ойлгомжтой бичлэгийн шинэ арга барилаар, ур чадвараараа товойн гарч тэдний олон жил ухантаад дийлээгүйг давуулж тууриваад орхижээ. Гадаадын нэртэй Их Сургуулиуд уухайлан хүлээн зөвшөөрч түүнийг урьж лекц уншуулж эхэллээ. Монголчууд ч адил. Тэдний хүлээгээд байсныг тэр биччихэж. Дээр дурьдсан манай гурван том байгууллага, олон хүний, олон жил хийгээд хийгээд чадаагүй, дийлээгүйг ганцаараа хийсэн, бүтээсэн, бичсэн. Тэр бээр, коммунистуудын олон жил хий эргэсэн "Үзэл суртлын машин”-ыг “эвдчихсэн" нь тэр! Чухам ийм учраас 1989 оноос хойш Баабарын бичсэн түүхийг эрж хайж байгаад, мөнгөө шавхаж байгаад худалдаж авч уншицгаадаг биз.


Түүхэн үнэнээр цангаж явжээ, уншигчид. Харин тэр "Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Түүх" номыг яаж борлуулдаг байсныг та нар мэдэх үү? Албаны шугамаар намын гишүүдэд, албан байгууллагуудад шахдаг, хүчээр худалдан авахуулдаг байсан юм. Сайд дарга нарын “ширээний ном” байх “хууль”-тай байсан байх шүү.


Аав минь намын гишүүн байсан болохоор хээ угалзаар товойлгон чимэглэсэн хатуу хүрэн хавтастай зузаан хоёр боть ном манайд байсан. Бодвол шахаанд ороод л авсан биз. Өөр яав гэж. Миний үеийнхэн энэ номыг санаж байгаа байх. Ингээд Баабрын номнууд цувран гарсаар Монголчуудын төдийгүй гадаадынхан манай түүхийг үнэн мөнөөр нь унших боломжтой болсон билээ. Үнэн байдал энэ. Харин Баабарын энэ амжилтанд хорссон зарим "эрдэмтэд" гэгчид нь. түүнд атаархаж үхдэг байсан болохоор, одоо ч ялгаагүй түүний эсрэг элдэв гүжирдлэг цацдаг. Мушгин гуйвуулдаг. Хувь хүнийг нь элдвээр гоочилдог. Түүний бүтээлүүд доор сэтгэгдэл бичсэн хүмүүсийн олонхи нь энэ хар гүжирдлэгт автагсад байна. “Ингэхэд нээрээн энэ сөрөг сэтгэгдэл бичигсэд та нар үнэхээр уншсан юм уу? Зүгээр л сэвээд байна уу?” гэж асуухаар тэд нар хариу өгдөггүй. Уншаагүй юм шиг санагддаг. Тэдэнд хандаж хэлэхэд Та нар минь элдэв шургаанд болгоомжтой хандаж, уншиж судлаад, сайтар тунгаан бодоорой гэмээр байна шүү! Нэн ялангуяа хойч үеийн залуус минь. Үнэний талд ганцаараа ч хамаагүй зогсож сураарай гэж хэлмээр санагдаж байна !



Тодын Отгонбаяр. (Лондон зураач) 2026.01.30 / 2026.10. 06