sonin.mn

Дэлхийн хиймэл оюун ухааны салбарын тэргүүлэгч компаниудын нэг NVIDIA-г үүсгэн байгуулагч Женсен Хуан гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорлоо. Түүний хувийн харилцаатай холбоотой мэдээлэл, үндэсний аюулгүй байдлын асуудлаарх маргаан дэгдээд байсан үед ийнхүү албан тушаалаа орхисон нь олон улсын технологийн салбарын анхаарлыг татаж байна.


NVIDIA компани арваннэгдүгээр сарын 12-нд албан ёсны мэдэгдэл гаргаж, Женсен Хуан компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний албан тушаалаас нэн даруй чөлөөлөгдсөнийг зарлав.


Түүний оронд тус компанийн санхүү хариуцсан захирал Колетт Крессийг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Кресс нь 2013 оноос NVIDIA-д ажиллаж байгаа бөгөөд байнгын гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах хүртэл санхүү хариуцсан захирлын үүргээ давхар гүйцэтгэх юм.

Мөн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн анхны даргаар Харви Жонсыг томилсон байна. NVIDIA-ийн удирдлага шинэ гүйцэтгэх захирлыг компанийн дотоод болон гадаад нэр дэвшигчдээс сонгон шалгаруулахаар болжээ.


Женсен Хуан албан тушаалаасаа огцрохоос өмнө түүний хувийн харилцаатай холбоотой мэдээллүүд олон улсын хэвлэлүүдээр цацагдсан юм. Тухайлбал, түүнийг Хятадын тагнуулын байгууллагатай холбоотой байж болзошгүй хэмээн АНУ-ын эрх баригчдын сэжиглэж буй бизнес эрхлэгч эмэгтэйтэй дотно харилцаатай байсан гэх мэдээлэл гарчээ. Мөн NVIDIA-ийн удирдах албан тушаалтантай холбоотой өөр нэг хувийн харилцааны асуудал хэвлэлүүдээр мэдээлэгдсэн байна.


Эдгээр мэдээллийн дараа NVIDIA-ийн Төлөөлөн удирдах зөвлөл үндэсний аюулгүй байдал болон компанийн мэдээллийн хамгаалалттай холбоотой эрсдэл үүссэн эсэхийг тогтоох зорилгоор хараат бус шалгалт эхлүүлжээ. Гэхдээ NVIDIA компани Женсен Хуаны огцрох болсон шалтгааныг албан ёсоор тодорхой тайлбарлаагүй байна.


Тус компани мэдэгдэлдээ Женсен Хуаны NVIDIA болон технологийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, талархал илэрхийлжээ.


Тайваньд төрсөн, өдгөө 63 настай Женсен Хуан 1993 онд NVIDIA-г хамтран байгуулж, 33 жилийн турш удирдсан юм. Түүний удирдлага дор тус компани график процессор үйлдвэрлэгчээс хиймэл оюун ухааны тооцоолол, дата төвийн технологийн дэлхийн тэргүүлэгчдийн нэг болон өргөжсөн билээ.


NVIDIA-ийн үйлдвэрлэдэг өндөр хүчин чадалтай чипүүд нь ChatGPT зэрэг хиймэл оюун ухааны системийг хөгжүүлэхэд ашиглагддаг бөгөөд тус компани АНУ, Хятадын технологийн өрсөлдөөний стратегийн чухал оролцогч болоод байгаа юм.

Женсен Хуаны огцорсон тухай мэдээллийн дараа NVIDIA-ийн хувьцааны ханш буурч, хөрөнгө оруулагчдын дунд компанийн цаашдын удирдлага, хиймэл оюун ухааны салбар дахь байр суурийн талаар болгоомжлол үүсжээ.

Харин NVIDIA-ийн шинэ удирдлага компанийн өдөр тутмын үйл ажиллагаа, хэрэглэгчдийн өмнө хүлээсэн үүрэг болон технологийн хөгжлийн төлөвлөгөө хэвийн үргэлжилнэ гэдгийг мэдэгдсэн байна.


Г.Бямба