sonin.mn

Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И арваннэгдүгээр сарын 11-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярьж, хоёр улсын харилцаа, төрийн тэргүүн нарын уулзалт болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Хятадын талын мэдээлснээр, утасны яриа эерэг, бүтээлч уур амьсгалд болсон байна.

Ван И ярианы үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпиний өнгөрсөн есдүгээр сард АНУ-д хийсэн айлчлал амжилттай болсныг онцолжээ. Тэрбээр хоёр улсын төрийн тэргүүн нар Хятад, Америкийн харилцааг шинэ түвшинд гаргах, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал нэгдсэн нь хоёр талын харилцааны цаашдын хөгжилд стратегийн чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэсэн байна.


Мөн Хятад, Америкийн харилцаанд бий болсон тогтвортой хөгжлийн өнөөгийн хандлага амар хялбар бүрдээгүй бөгөөд энэ нь хоёр их гүрэн өөрсдийн болон нийтлэг ашиг сонирхлыг харгалзан гаргасан оновчтой сонголтын үр дүн гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.


Ван И Хятадын АНУ-д чиглэсэн гадаад бодлого тогтвортой, залгамж чанартай хэвээр байгааг онцлоод, хоёр улсын харилцаа холбоо, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.


Түүнчлэн талуудын хооронд үүсэж буй санал зөрөлдөөн, эмзэг асуудлуудыг харилцан хүндэтгэлтэй, зохистой арга замаар шийдвэрлэх нь чухал болохыг тэмдэглэжээ.


Хятадын тал 2026 оны Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын удирдагчдын албан бус уулзалт болон Их хорийн бүлэг (G20)-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулахад харилцан дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн хоёр улсын харилцааг бүтээлч, стратегийн хувьд тогтвортой хөгжүүлж, төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгохын төлөө АНУ-тай хамтран ажиллахад бэлэн байгааг Ван И онцолжээ.


Г.Бямба