sonin.mn

Коп-17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. Харамсалтай нь хурлын бэлтгэл ажил зуун задгай шахуу, наадмынхаа өмнөх өглөө нээлтийн ёслолоо аанай л бэлдэж суудаг сумын наадмын түвшинд л яваа нь хэн бүхний өмнө ил болжээ. Коп-17 бага хурлын тухай анхны албан ёсны хэвлэлийн бага хурал гэхэд л хэрүүл, хулгай тойрсон сэдвээр эхэлж байв.


Тодруулбал нэр бүхий хэсэг зальт этгээдүүд өөртөө ямар ч хамааралгүй хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн нэрийг барин, сурталчилгаа хийх нэрийдлээр олон тооны гэрээ байгуулсан нь ил болсон.


Залилангийн гэмт хэргийн шинжийг ч агуулсан байж мэдэх эдгээр үйлдлийг хариуцлагыг тухайн зальт этгээдүүдээс гадна төр төлөөлөн гэрээ байгуулж, гарын үсэг зурсан албан тушаалтнууд ч давхар хариуцах учиртай. Нөгөөтэйгүүр зохион байгуулалтын асуудал ч эмх цэгц муутай байна. Хэдхэн хоногийн өмнө НИТХ-ын төлөөлөгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Ү.Оюунзул НИТХ-ын хуралдаан дээр: "Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд онгоц буулгах талбай хийнэ, "Хаалгаа нээ" гээд Иргэний нисэхээс хүмүүс ирж байна, энэ одоо юу болоод байна вэ. Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр дээр дахин цемент цутгуулмааргүй байна" хэмээн мэдэгдэж, Нийслэлийн Ерөнхий Архитектур нь "Харин ээ. Иргэний нисэхийн Ерөнхий Газрынхнаас асууя" гэж хариулаад сууж байв.


Энэ бүхний цаана үйл ажиллагааны холболт, менежмэнт дутагдсан гэдэг нь илэрхий.


Коп-17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд улсын төсвөөс 267 тэрбум төгрөг зарцуулж буй гэх. Энэ мөнгө оновчтой зарцуулсан эсэхийг хожим нь тогтоож, үнэн мөнийг олох биз. Бэлтгэл ажил зуун задгай гэдгийн тухайд бас нэг зүйл. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва өчигдөр "COP17"-ын хурлын талбайд ажиллаж, нийслэлээс зарласан ажлуудыг гүйцэтгэж буй шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын явц болон захиалагчийн хяналтыг шалгах үеэрээ ногоон байгууламжийн өнгө үзэмж, орчны тохижилтыг сайжруулахыг чиглэл болгож байх юм.


Сайн зүйлийг сайжруулна гэж үгүй. Тэгэхээр орчны тохижилт ч одоо хүртэл цэгцрээгүй болж таарч байна.


Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэлийг хангах үндэсний хорооны даргаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир ажиллаж буй. Мэдээж салбарын сайдын ажил их, анхаарах асуудал олон. Иймээс ч СОР 17 хурлын бэлтгэлийг хангах үндэсний хорооны дэд даргаар Байгаль Орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд Сайд Б.Мөнхтамирыг томилсон хэрэг.Өөрөөр хэлбэл энэ бол түүнд Монгол төрөөс өгсөн чухал үүрэг даалгавар байсан гэхэд болно. Эргэн сануулахад Б.Мөнхтамир нь "МИАТ" ТӨХК-ы гүйцэтгэх захирлаас чөлөлөгдөх үедээ "улс төрийн карьераа хөөнө" хэмээн мэдэгдэж байв. Гэвч Монгол төрийн өгсөн үүрэг, даалгаврыг маш тааруу биелүүлж буйгаас харахад түүний улс төрийн карьерийн ирээдүйд эргэлзэх сэтгэл төрөх ажээ.


Э.Солонго