Дэлхий дээрх дээдийн дээд, хосгүй гайхамшиг бол хэний ч сайн мэдэх ус юм. Уснаас илүү гарах, энгийн атлаа гайхамшигт зүйлийг орчин үеийн шинжлэх ухаан мэдэхгүй. Харин их нууцгай, танихад хэцүү зүйлс гэвэл олон байгаа. Байрлал, барьц, дүрс, цаг хугацаа, орон зайн тодорхойгүй эгэл бөөмсөөс эхлээд л ер нь л олон доо. Физикчдийг мухардалд оруулдаг үзэгдэл ч олон. Супер нэгдлийн онол буй эсэхийг эрж, бас маргалдсаар тэд тун ч удаж байгаа...
Усны гайхамшигт шинж бол түүний амьд биетийн, амьдралын ээж нь, бас эцэг нь болдогт оршдог. Амьд биетийн биений 70-90 хувь нь ус. Ус үүссэнээр л амьдрал үүссэн. Ус байгаа болохоор л амьд биет байгаа юм.
Усгүй орчинд амьд биет, амьтан байдаггүй. Хорвоогийн хамгийн том амьтан усан дотор амьдардаг. Хамгийн урт настай нь ч мөн л усан дотор, эргээд залуужих чадвартай нь ч усан дотор, шил шиг тунгалаг биетэй нь ч усан дотор байдаг. Усан дотор анх үүссэн амьд биет л хувьсан хувьссаар хүн болжээ. Газар сайгүй л байдаг энгийн бодис болох ус, нарны илч дулаан, бусад олон минераль нэгдэж, найрсаж байж л амьд биет, түүний өсөх, үржих чадварыг буй болгожээ. Манай галактикийн бусад эрхсээс амьдрал, амьд амьтан эрвэл ус л эрэх болдог. Устай байвал бид ч тийшээ очихыг санаархдаг. Гэхдээ замдаа хэрэглэх устай бол л бид хүрэлцэн очиж чадна шүү дээ. Яваад очиход ус байвал л бид тэнд суурьшиж болох байх. Бид хаашаа ч хөдөлсөн ус л хэрэгтэй... Ус ууршиж манан, үүл болж дэгдээд, агаарт хуримтлагдаж, хөрөөд бороо, цас болдгийг таньж мэдээгүй үедээ хүмүүс ус чийгийг бурхад л тэнгэрээс түгээж байна хэмээн ойлгож байв.
Иймэрхүү сэтгэлгээ л тэнгэрт амьдардаг бурхдын талаарх шашны сургаал, номлол төрөх үндэс болсон байх. Тэгээд дорхноо л диваажин, бурхдын орон, там гэх мэт нь зохиомжлогдсон болов уу. Иймэрхүү зүйлүүдийг өөрсдөө зохиогоод, тэдгээртээ итгэж амьдарч ирсэн нь инээдэмтэй, бас өрөвдөлтэй.
Ер нь хүний төрөх, нялх үе, бага нас, залуу нас, өтөл нас, үхэл бүгд л тус бүрдээ элдэв домог, үлгэр, мухар сүсэг, шашны номлол мэттэй холбогдож байдаг. Хүний биеийг бүтээдэг үндсэн материал бол ус, хүнийг эрүүл амьдруулдаг үндсэн материал бол мөн л ус. Хүн бие дэх усныхаа 10 хувиас илүүг алдвал ухаан алдана. Ус бага хэрэглэснээс хүний дотор эрхтний хаана нь ч чулуу үүсэж болно (цөс, бөөр, давсаг г.м), энэ нь үхлийн шалтгаан болох нь ч буй. Ус үгүй бол цус ч үгүй. Хүний дотоод, гадаад бүх эрхтэнг бүх амьдралын туршид ус л угааж, цэвэрлэж, бохир бүхнийг, хэрэггүй бүхнийг биенээс зайлуулж байдаг. Ус (цус) л хүний бүх эрхтэнд тэжээл зөөж хүргэдэг. Ус, хөрс, агаар гурав байвал нарны илч “мөнхөд” байдаг зүйл. Энэ гурваа хадгалах, тордох, ашиглах, хамгаалахад л аль ч улс орон байнгад санаа тавих ёстой. Энэ гурвын чанарыг нь алдуулчих аваас амьтан, ургамал, хүмүүс наанадаж хордоно, өвчилнө, цаанадаж мөхөх, устах болно. Алтыг олборлоод зарчихаж болох хэдий ч усаа Монголдоо л үлдээе, боломжоороо нөөцлөе! Асар их цэнгэг ус бороо, цас болон ирсээр л байна. Бид тун ихэнхийг нь улсын хилээр гаргаж алдсаар л байна.
Хиймэл нуур, цөөрөм, усан сан байгуулахын төлөө засаг захиргааны нэгж бүхэн идэвх, санаачилга гаргах хэрэгтэй. Усыг орлох бодис байдаггүй. Харин алтыг орлох металл бол байгаа. “Алттай хүн усгүй бол үхнэ, харин устай хүн алтгүйгээр амьдарна” гэсэн үг буй.
Хорвоо ертөнцөд устай, үржил шимт хөрстэй гариг, дэлхий олон байгаа, тэднийг өөр өөрсдийн нь нар ивээж, халааж ч байгаа. Ингэхлээр амьд биет, амьдрал үүсэх, хувьсах боломж, нөхцөл ховор зүйл биш юм. Тэдний зарим дээр бид хүрэлцэн очиж болно. Тэд ч бидэн дээр ирж чадах байх. Ингэхлээр бид “худгийн мэлхий” мэт аашилж, байгаа бүхнээ булаацалдаж, бусдаас өрсөж өмчлөх гэж тэмцэлдэж байгаа нь ичгүүртэй үйлдэл юм. Ядаж л нарныхаа системийн гаригууд дээр очих хэрэгтэй. Сараа ч мөн ашиглах нь зөв. Хүн төрөлхтөн тоо, хэмжээгээ ч хянах, зохицуулах ёстой. “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэх үг нийт хүн төрөлхтөнд ч хамаатай, улс орон нэг бүрд ч хамаатай. Цэнгэг усны нөөцөд зохисгүй хандаж байгаа аль ч улс орны гэм бурууг НҮБ-ын холбогдох нэгж нийтэд мэдээлж, засаж залруулдаг, алдааг нь ойлгуулдаг байх ёстой. Аль ч улс оронд байсан гэсэн цэнгэг усны нөөц нь нийт хүн төрөлхтний л нөөц, баялаг шүү дээ. Төв Азийн усны хагалбар болохынхоо хувьд цэнгэг усны их нөөцийг буй болгох нөхцөл Монголд маань байгаа юм. Энэ боломжийг ойлгох, ашиглах ухаан, сүйхээчлэл төр засагт маань байна уу, үгүй юу? Ийм арга хэмжээг хичнээн л эрт эхэлбэл төчнөөн л их усны эзэд нь монголчууд болно биз дээ. 4 их далайн усны түвшин (ерөнхий хэмжээ нь) ихсээд байхад энэ хүн юу ярина вэ? хэмээж энэ талын мэдлэггүй зарим нь гайхдаг юм.
Далайн усыг нэрж, цэнгэгжүүлж ууна гэдэг бол их зардалтай, хэцүү ажил. Ийм ажлын эхлэл байгаа. Гэхдээ 8 тэрбум хүнийг ийм аргаар цэнгэг усаар хангаж чадахгүй. Ийм дээрээ тулбал литр ус хамгийн их үнэтэй хүнс, ундаа болох байх. Бага цалин, орлоготой айл өрх олсноо бүгдийг нь усанд өгөхөд хүрнэ.
Цас, борооны тоо, хэмжээ, хүч ихсэх нь нэг талаас аюул, нөгөө талаас боломж юм. Ус ганцхүү уруугаа урсдаг, усны замууд бол хүний хувьд мөнхийн гэдгийг тооцож суурьших, барилга барих, зам тавих ёстой. Нийслэлд маань гэхэд л бүр үерийн замд, гол горхийн эрэгт хэт ойрхон баригдсан хашаа, байшин, сууц байсаар, баригдсаар л байна. Тэр бүхний эздэд усны аюулын талаарх шинжлэх ухааны үнэн мэдлэг ч алга, гал, усны аюулаас сэргийлж байхыг сануулдаг өвгөдийн маань практик, холч ухаан ч алга. Хатан Туул гол маань эргээсээ хэдэн ч зуун метр хааш хаашаа хальж болохоор байгаль-цаг уурын нөхцөл бүрдчихээд байна шүү дээ! Уул нь холын хараа, холч ухаанаар монголчууд ер дутаж байгаагүй билээ. Ямар цаг ирчихлээр иргэд маань ийм гэнэхэн, тэнэгхэн, томоогүй, тооцоогүй болчихдог байна аа? Уулсын бэлүүдийг хавцал, өргөн гүн жалга болтол нь олон зуун мянган жил үерлэн, ухан, халин хүрхрэн урссан замыг хаах, боох нь байж боломгүй үйлдэл, аюул дагуулсан үйлдэл, байгалийн талаар мэдлэг муутай хүмүүсийн үйлдэл юм.
Гол нэг бүртэй, нуур нэг бүртэй, горхи, булаг нэг бүртэй зөв харьцаж сурмаар байна. Жалга нэг бүрийн үүрэг, ач холбогдлыг ямагт л тооцож, үр дагаврыг нь урьдчилан мэдэж байх учиртай. Жалга бүр л усны зам, цаашдаа бүр ч их гүнзгий болох байх. Урсах ус нь ч их, бас хүчтэй болсоор байгаа билээ.
Товчхон хэлэх аваас хүний амьдрал, эрүүл мэнд, жаргал цэнгэл, аюул осол, амь нас бүгд л уснаас хамааралтай. Энэ дэлхийн хувьд, бүх амьтны хувьд усны гүйцэтгэдэг үүрэг тун ч их, тун ч олон талтай, орлуулах бодис ч байхгүй. Усан тээвэр, усан цахилгаан станц, гадаад их далайд үнэ төлбөргүй агнадаг загас тэргүүтэн амьтад бүгд хямд, ихэнх нь бүр үнэгүй. Далайн гаралтай бүтээгдэхүүн мөн ч олон хүнийг тэжээж буй. Хүсэл бүхнийг биелүүлэгч чандмань эрдэнэ буй хэмээцгээж ирсэн. Гэхдээ эцэс сүүлдээ “ус бол чандмань эрдэнэ” гэдэг болсон. Одоогоор өөр чандмань олдоогүй, олдох ч үгүй л болов уу. Усны үнэ цэнийг хүмүүс ихэнхдээ л ойлгож байсангүй. “Хар усыг харамладаггүй. Ус, цас шиг л их байна, элбэг байна” гэхчлэн ярьдаг байлаа. Цэнгэг усны маш том нөөц болсон нууруудаа ч бараг л хэрэгсдэггүй байв. Таван эрдэнэ, есөн эрдэнэ гэх дээдлэл монголчуудад буй. Тэднийгээ ч өвөг дээдэс маань унаган нутгаасаа л гардан авчээ. Өндөр уулсаасаа хонь, ямаагаа (аргаль, янгир), өргөн их тал нутгаасаа адуугаа (тахь), өмнийн их говиосоо тэмээгээ (хавтгай) мөнхийн баялаг, хүнс тэжээл, уналга, ачлага, биендээ хувцас, гэр орондоо дулаан бүрээс болгон хүлээн аваад өнөөдрийг хүртэл эзэн нь гэгдсээр яваа билээ. Мөн мөнх цастай, мөсөн голтой уул нуруудыг байгаль бидэнд бэлэглэжээ. Тэдгээр нь цэнгэг усны арвин их нөөц, сан хөмрөг. Монголчууд эдгээр эрдэнэсдээ уягдаж наад зах нь 10 мянга гаруй жил аж төрж ирлээ. Хүн, мал бүгд л усандаа л уягдсан нь энэ шүү дээ... Усан аргамжаа гэж... Алтыг ч гэсэн усаар л угааж олборлодог билээ.
Судлаач, проф Д.Чулуунжав
Пүрэв - 08 сарын 13,
2026
Сэтгэгдэл1
Алт бол амьдралын баталгаа биш, ус бол амьдралын баталгаа. Алтгүйгээр хүмүүс амьдарч чадна оршин тогтнож чадна, харин хүмүүс усгүйгээр амьдарч чадахгүй оршин тогтнож чадахгүй. Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй юугаар ч орлуулашгүй ус хэмээх баялагаа үнэгүйдүүлж алтыг үнэлж байгаа нь хамгийн харамсалтай. Хоёр гариг байлаа гэж бодьё. Нэг гариг нь хөрсөн доороо асар их алт алмаз нүүрс зэс газрын тос гээд янз бүрийн баялаг ховор металууд асар их байгаа ч тэр гариг дээр ус гол нуур далай ойн мод ногоон байгаль байхгүй бол хүмүүс ан амьтад тэр гариг дээр амьдарч чадахгүй оршин тогтнож чадахгүй. Харин нөгөө нэг гариг нь хөрсөн доороо ямар ч баялаг ховор металгүй ч асар их ус гол горхи нуур далай ойн мод ногоон байгальтай бол тэр гариг дээр хүмүүс ан амьтад амьдарч чадна оршин тогтнож чадна.