11-р сарын 23-ны өдөр НҮБ-аас “Палестины ард түмнийг дэмжих олон улсын өдөр”-т зориулсан дурсгалын хурал зохион байгуулж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус хуралд баярын цахилгаан илгээлээ.
Ши Жиньпин цахилгаандаа, Палестины асуудал бол Ойрх Дорнодын асуудлын гол цөм юм. Өнөөдөр Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг Палестины асуудлаас холдуулах ёсгүйг онцолжээ.
Тэрээр Палестины асуудлыг шийдвэрлэхийн тулд “хоёр улсын шийдэл”-ийн зөв чиглэлийг баримталж, Палестин, Израилийн энхийн хэлэлцээг дахин эхлүүлэх шаардлагатайг тэмдэглэв. Мөн “Палестинчууд Палестинаа өөрсдөө удирдах” зарчмыг баримтлан Иордан голын Баруун эргийн засаглал, Газын зурвасын дайны дараах сэргээн босголтыг урагшлуулахын зэрэгцээ Палестины газар нутгийг эзлэн авах, эрх ашгийг нь зөрчих аливаа үйлдлийг эсэргүүцэх хэрэгтэй. Олон улсын хамтын нийгэмлэг Палестины ард түмнийг дэмжих талаарх нийтлэг ойлголт, амлалтаа бодит үйл хэрэг болгох замаар Газын зурваст урт хугацааны гал зогсоох нөхцөлийг бүрдүүлж, энгийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах ёстой гэжээ.
Ши Жиньпин онцлохдоо, шударга ёс ард түмний сэтгэлд оршдог бөгөөд шударга ёс хэзээ ч орхигдож болохгүй юм. Хятад улс Палестины ард түмний үндэсний хууль ёсны эрх ашгаа сэргээх шударга үйл хэргийг тууштай дэмжсээр ирсэн бөгөөд цаашид ч энх тайвныг эрхэмлэж, шударга ёсыг баримталдаг бүх улс орны хамт олон улсын эрх зүйд тулгуурлан, асуудлын үндэс болон үр дагаврыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор Палестины асуудлыг аль болох ойрын хугацаанд иж бүрэн, шударга, тогтвортой шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулж, Ойрх Дорнодын бүс нутагт урт хугацааны энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэн, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах болно гэжээ.
Лхагва - 11 сарын 25,
2026
Сэтгэгдэл0