sonin.mn

Монголын үндэсний олимпын хороо болон “Моннис Интернэшнл” ХХК хооронд хамтран ажиллах гэрээ байгуулах ёслол өнөөдөр Олимпик хауст боллоо. Гэрээнд МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бээжин 2008” олимпын аварга Э.Бадар-Ууган, “Моннис Интернэшнл” ХХК-ийн дэд захирал Г.Мөнхбаатар нар гарын үсэг зурав. Ёслолд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцож, хамтын ажиллагааны тухай санал солилцлоо.


Гэрээний хүрээнд “Моннис Интернэшнл” ХХК нь МҮОХ-ны таван цагариг бүхий логог ашиглах эрхтэй болсноос гадна Олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, “Парис 2024” Олимпын наадамд баг тамирчдаа дэмжин хамтран ажиллах юм.


Түүнчлэн “Моннис Интернэшнл” ХХК нь “Парис 2024” Олимпын үеэрх “Mongolia House” төсөлд хамтран ажиллаж, брэндээ сурталчлах үйл ажиллагааг өрнүүлэх боломжтой болов. Ёслолын үеэр “Моннис Интернэшнл” ХХК-ийн дэд захирал Г.Мөнхбаатар хэлэхдээ “Монгол-Франц улс хоорондын худалдаа, бараа эргэлтийн 60-аас дээш хувийг Моннис групп дангаар бүрдүүлдэг билээ. Бид түншлэлийн гэрээ байгуулснаар “Парис-2024” Олимпын наадмын хүрээнд МҮОХ-той нягт хамтран ажиллах боломж бүрдэж, баг тамирчдаа түлхүү дэмжих болсондоо баяртай байна." хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.