sonin.mn

Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт 2026 оны 7-р сарын 30, 31- ний өдрүүдэд Улаанбаатар хотод Гадаад харилцааны яаманд болж би энэ ажиллагаанд оролцлоо. Энэхүү уулзалтад хилийн чанад дахь монгол иргэдийн нийгмийн асуудал, Монгол улсын Диаспорагийн чиг хандлага, хилийн чанад дахь хэл, соёл, боловсрол, урлаг, спорт, оюутан залуучуудын асуудлыг ярьж хэлэлцүүлэг хийв. Их ч ажлыг эхлүүлжээ.


Одооны байдлаар хилийн чанадад буюу дэлхийн 76 улс оронд Монгол улсын 300 000 орчим иргэн ажиллаж амьдарч эх орондоо буюу Монгол улсад нэг жилд 2.0 тэрбум ам.долларыг оруулдаг ажээ. Эдгээр монгол иргэдийн 80 000 нь оюутнууд юм байна. 


Ер нь "Диаспора" гэдэг ойлголт бол үндэстний болон гарал үүслийн хувьд адил ижилхэн боловч түүх, эдийн засгийн болон бусад олон шалтгааны улмаас эх нутагтаа амьдарч чадахгүй байгаа олон хүмүүсийг хэлдэг ажээ. Иймд би энэхүү уулзалтад оролцож санал хэлэхдээ –“Зөвхөн хилийн чанадад амьдарч ажилладаг Монгол улсын иргэний тухай ярихаас гадна цаашид гадаадад төрж өссөн, хэд хэдэн үеэрээ гадаадад амьдарч ирсэн монгол үндэстэн, монгол гаралтай хүмүүсийн тухай ярих нь зүйтэй" гэсэн санал гаргаж гадаадад амьдардаг монгол угсаатан хүнд монгол үндэстний карт олгох, Монгол улсын Харьяатын хуулийг өөрчилж шинэчлэх талаар ярив. Энэхүү уулзалтын дараа би уг асуудлаар яаралтай нийтлэл бичих хэрэгтэй юм байна хэмээн бодож энэхүү товч нийтлэлийг бичлээ. Монгол улс 70 жилийн коммунизмын дарангуйллаас чөлөөлөгдөж эрх чөлөөт ардчилсан Монгол улс болсны дараа 35 жилийн хугацаанд гадаадад амьдардаг монгол туургатныхөө төлөө юү хийж ямар хууль тогтоомж гаргасан билээ? 


Монгол улсын парламент сүүлийн 35 жилд нийтдээ 7292 хууль батлан гаргажээ. Харин гадаадад амьдардаг монгол үндэстнээ хамгаалж өмгөөлсөн, Монгол улсад ажиллаж амьдрах эрхийг нь зөвшөөрсөн хууль тогтоомж ганцыг ч гаргаагүй байна.


Сүүлийн зуун жилд монгол төр гадаадад амьдардаг монгол үндэстнээ өмгөөлөн хамгаалах бус, харин тэдний монгол эх орондоо ирж амьдрах ажиллах эрхийг нь хааж боогдуулж амь насыг хөнөөж байсан харгис хэрцгий жишээ олон гарсан байна. Харин Богд хаант монгол төр 1911-1919 оны хооронд оршиж байхдаа Монгол улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэхээр ирсөн өвөр монголын ноёдыг хүлээн авч төрийн өндөр албан тушаалд томилох, цэргийн албанд томилох зэргээр дэмжиж, Монгол улсад амьдрахаар ирсэн монгол үндэстэн төдийгүй, Шинжаан Уйгураас дүрвэж ирсэн казах иргэдэд Монгол улсын газар нутагт амьдрах эрх өгч байлаа. Харин 1921 онд улаантны харгис засаг Монголд тогтсоноос хойш гадаадад амьдардаг монгол үндэстнээ хавчин гадуурхах бодлого явуулж эхэлсэн байна. Өнгөрсөн зууны хорь, гучаад онуудад Зөвлөлт улсад болсон улаантнуудын аллаганаас зугатааж Монголд ирсэн олон мянган буриад монгол хүмүүсийг Чойбалсангийн харгис засаг олноор нь буудан хөнөөж байлаа. Өнгөрсөн зууны гучаад онуудад Богд хаант Монгол улсын цэргийн жанжин, монголын тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч Манлайбаатар, барга монгол Ж.Дамдинсүрэнгийн ууган хүү Долсонг 1936 онд Чойбалсангийн тушаалаар буудан хөнөөв, удаах хүү Д.Дампилийг 1938 онд 10 жилээр шоронд хорьж, отгон хүү Д.Уртнасанг 1938 онд буудан хөнөөжээ. Өнгөрсөн зууны жараад онуудад Хятадад болсон соёлын хувьсгалаас зугатаан ирсэн олон мянган өвөр монгол хүмүүсийг заримыг нь Хятадад буцаан өгч заримыг нь 30 жил хүртэл хүнд суртал гарган хүлээлгэж монголын иргэний паспорт өгөхгүй зөвхөн оршиж байгаа газраасаа 50 км-ын дотор амьдрах хатуу заалттай цагаан цаас өгч өвөр монгол хүмүүсийг “хятадын тагнуул, хужаа” хэмээн доромжилж байлаа.


Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч алтан ургийн удам Дэмчигдонров ванг монголын улаантнууд Монголд хууран авчирч шоронд хийж Хятадад буцаан өгч байлаа. Дэ вангийн ууган хүү Дугарсүрэнг 1950 онд Чойбалсангийн тушаалаар буудан хөнөөж байв.


Энэ мэтээр Монголд ирсэн монгол үндэстнээ хавчиж гадуурхсан, хөөж туусан, харь улсад буцаан өгсөн өчнөөн жишээ байдаг бөгөөд тэр бүгдийг яривал урт түүх болно. Одоо хориннэгдүгээр зуунд орчин үеийн ардчилсан Монгол улс цаашид хэрхэн монгол үндэстнээ хамгаалж өмгөөлж хүний эрхийг нь хангах вэ гэдэг талаар ярих нь зүйтэй байна. Бусад дэлхийн орнуудын төр засаг нь гадаадад амьдардаг эх орон нэгтнээ хэрхэн өмгөөлж хамгаалдаг тухай эхлээд жаахан ярья. Нэг тэрбум 412 сая хүн амтай Хятад улс / гадаад улсад 60 сая хятад хүн амьдардаг/ 1980 онд БНХАУ-ын “Харьяатын тухай” хууль, 1990 онд “Буцаж ирсэн хятад хүн, түүний төрөл садны хүмүүсийн эрх ашиг, сонирхлыг хангах тухай” хууль баталжээ. Үр дүнд нь гадаадад амьдардаг 1 сая 800 000 хятад хүн эх орондоо буцан иржээ. Тэдний эх орондоо оруулсан хөрөнгө гэвэл хэдэн зуун тэрбум доллараар яригдана. 10.0 сая хүн амтай Израиль улс 1950 онд “Дэлхийн бусад оронд амьдардаг бүх еврей хүнд иргэншил олгох тухай” хууль гаргажээ. Энэхүү хуульд Израиль улсын эсрэг ажиллагаанд оролцсон, эрүүгийн гэмт хэрэг үйлдсэнээс бусад бүх еврей үндэстэн хүнд Израиль улсын иргэншил олгоно хэмээн заажээ. Үүний дүнд Израиль улс 1950 онд онд 1.3 сая хүн амтай байсан бол одоо 10.0 сая хүн амтай болж эдгээрийн 7.5 сая нь еврей хүн байна.Тэдний эх орондоо оруулсан хөрөнгийг яривал хэдэн зуун тэрбум доллар болно. 51.2 сая хүн амтай БНСУ / Өмнөд Солонгос / гадаадад 7.0 сая солонгос хүн амьдардаг / 1963 онд “Цагаачлалын хяналтын тухай” хууль, 1988 онд “Хилийн чанад дахь солонгос хүний тухай” хууль, 1997 онд “ Хойд Солонгосын дүрвэгчдийг хамгаалах, дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх тухай” хууль, 1997 онд БНСУ-ын “Харьяатын тухай” хууль, 2000 онд “Хилийн чанад дахь солонгос хүний цагаачлал, эрх зүйн байдлын тухай” хуулийг тус тус баталжээ. Өмнөд Солонгосын гадаад орнуудад байдаг Элчин сайдын яамд нь хэрэв гадаадад амьдардаг солонгос хүн Өмнөд Солонгосын иргэн болох хүсэлт гаргавал шууд хүлээн авч иргэн болгодог, Өмнөд Солонгост ирсэн гадаадад амьдардаг солонгос хүн Өмнөд Солонгост амьдарч ажиллахыг хүсвэд шууд хүлээн авч 3 жилийн дотор улсынхаа бүрэн эрхт иргэн болгодог ажээ.


Өмнөд Солонгост амьдрахаар ирсэн солонгос хүнд үзүүлдэг тусламж тэтгэмж дэмжлэгийг ярих юм бол бүр урт түүх болно. Үүний дүнд Өмнөд Солонгос 1955 онд 22.1 сая хүн амтай байсан бол эдүгээ 51.2 сая хүн амтай болжээ. 


20.0 сая хүн амтай Казахстан / гадаад улсуудад 4.5 сая казах амьдардаг/ 1992 онд “Цагаачлалын тухай хууль”, тус улсын Сайд нарын Зөвлөл “Казахстанд ирж буй гадаадын казах хүмүүст нийгэм эдийн засгийн хөнгөлөлт эдлүүлэх тухай” тогтоол, 1996 онд Казахстаны Ерөнхийлөгчийн зарлигаар “Казах түмнийг дэмжих тухай” төрийн хөтөлбөр, 1997 онд “ 2000 он хүртэлхи цагаачлалын бодлогын үндсэн чиглэл баримт бичгийг батлав. Казахстаны Засгийн газар 1998 онд “Казах үндэстэн иргэд түүхэн эх орондоо ирж суурьших үзэл баримтлалын тухай” тогтоолыг батлав. Казахстаны парламент 1997 онд “Хүн амын шилжилт хөдөлгөөний тухай” хууль батлав. Казахстан улс гадаадад амьдардаг казах иргэдэд зориулж “ Ата жолы”-Казахын картыг баталж энэхүү статусын дагуу гадаадад оршин суудаг казах иргэдэд урт хугацааны виз, эдийн засаг, нийгмийн хөнгөлөлт эдлэх боломжийг олгосон бөгөөд одооны иргэншлээсээ нэн даруй татгалзахыг шаарддаггүй ажээ. Үүний үр дүнд 1.0 сая казах хүн гадаадаас нүүн ирж суурьшив. Гадаадаас шилжин ирсэн казах иргэдийн орлогын албан татварын нэг жилийн улсын төсөвт төвлөрүүлдэг мөнгө нэг жилд 1 тэрбум 500 сая ам доллар болж байлаа. 1991 онд Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев дэлхийн казахуудад хандаж эх орондоо буцаж ирэхийг уриалсаны дүнд хагас сая казах хүн эх орондоо буцаж ирж байлаа.1992 онд дэлхийн бүх казахуудын Хурултай болж түүнд дэлхийн 30 орны казах үндэстний төлөөлөл оролцжээ.Үүний дүнд 1991-1999 онгд 700 мянган казах хүн иржээ. 1989 онд Казахстанд 6.5 сая казах хүн амьдардаг байсан бол дээрхи хууль тогтоомж гарсны үр дүнд 2025 он гэхэд казах хүний тоо 14.4 саяд хүрч Казахстаны хүн амын 71.3 хувийг эзэлдэг болжээ  Одоо дэлхийд гадаадад амьдардаг эх орон нэгтэндээ зориулж нэг ч хууль, нэг ч карт гаргаж байгаагүй Киргиз, Монгол гэсэн хоёрхон орон байсны нэг Киргиз улс хэрхэн энэ асуудлаар хууль тогтоомж гаргасныг дурдая.


Киргиз улс бол 7.1 сая хүн амтай / гадаадад 1.5 сая киргиз хүн амьдардаг/ , нэг хүнд ногдох ДНБ нь 2700 ам доллар болсон орон юм. Киргиз улс 2001 онд Ерөнхийлөгчийн “ Түүхэн эх орондоо эргэн ирж буй киргиз хүнд төрөөс баталгаа гаргаж өгөх тухай” зарлиг гаргав.


2007 онд Киргизийн парламент “ Эх орондоо эргэн ирж буй киргиз иргэдэд төрөөс баталгаа гаргаж өгөх тухай” хуулийг батлав, 2013 онд “Хилийн чанад дахь киргиз иргэдэд дэмжлэг үзүүлэх төрийн үндсэн бодлогын тухай” хуулийг батлав. Саяхан Киргизэд гадаадад амьдардаг киргиз хүмүүст зориулж “Мекен карт” буюу “Эх орны карт”-ыг батлав. Энэхүү карт авсан гадаадад амьдардаг киргиз хүн 10 жил Киргизэд амьдарч ажиллах эрхтэй болдог ажээ. Энэхүү Мекен картыг авахад хоёрхон нөхцлийг хангасан байхад болох ажээ. Энэ нь нэгд, Гадаад паспорттой байх хэрэгтэй. хоёрт, Гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэсэн тодорхойлолт хэрэгтэй аж. Одоо тэхлээр 35 жилийн турш энэ асуудлаар нэг ч хууль тогтоомж гаргаж байгаагүй ардчилсан Монгол улс цаашид яах вэ? Юуны түрүүнд монгол үндэстэн Жангар Тюрбеевын санаачилсан энэхүү “Монгол Үндэстний карт” хэмээх хуулийн төслийг УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны дэргэд олон улсын эрх зүйч мэргэжилтэй хуульчид оролцсон Ажлын хэсэг яаралтай байгуулж төслийг эцэслэн гаргах нь зүйтэй болов уу. Учир нь Хууль зүйн Байнгын хороо бол Хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа, Цагаачлал болон иргэний харьяатын асуудал хариуцдаг юм. Ингээд уг төслийг УИХ-ын хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж нэн яаралтай батлах хэрэгтэй байна. Бусад орны удирдагчид жишээлвэл Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Жонхи, Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев, Киргизийн ерөнхийлөгч Жапаров нар гадаадад амьдардаг эх орон нэгтнээ эх оронд нь буцаан ирүүлэх, нутагтаа эргэн ирж амьдарч ажиллахад нь дэмжлэг үзүүлэх талаар өөрсдөө манлайлан удирдаж хэрэгжүүлсэн байдаг. Ийм учраас Монгол улсад гадаадад амьдардаг монгол туургатнаа өмгөөлөн хамгаалах , ажиллаж амьдрах эрх зүйг орчин олгох ажлыг Монгол улсын Ерөнхийлөгч болон Монгол улсын Гадаад харилцааны яам болон Монгол улсын гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага санаачлан манлайлан оролцож хэрэгжүүлэх шаардлагатай байна.


Монгол улсын Ерөнхийлөгч бол монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч юм. Түүний эрхлэх асуудлын хүрээнд Монгол улсын Харьяатын асуудал, үзэл бодол, улс төрийн болон шударга ёсны бусад үйл ажиллагаанаас болж хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн, харьяалалгүй хүн хүсэлт гаргасан тохиолдолд Монголд улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх эрхтэй хэмээн заасан.


Гэтэл амьдрал дээр ерөнхийлөгч энэ эрхээ хэрэгжүүлж чаддаггүй, гадаадад амьдардаг монгол үндэстэнд Монголын паспорт олгож чаддаггүй. Харийн дарангуйлаас зугатаж ирсэн гадаадад амьдардаг монгол үндэстэнд паспорт олгох бүү хэл, карт ч олгож чаддаггүй. Хэдхэн жилийн өмнө харийн улсаас зугатааж Монголд ирсэн ганц халимаг монгол Баатарыг өмгөөлж хамгаалж Монголдоо үлдээж чадаагүй эмгэнэлт явдал Монголд гарсан нь одоо болтол Монголд хууль эрх зүйн орчин байхгүй байгаатай холбоотой юм. Саяхан хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Халимаг улсын иргэн, монгол үндэстэн Жангар Тюрбеев монголын хил дээр ирээд Монгол улсад орж чадалгүй нутаг буцав. Энэ мэт олон жишээ байна. Монгол улсын Харьяатын хууль аль 1995 онд батлагдсан бөгөөд эдүгээ энэ хууль маш их хоцрогдсон, яаралтай шинэчилж өөрчлөх шаардлагатай хууль юм. Зарим хэрэггүй болсон заалтыг дурдахад энэ хуулийн 9-р заалтад Монгол улсын харьяат болохын тулд энэ асуудлаар өргөдөл өгсөн өдрөөс өмнө Монголд 5-аас доошгүй жил байнга оршин суусан байх ёстой хэмээжээ. 30 хоногийн аялал жуулчлалын визтэй Монголд ирсэн гадаадад амьдардаг монгол үндэстэн яаж Монголд 5 жил байнга оршин суух юм бэ? Харин энэхүү төслийн Монгол үндэстний карттай л болж байж Монгол улсад 5 жил байнга оршин суух боломжтой болох юм. Өөр ямар ч арга байхгүй. Ийм учраас л Монгол Үндэстний картыг хурдан батлаач гээд байгаа юм. Монгол үндэстний картыг Монголд амьдарч ажиллахаар ирсэн гадаад паспорттой монгол үндэстэнд шууд 10 жилийн хугацаатай олгодог болох хэрэгтэй. Дараа нь Монгол улсын харьяат болох асуудал амар болно.


Уг хуулийн Монгол улсын харьяат болох нөхцлийн тухай 9-р зүйл дээр Монгол улсын Ерөнхийлөгч Монгол улсын төлөө гавьяа байгуулсан, Монголд онц шаардлагатай мэргэжил эзэмшсэн , олимпын төрөлд эсхүл шинжлэх ухааны аль нэг салбарт амжилт гаргасан иргэнийг шууд Монгол улсын харьяат болгоно гэжээ.


Энд нэг чухал зүйлийг орхигдуулсан байна. Монгол улсад үлэмж их хөрөнгө оруулсан хүнийг шууд Монгол улсын харьяат болгоно гэсэн заалт энэ хуулинд огт алга. Хэдэн жиийн өмнө Монгол улсын ерөнхийлөгч Ираны Саид гэдэг жудогийн бөхөд шууд Монгол улсын харьяат иргэншил паспорт олгосон боловч тэр бөх олимпоос Монголд нэг медаль авчраад Монголоос баахан мөнгө, орон сууц аваад Монголоос Азербайжан руу зугтаад явчихсан. Гэтэл үлэмж их хөрөнгө Монголд оруулъя, Монгол улсын харьяат болъё гэсэн гадаадад амьдардаг нэг ч монгол үндэстэнд монголын үе үеийн Ерөнхийлөгч шууд иргэншил олгоогүй байдаг юм. Оросын Холбооны улс хүртэл өөр орны иргэншилтэй иргэнд Оросын паспорт шууд олгодог юм билээ. Хэдэн жилийн өмнө Оросын ерөнхийлөгч Путин АНУ-ын иргэн, Холливудын од Стивен Сигалд шууд Оросын паспорт өгч байсан даа. Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн Хүний эрхийн 2 дугаар бүлгийн 62 дугаар зүйлийн 1-д: “ОХУ-ын иргэн ОХУ-ын холбогдох хууль тогтоомж, ОХУ-ын нэгдсэн олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу гадаад улсын / давхар иргэншил / иргэншилтэй байж болно” хэмээн заасан байдаг юм билээ. Тэхлээр Монгол улс ч гэсэн хуулиндаа давхар иргэншлийн асуудлыг тусгах хэрэгтэй, монголын хуулинд давхар иргэншилтэй байж болно гэсэн заалт тусгах хэрэгтэй. Монголчууд гадаадад амьдардаг монгол үндэстнээсээ баахан мөнгө хөрөнгө нэхдэгээ болих хэрэгтэй. Монголд бизнес эрхлэхийг хүссэн гадаад орны монгол үндэстнээс 100 000 доллар авна ч гэх шиг. Хэдэн жилийн өмнө ОХУ-ын Халимаг улсаас ирсэн монгол үндэстэн Алдар хэмээх бизнесмэн залуу Монголд бизнес хийх гэтэл түүнээс монголын тал 100 000 ам.доллар нэхсэн гэдэг. Аргаа барсан халимаг монгол залуу эхнэр, хүүхдээ Монголд орхиод Турк улсад бизнес хийхээр явсан гэдэг. Монголд буддын соёл шашныг сэргээн дэлгэрүүлэх үйлсэд хорь гаруй жил зүтгэж үлэмж их хувь нэмэр оруулсан Жадо римбүүчий, гэвш Лхаваанжалцан зэрэг буддын номч мэргэн түвд лам багш нарт Монгол улсын иргэншил өгсөн болов уу, одоо болтол өгөөгүй байж мэднэ шүү. Монголчууд есдүгээр Богддоо монголын иргэншил өгөхгүй яаж олон жил зовоож байлаа. Есдүгээр Богдыг таалал төгсөхөөс нь ганц жилийн өмнө иргэншил олгож байсан эмгэнэлт түүх буй шүү. Монголын иргэн болохыг хүссэн гадаадад амьдардаг монгол үндэстэн хүн монголын хуулиудыг мэддэг байх хэрэгтэй, монгол хэлийг эзэмшсэн байх хэрэгтэй гэх мэтийн амьдралд нийцэхгүй баахан юм нэхдэгээ болих хэрэгтэй. Гадаадад амьдардаг Монгол үндэстэн маань эх хэлээ мэдэхгүй байх нь тэдний буруу биш, их хөрөнгө мөнгөтэй болоогүй нь тэдний буруу биш. 


Сүүлийн дөрвөн зууны туршид Монголын үлэмж их газар нутаг, хүн ардаа хэдэн саяар нь харийн гүрэнд алдсан нь монголчууд бидний л өөрсдийн буруу. 2200 жилийн төрт ёсны уламжлалтай гэгддэг монголчууд бид хүчирхэг төрт улсаа дахин сэргээж газар нутаг, хүн ардаа бүтнээр нь авч үлдээж чадаагүй нь бидний л буруу.


Эдүгээ Монгол улсын 300 000 иргэн гадаадын 76 улсад ажиллаж амьдарч байна. Монголд ажиллах хүч маш их дутагдаж байна.Тэхлээр монголчууд бид гадаадад олон хүнээ алдаж гадаад руу чиглэсэн урсгал шилжилт хөдөлгөөнийг сааруулж Монгол руугаа чиглэсэн хөдөлгөөн  үүсгэх нь чухал байна. Гадаадад сургууль төгссөн, нарийн мэргэжил эзэмшсэн, оюуны өндөр чадавхитай монголын иргэн боловсон хүчин болон гадаадад төрж өссөн монгол үндэстэнийг Монгол улсад өндөр цалинтай, баталгаатай ажлаар хангаж өгөх хэрэгтэй. Эдүгээ Монгол улс нээлттэй орон гэдэг боловч үнэн хэрэгтээ гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөгөөд явуулчихсан, гадаадад амьдардаг монгол үндэстэндээ Монголд ажиллаж амьдрах ямар ч хуулийн эрх олгоогүй хаалттай орон хэвээрээ 35 жил өнгөрч байна.


Одоо бид хэний буруу вэ, энэ монгол үндэстний карт хэнд хэрэгтэй юм бэ гэх мэтээр хоосон маргаж хэрэлдэх цаг биш юм. Одоо яаж монгол үндэстнээ өмгөөлөн хамгаалах вэ, монгол хүний эрхийг хэрхэн хангах вэ, Монгол улсаа хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг нь гол чухал асуудал юм. 


Эдүгээ эрх чөлөөт ардчилсан Монгол улс маань гадаад харилцаагаа өргөтгөж энх тайванч олон тулгуурт гадаад бодлогоо тууштай баримталж нэр хүнд нь олон улсын тавцанд өссөөр байна.Чухам ийм таатай нөхцөлд Монгол улс гадаадад амьдардаг эх орон нэгтгээ өмгөөлж хамгаалах бодлого явуулах хэрэгтэй. НҮБ-ын 1948 онд Парис хотод батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 13 дугаар зүйлийн “1.Хэн боловч улсынхаа дотор чөлөөтэй зорчих, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй. 2. Хэн боловч аливаа улс орныг, түүний дотроо эх орноо орхин явах, эх орондоо эргэж очих эрхтэй, 14 дүгээр зүйлийн “Хэн боловч мөрдөлт мөшгөлтөөс зугтаж, өөр улсад орогнох боломжийг эрэлхийлэх болон орогнох эрхтэй.” гэсэн заалтыг Монгол улс Үндсэн хуулиараа хүлээсэн үүргийнхээ дагуу хэрэгжүүлэх ёстой юм. Цаашид ОХУ-ын Халимаг улсын иргэн, монгол үндэстэн Жангар Тюрбеевын санаачилсан “Монгол үндэстний карта” хуулийн төслийг УИХ батлах хэрэгтэй. Тэрхүү УИХ-ын тогтоол нь  хоёр хэсгээс бүрдэх нь зохистой биз.


Нэгд, энэхүү хуулийн төслийг баталсан заалт байх ёстой.

Хоёрт, Энэхүү хуулийн төслийн Карт олгох журмыг хавсралтаар батлах нь зүйтэй. Тэрхүү журам нь амьдралд нийцэхгүй олон илүү, хэрэггүй шалгуур үзүүлэлттэй байх нь зохисгүй. Зөвхөн нэгд, Энэхүү картыг гадаад паспорттой монгол үндэстэнд олгох,

Гуравт. Тухайн иргэн эрүүгийн гэмт хэрэг үйлдээгүй гэсэн тодорхойлолттой байх гэсэн товчхон шалгууртай байх нь зүйтэй болов уу. 


Монголчууд бид монгол үндэстнээ өмгөөлж хамгаалах, хүний эрхийг нь хангах ажлыг одоо л хийхгүй бол цаг хугацаа биднийг хүлээхгүй. Монголд энэхүү амин чухал ажил огт эхлээгүй 35 жил болжээ. Иймд Монгол улсын Ерөнхийлөгч болон Монгол улсын Гадаад харилцааны яам болон Монгол улсын гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагууд энэхүү ус агаар шиг амин чухал ажлыг нэн яаралтай эхэлж хэрэгжүүлэх шаардлагатай байна. Монголын хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хууль санаачлах эрхтэй дээр дурдсан албан тушаалтан, албан байгууллагууд гадаадад амьдардаг монгол үндэстнээ эх оронд нь ажиллаж амьдрах боломжийг хуулиар баталж олгохгүй бол бусад хүмүүс хичнээн их зүтгэж найдаад хэрэг болохгүй л болов уу.    


“Номын гэрэл - Ногоон дэлхий” ТББ-ын Тэргүүн, хуульч, сэтгүүлч, зохиолч Доржийн СҮХБААТАР