sonin.mn

БАНГКОК, 2024 оны гуравдугаар сарын 29 /OANA/. Тайландын сайд асан, “Улаан цамцтанууд” хөдөлгөөний удирдагч Жакрапоб Пенкайр гэмт хэрэгт холбогдон эрүүгийн хариуцлагад татагдахаас зайлсхийн гадаадад дүрвэж, 15 жилийн турш хилийн чанадад амьдарсны эцэст пүрэв гарагт эх орондоо эргэн ирсэн тухай тус улсын TNA агентлаг мэдээллээ. 


Цагдаа нар Ж.Пенкайрыг “Суварнабхуми” нисэх онгоцны буудалд ирэхэд нь баривчилж, Эрүүгийн шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр гаргасан баривчлах зөвшөөрлийн дагуу байцаалт авахаар Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс рүү авч явсан байна.


Тэрбээр 2014 оны улс төрийн үймээн самуунд оролцож хууль бус нууц байгууллагыг удирдсан, хууль бусаар галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис хадгалсан зэрэг хэрэгт буруутгагдаж байгаа юм. Түүний өмгөөлөгч Чокчай Ангкаев хэлэхдээ, Ж.Пенкайр өөрт нь тулгасан бүх хэргийг няцаасан бөгөөд түүнийг батлан даалтад гаргахаар ажиллаж байна гэлээ.


Үүний зэрэгцээ Ж.Пенкайрын эмэгтэй дүү ярихдаа, түүний ах АНЭУ-ын Дубай хотоос эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэл тээн эргэн ирснийг дурдлаа. 15 жилийн дараа дахин уулзаж байгаа тэд одоогийн Засгийн газарт итгэж байгаагаа, эргэн ирсэн түүнд шударгаар хандана хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ.


Ж.Пенкайр 2008 онд Самак Сундараветийн засгийн газрын Хэрэг эрхлэх газрын сайд, 2003-2005 онд тухайн үеийн Ерөнхий сайд Таксин Чинаватрагийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчөөр тус тус ажиллаж байв. Өмнө нь тэрбээр мөн телевизийн менежер, хөтлөгч, олон улсын мэдээний тоймчоор ажиллаж байжээ.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг