Элбэгдорж Ринчиног Нармай Монгол хөдөлгөөний гол үзэл сурталч гэж үздэг. Эртний Монголын төрийг үндэсний хүрээнд дахин сэргээхийг тэр хүсэж байсан юм. Халх Монголоор төвөө хийсэн өмнөд монголчууд, буриад монголчууд, халимагууд, Тува, Шиньжааны монголчууд нь Халх Монголыг тойрон хүрээлж жинхэнэ бие даасан тусгаар Монгол улс байгуулах Цэвээн Жамсраногийн санааг үргэлжлүүлэн хөгжүүлсэн хүн бол Ринчино.
Гэхдээ Ринчиногийн үзэл санаа Зөвлөлт Оросын зүгээс дэмжлэг олоогүй төдийгүй хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Тэрээр “Хятадын хувьсгалтай холбогдуулан Монголын үндэсний онцлогийн хөндөх нь” хэмээх томоохон өгүүлэл бичиж хэвлүүлсэн нь улс төржсөн маш том эсэргүүцэлтэй тулгарсан.
Шүүмжлэл эхлээд бүх монголчуудыг нэгтгэх санаа бол бодит байдал дээр огц бололцоогүй хоосон уриа лоозон гэж байсан бол үргэлжлүүлэн улам улс төрийн өнгө будагтай болж, марксизмын эсрэг, ангийн тэмцлийн эсрэг, үндсэрхэг зэргээр буруутгах болсон. Буриад Монголын автономийн намын дарга Мехей Ербанов Социалист Буриад Монголын 10 жилийн ойн хуралд тавьсан илтгэлдээ Буриадын сэхээтнүүдийг хөрөнгөтний үндсэрхэг үзэл рүү хэт хэлбийж байгааг хурцаар шүүмжлээд үүндээ Ринчиног нэр заан буруутгасан. Намаас өгч буй буруутгасан дүгнэлт бол хуулиас өгч буй яллах шийтгэлээс ч хатуу зүйл байсан юм, тэр үед. Монгол үндэстэн урт удаан хугацааны дүнд олон хуваагдсан, гадаад орны колони болон вассалын байдлаар хэдэн зуун жил болж цөхөрсөн ард түмэн болсон байв. Чухам он цагийн тийм тохирооны үед Ринчин нармай монголын үзэл санаагаа дэлгэж, тэрийгээ хэрэгжүүлэх гэж тэмцсэн нь нийт монгол үндэстэнд хэдийгээр бодитоор биелэх боломж тун тааруу ч гэсэн үндэсний оршин тогтнох шинэ итгэл найдварыг сэрээсэн юм. Түүний капиталист нийгмийг алгасах хөгжлийн замын онол нь магадгүй монгол үндэстнийг нэгтгэх нармай монгол үзэл бодлоо амьдралд хэрэгжүүлэх арга бааш ч байсан байх.
Элбэгдорж Ринчино эзэнт гүрнүүдэд тасдан хуваагдсан нэгэн үндэстний хувь заяагаар дамжин түүхэнд орж иржээ. Буриадууд Оросын эрхшээлд, халхчууд Орос, Хятадын завсар, өвөр монголчууд Хятадын захиргаанд, халимагууд алс өрнөдөд амьдарч байв.
Тэднийг захирч байсан төрүүдийн нүдэнд эдгээр нь тус тусын хил хязгаарт захирагдах, өөр хоорондоо хамааралгүй хүн ам байлаа. Харин Ринчиногийн хувьд тэд нэгэн монгол үндэстний салаа мөчир хэвээр байв. Энэ итгэл үнэмшил түүнийг нэгэн зэрэг монгол үндэсний үзэлтэн, большевик хувьсгалч болгожээ. Тэр монголчуудыг олон улсын пролетари дотор уусгахын тулд хувьсгалд нэгдээгүй юм. Харин хувьсгал монголчуудын улс төрийн ирээдүйг сэргээхэд шаардагдах хүч, инстүүц, цэргийн хамгаалалтыг өгч чадна гэж итгэсэн хэрэг. Большевизм бол хэрэгсэл, Нармай Монгол бол түүний хүрэх газар байлаа. Энэ хоёрын холбоо Ринчиног урьд өмнөх Нармай Монголын ямар ч төсөл хүрч байгаагүй өндөрлөгт аваачив. Тэр Буриадын автономийг байгуулахад оролцож, Монгол Ардын Намыг төрүүлсэн улс төрийн механизмыг зохион байгуулж, Зөвлөлт Орос болон Коминтерний дэмжлэгийг олж, хилийн чанадад арми байгуулан, ялсан хувьсгалтай хамт Хүрээнд орж ирж, шинэ Монголын эрх мэдлийн оргилд гарсан юм. Тэр шинэ төр, нам, Цэргийн зөвлөл, бүгд найрамдах улсын анхны Үндсэн хуулийг бүтээлцэв. Тэр бүтээгч бас сүйтгэгч, идеалист бас улс төрийн тооцоотой тоглогч, хувьсгалын зарц атлаа үндэстэндээ итгэгч байлаа.
Эзэнт гүрнүүдийн хуваагдлын эсрэг тэмцсэн тэр хүн санал зөрөлдөөнийг хуйвалдаан, өрсөлдөгчийг цогцос болгодог улс төрийн машиныг өөрийн гараар бас угсралцжээ.
Ринчиногийн эмгэнэл ч үндэстнээ нэгтгэх гэж хувьсгалын машин угсралцсан хүн эцэст нь тэр машиндаа өөрөө залгиулсан. Тэрээр Бодоо, Данзан нарыг хөнөөсөн механизмыг бий болгоход тусалсан. Яг тэр механизм нь түүнийг Монголоос зайлуулж, үндэсний санааг нь эрүүгийн хэрэг болгон хувиргаж, Эрхүүд буудан хөнөөсөн. Ринчиногийн алдаа Москвагийн хүчийг буруу ойлгосонд байсангүй. Тэр хүчийг ашиглаж чадахаар хэмжээнд хангалттай сайн ойлгож байв. Харин өөрийнх нь зорилго Москвагийн зорилгоос зөрсөн хойно ч тэр хүчийг ашигласаар байж болно гэж итгэсэн нь түүний алдаа байлаа. Хуучин эзэнт гүрний дэг журмыг нураахад хэрэг болж байсан цагт Москва Нармай Монголын үзлийг дэмжсэн. Харин өнөөх үзэл нь Хятадын талаар баримтлах Зөвлөлтийн бодлогод саад болж, Зөвлөлтийн хяналтаас ангид Монголын хүчний төв бий болгох аюултай болмогц Москва түүнээс нүүр буруулав. Монголоос зайлуулагдсаныхаа дараа Ринчино хөрөнгөт бус хөгжлийн тухай номлолоо орхисон. Учир нь монгол үндэстнийг нэгтгэх үзэл санаагаа хэрэгжүүлэхийн тулд Москвагийн сонсохыг хүссэн хэлээр ярьж байжээ. Харин монгол үндэстэн хувь заяагаа өөрөө шийдэх ёстой гэсэн итгэлээ хэзээ ч орхиогүй юм. Үнэндээ хэзээ ч түүнийх байгаагүй сургаал эзнээсээ урт насалж, Монголын төрийн догма болов. Гэтэл үнэхээр түүнийх байсан үзэл эх орноосоо урвасны нотолгоо болж хувирчээ.
1937 оны долоодугаар сард Ринчиног их сургуулийнх нь ажлын ширээн дээрээс баривчлав. Жилийн дараа Зөвлөлтийн цэргийн шүүх Нармай Монголын хувьсгалчийг анхнаасаа Японы тагнуул байсан хэмээн зарлажээ.
Түүнийг 1938 оны зургаадугаар сарын 23-нд Эрхүүд буудан хороов. Төр засаг түүний амийг хөнөөгөөд зогссонгүй. Амьдралынх нь утга учрыг цоо шинээр зохиож бичихийг оролдсон юм. 1957 онд нөгөө төр нь Ринчиног ямар ч гэмт хэрэг үйлдээгүй хэмээн цагаатгав. Цагаатгал цаасан дээрх ялыг хүчингүй болгож чадна. Харин алдагдсан хорин жилийг эргүүлэн авчирч, сүйрсэн гэр бүлийг бүтэн болгож, Буриадын сэхээтнийг сэргээн босгож, эв нэгдэл нь түүний улс төрийн амьдралын гол утга байсан ард түмнийг дахин нэгтгэж чадахгүй. Гэвч түүнийг арчин хаях гэсэн оролдлого бүтсэнгүй. Өдгөө төрсөн нутаг Хялганад нь Ринчиногийн цээж баримал “сүндэрлэж”, тосгоны сургууль дурсгалыг нь хадгалсаар байна. Тэрбайтугай Буриадын нийслэл Улаан-Үд хотын нэгэн талбайг Ринчиногийн нэрэмжит болгохтой шахсан. Түүний төсөөлсөн монгол ертөнц хэзээ ч бий болоогүй. Гэвч түүнийг хөтөлж явсан асуулт өнөө хэр алга болсонгүй, сөхөгдсөөр л. Эргэн тойрны төр бүр тэднийг улам жижиг болгон, үндэстнийх нь хувьд мартуулах гэж хичээж байхад, хуваагдсаар байгаа ард түмэн нэг үндэстэн хэвээр үлдэж чадах уу? Ринчино энэ асуултад хувьсгал хариулна гэдэгт итгэжээ. Гэтэл хувьсгал асуултад нь биш, өөрт нь хариу өгсөн юм. Хувьсгалын илд урт ажээ.
Баабар 2026. 08. 13
Даваа - 08 сарын 17,
2026
Сэтгэгдэл5
Баабар зөв дүгнэжээ!!
S Zorigiig alsan hun hen ve???
Batuul Baabar
Mongol zugeer amidarch boldog yum
Mongol shuteen Tuan queen altan pussy you blood ban.Seriously fk you .Leave me alone