sonin.mn

АН-ын Тэргүүн Дэд Дарга С.Баярцогт тус намын УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийн тухай товч тайлбар хийлээ.

Тодруулбал тэрээр: "Маш олон салбарынхан манай мөрийн хөтөлбөрт саналуудаа тусгахыг зорьж, маш их ажил хэрэгчээр, бэлтгэл зохион байгуулалттайгаар ирж уулзаж байна. Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй олон нийтийн байгууллагын төлөөлөл, мэргэжлийн холбоодын төлөөлөл ирж саналуудаа өглөө.


Бидний хувьд мэдээж манай намын мөрийн хөтөлбөр нийт гишүүдийнхээ дундаас санал авсан. Нийтийн хэлэлцүүлгүүд хийгдсэн. "Бүтэн ардчилал" гэдэг суурь зарчим дээр хийгдэж байгаа. Энэ мөрийн хөтөлбөрийн гол агуулга юу вэ? гэхээр Монголчууд 30 жилийн хугацаанд улстөрийн эрх, эрх чөлөө, улстөрийн ардчиллын үр шимийг хүртэж чадсан.



Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх гэх мэт эрхүүд нь хангалттай байгаа ч эдийн засгийн хувьд эрх чөлөөгөө бүрэн эдлээгүйгээс болж ардчиллын үр өгөөжийг бүрэн хүртэж чадахгүй байна.



Тийм учраас манай намын мөрийн хөтөлбөр бол эдийн засгийн либералчлах бодлогыг, өөрөөр хэлбэл ажил хийж байгаа хүн нь илүү сайхан амьдрах, мэргэжлийн байгууллагууд нь өөрсдөө хариуцлагаа хүлээгээд, хувийн хэвшил Монгол Улсын хөгжлийн түүчээ болно гэсэн суурь зарчим дээр мөрийн хөтөлбөрүүд хийгдэж байгааг мэргэжлийн байгууллагууд маш ихээр дэмжиж байна." гэв.



М.Чой