sonin.mn

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн дугаарын зочноор Япон улсын Аичи-Нагояа хотод болсон 20 дахь удаагийн Азийн наадмын жюү жицүгийн эмэгтэйчүүдийн -63 кг жинд хүрэл медаль хүртсэн Б.Наранхишигийг урьж ярилцлаа.

 

-Азийн наадмын амжилтын буухиаг үргэлжлүүлж, хүрэл медаль хүртлээ. Энэ удаагийн тэмцээний онцлог, барилдааны тактик юу байв?


-Дөрвөн жилд нэг удаа болдог хүсэн хүлээсэн тэмцээн минь байлаа. Насанд хүрэгчдийн ангилалд барилдаж эхэлснээс хойших гурав дахь тэмцээн байсан болохоор энэ ангилалдаа туршлага хуримтлуулаад явж байна. Миний үндсэн жин -57 кг байдаг боловч энэ жин маань Азийн наадмаас хасагдсан. Жин өгсөж барилдсан гэдэг утгаараа өрсөлдөгчид нэлээн бяртай санагдсан. Тиймээс сэтгэл үлдсэн их хүнд барилдаануудыг хийсэн. Жюү жицүгийн спорт олимпын ангилалд хараахан ороогүй болохоор Азийн наадам манай спортын олимптой дүйцдэг тэмцээн.


2018 оноос жюү жицүгийн спорт Азийн наадмын нэг ангилал болж бүртгэгдсэн бөгөөд тус ондоо Ц.Удвал эгч хүрэл, 2023 онд М.Даваадорж ах хүрэл медаль хүртэж, энэ удаа миний бие хүрэл медаль хүртэж, Азийн наадмын медалийн буухиагаа үргэлжлүүлсэндээ баяртай байна.


Одоо бэлтгэлээ улам сайжруулж, медалийн өнгөө өөрчлөхийн тулд дараагийн Азийн наадмыг хүлээж байна. Мөн манай баг анх удаа сэтгэл зүйчтэй ажиллаж, дэвжээн дээрээ сэтгэл хөдлөлөө хянаж, өөртөө итгэлтэйгээр хийх ёстой зүйлээ хийж барилдаж чадсан. Сэтгэл зүйч маань “Эхний хэдэн минутад ялагдаж байж болно. Тэр үед өөрийгөө ялагдаж байна гэж бодохгүйгээр цагаа дуустал өөрийнхөө барилдааныг гаргаарай” гэж хэлсэн нь миний ялалтуудад нүдээ олсон.


-Тэгвэл жюү жицүгийн спортоор хичээллэж эхэлсэн түүхээр нь яриагаа үргэлжлүүлье?


-Жюү жицүгийн спортоор хичээллэхийг таван жилийн өмнө аав минь анх санал болгосон. Урлаг соёлд дуртай туяхан охин дэвжээн дээр барилдаад зогсоно гэж хүмүүсийн төсөөлөлд буухгүй байсан. Ангийнханд маань бүүр. Аав маань “Миний охин хичээллээд үз. Таалагдахгүй бол үргэлжлүүлэхгүй байсан ч болно” гээд “Их шавь” клубт О.Нарангэрэл багшийнхаа шавь болсон. Угтаа жүдо гэж очсон боловч намайг ирсэн өдөр жюү жицү хичээллэдэг хуваарьтай байсан болохоор зам мөр маань санаандгүй гэх үү эсвэл хувь тохиолоор жюү жицүтэй холбогдсон.


Өвөө маань барилддаг хүн байсан гэдэг. Харин аав маань бөхийн спортыг шимтэн үзэгч. Гэр бүлийнхэн маань үргэлж дэмждэг. Мөн энэ спортоор тууштай хичээллэхэд тамирчдын уур амьсгал нь их таалагдсан.


Арван жилдээ бүрэг ичимхий хүүхэд байсан бол энэ спортоор хичээллэснээс хойш өөртөө итгэх итгэл илүү нэмэгдэж, бие махбод болон сэтгэл зүй түвшинд хөгжсөн. Энэ спортоор хичээллэхэд нас хамаагүй. Клубүүдэд өндөр настай өвөө, эмээ нар өөрсдийнхөө эрүүл мэндэд хөрөнгө оруулж хичээллэх нь их байдаг. Мөн жүдо, чөлөөт зэрэг бусад бөхийн спорттой харьцуулахад эмэгтэй хүүхэд хичээллэхэд хамгийн тохиромжтой санагддаг. Өөрт тохиромжтой барилдааны хэв маягийг зохиох боломжтой байдаг.


-Энэ хугацаанд ялалтын амт, ялагдлын гашууныг хамгийн их мэдэрч байсан үе хэзээ вэ?


-Бэлтгэл сургуулилалтаа сайн хийсэн үедээ “чадна” гээд өөртөө итгэлтэй байдаг. Мөн гэр бүл, баг хамт олныхоо итгэл сэтгэл, дэмжлэгээр өөрийгөө улам хурцалдаг. 2025 оны жюү жицүгийн дэлхийн аваргаар хамгийн сүүлийн 21 насны ангилалд оролцохдоо Но-Ги төрөлдөө түрүүлж, Ги төрөлдөө харамсалтайгаар хожигдож, хүрэл медаль хүрэл медаль хүртсэн.


Багш нар маань шүүгчийн алдаа гэдэг ч гэсэн алтан төлөө зорьж очсон болохоор нэлээн харамсалтай санагддаг. Хожигдсон үед бие халаалтын заал руу алхаж байх тэр агшинд их зүйл бодогддог.


Энэ үед багш дасгалжуулагч, баг хамт олныхоо урам, зөвлөгөөнөөс өөрийгөө дайчлах хүч авдаг. Харин Азийн наадмаас хүрэл медаль авах тэр мөчид уйлаад багш болон багийнхан руугаа харахад надаар нэлээн бахархсан байгааг харах сайхан байсан. Хамгийн сүүлийн өдөр барилдсан болохоор “Эхний хоёр өдөр барилдсан тамирчид маань медаль авч чадаагүй тул би итгэлийг нь алдаж болохгүй” гэж их бодсон.


-Эх орноо сэтгэлдээ тээсэн улс улсын шилдэг тамирчид дэвжээн дээр гарч байгаа. Энэ үед ялалтын тулгуур нь юу байдаг вэ?


-Тамирчин хүн хэзээ ч өрсөлдөгчөө басаж болохгүй. Эх орноо төлөөлж ирсэн шилдэг тамирчин бүртэй хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Спортын соёл гэж бий. Харин хүч тэнцүү барилдаанууд дээр дасгалжуулагчаа илүү сонсож, төвлөрч барилдахыг зорьдог. Би жюү жицүгийн багш, дасгалжуулагчаар сурдаг болохоор энэ спорттой амьдралаа эргэлт буцалтгүйгээр холбосон. Гэхдээ ойрын хугацаанд тамирчны замналаа нэгт тавьж, дараа дараагийн тэмцээнүүддээ амжилттай оролцохоор зорьж байна.


-Таны бодлоор тамирчин хүний амжилтын түлхүүр юу вэ?


-Амьдралын энгийн хэмнэлээс буюу өглөө эрт босохоос эхэлнэ. Цаашлаад бэлтгэл сургуулилалтаа тууштай үнэнч хийх, амьдралын зөв хэмнэл, дадал зуршлыг өөртөө цогцлоох, төлөв даруу байх гээд олон зүйлийг дурдаж болох юм. Мөн бодибилдингийн спортоор хичээллээд тэмцээнд нь орох битүүхэн хүсэл бий. Айлын том эгч, доороо гурван дүүтэй болохоор бэлтгэл, хичээлээс бусад үед гэр бүлдээ цаг зарцуулахыг хичээдэг. Халуун ам бүлээрээ ширээний ард суугаад оройн хоолоо идэх үе завгүй амьдралын хэмнэлд цөөхөн тохиолддог ч тэр үед л сэтгэлийн амар амгаланг хамгийн ихээр мэдэрдэг. Гурван дүүдээ үлгэр дуурайлал болсон сайн эгч байхыг хичээдэг. Мөн аав ээжийн минь зөв хүмүүжил, зөвлөгөө миний энэ хүртэлх амьдралын замыг хамгийн сайхнаар чиглүүлж байгаа гэдэгт итгэдэг. Би хүнтэй ам зөрж, муудалцахыг хүсдэггүй.


-Гэр бүлийнхэн нь карьер хөгжилд нь юу гэж зөвлөдөг вэ? 


-Аав ээж “Миний охин өөрийнхөө үнэ цэнийг мэдэрдэг байх хэрэгтэй. Өөрийнхөө карьерыг босгож, тодорхой хэмжээний амжилтад хүрснийхээ дараа гэр бүл зохиогоорой” гэж захидаг. Найз залуу маань бас жюү жицүгийн шигшээ багийн тамирчин болохоор бие биеэ сайн ойлгож, нэгнээ дэмжиж, зөвлөх зүйл их байдаг. Арван жилд байхад ээжийн ажлын онцлогоос хамаараад уулзалдах нь их ховор байсан болохоор төдийлөн ярилцаад сууж чаддаггүй байсан. Харин спортоор хичээллэж эхэлснээс хойш сэтгэлээ онгойтол яримаар санагдах үе ихэссэн. Тэр үед ээжийн ажил ч хөнгөрч таарсан. Дотроо ганцаараа хамаг асуудлаа тээгээд явах бус гэр бүлийнхэнтэйгээ ярилцах нь хамгийн зөв шийдвэр байдаг. Ер нь ээжийн хэлсэн үг бүр зөв байдаг.





Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин