АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп арваннэгдүгээр сарын 12-нд мэдэгдэл хийж, Ирантай хэлэлцээр байгуулах шаардлагагүй болсон хэмээн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнст Ардчилсан намын удирдлагад байдаг хот, мужуудад гарч буй гэх авлига, гэмт хэргийн асуудалд анхаарлаа бүрэн хандуулахыг үүрэг болгосон байна.
Дональд Трампын хэлснээр, АНУ Ирантай хэлэлцээр байгуулах шаардлагатай байсан үе нэгэнт өнгөрчээ. Тэрбээр АНУ Ираны олон зуун тэрбум ам.долларын хөрөнгө болон стратегийн чухал ач холбогдолтой Хормузын хоолойг хяналтдаа авсан хэмээн мэдэгдсэн байна.
Энэ оны гуравдугаар сард Дональд Трамп зарлиг гаргаж, зарим мужид нийгмийн халамжийн хөтөлбөрт зориулсан холбооны санхүүжилтийг залилан ашигласан байж болзошгүй хэргүүдийг шалгах үндэсний тусгай ажлын хэсгийг байгуулсан юм. Тус ажлын хэсгийг Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс ахалж байгаа аж.
Үүний зэрэгцээ Ж.Д.Вэнс АНУ, Ираны хооронд өрнөсөн дипломат хэлэлцээнд голлох үүрэг гүйцэтгэж иржээ. Тухайлбал, дөрөвдүгээр сард Пакистаны нийслэл Исламабад хотод болсон хоёр улсын хэлэлцээнд Америкийн төлөөлөгчдийг ахлан оролцсон байна. Улмаар зургаадугаар сард талууд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсны дараа Швейцарын Бюргенштокт болсон ээлжит хэлэлцээнд мөн оролцжээ.
Америкийн талаас арваннэгдүгээр сарын 6-нд мэдээлснээр, Ж.Д.Вэнс өмнөх хоёр долоо хоногийн хугацаанд Ирантай хийсэн шууд бус хэлэлцээнд биечлэн оролцож, гал зогсоох шинэ тохиролцоонд хүрэх, цөмийн асуудлаарх хэлэлцээг сэргээх чиглэлээр ажилласан байна.
Мөн арваннэгдүгээр сарын 11-нд Америкийн талаас Ж.Д.Вэнс Ирантай холбоотой зэвсэгт мөргөлдөөнийг эцэслэх зорилгоор тус улсын Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Мохсен Резаитай нүүр тулан уулзах боломжийг судалж байгаа талаар мэдээлжээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр улсын хэлэлцээг сэргээхэд нээлттэй хандаж, энэ чиглэлээр ажиллах эрхийг Вэнст олгосон гэж мэдэгдсэн байна.
Харин Ираны талаас уг мэдээллийг няцаажээ. Мохсен Резаи Ж.Д.Вэнстэй уулзахаар төлөвлөсөн гэх мэдээллийг “худал, огт үндэслэлгүй” хэмээн мэдэгдсэн байна.
Ийнхүү АНУ, Ираны хооронд дипломат яриа хэлэлцээг үргэлжлүүлэх боломжийн талаар мэдээлэл гарч байсан ч Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хэлэлцээр байгуулах шаардлагагүй хэмээн мэдэгдсэн нь Вашингтоны цаашдын байр суурийн талаар анхаарал татаж байна.
Г.Бямба
Баасан - 11 сарын 13,
2026
Сэтгэгдэл0