2019 оны наймдугаар сарын 10-нд бэлгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж байсан Америкийн бизнесмен Жеффри Эпштейн шоронд нас барсан. Албан ёсны дүгнэлтээр түүнийг амиа хорлосон гэж үзсэн боловч түүний үхлийн шалтгаан болон хэргийн мөрдөн шалгах ажиллагаа өнөөг хүртэл маргаан дагуулсаар байна. Долоон жилийн дараа ч гэмт хэрэгт хариуцлага тооцох, хохирогчидтой холбоотой нөхцөл байдал, хэргийн баримт бичгийг олон нийтэд ил болгох зэрэг асуудлаар олон эргэлзээ тайлагдаагүй хэвээр байгаа юм.
Наймдугаар сарын 5-нд АНУ-ын Нью-Мексико муж Эпштейний хэргийн хасаж таналгүй бүрэн эхээр нь гаргасан баримт бичгийг өгөхөөс татгалзаж, тус мужийн эрүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан хэмээн АНУ-ын Хууль зүйн яамыг шүүхэд өгчээ.
Орон нутгийн мөрдөн шалгах тайланд дурдсанаар, 1996-2012 оны хооронд Эпштейн тус мужийн Зорро ранчод дор хаяж таван эмэгтэйд бэлгийн халдлага үйлдсэн бөгөөд өөр 30 гаруй хохирогч байж болзошгүй байна. Энэ оны хоёрдугаар сард Нью-Мексико муж холбогдох мөрдөн шалгах ажиллагааг дахин эхлүүлжээ.
Үүний зэрэгцээ АНУ-ын Сенатын Санхүүгийн хорооноос гаргасан тайланд Дойче банк, ЖейПи Морган Чейс болон Банк оф Америка банкнууд Эпштейнтэй холбоотой сэжигтэй гүйлгээний талаар цаг тухайд нь мэдээлээгүй гэж дурьдсан байна. Бараг 20 жилийн хугацаанд холбогдох дансуудаар 1.4 тэрбум ам.доллараас давсан мөнгөн гүйлгээ хийгджээ.
Гурван банк тайлангийн холбогдох дүгнэлтэд хариу тайлбар хийсэн бөгөөд Банк оф Америка болон ЖейПи Морган Чейс зүй бус үйлдэл гаргасан гэх дүгнэлтийг үгүйсгэсэн бол Дойче банк өнгөрсөн хугацаанд Эпштейнтэй харилцаатай байсандаа харамсаж буйгаа илэрхийлсэн байна.
Энэ оны нэгдүгээр сард АНУ-ын Хууль зүйн яам Эпштейний хэрэгтэй холбоотой 3 сая гаруй хуудас баримт бичиг, 2000 гаруй видео бичлэг, 180 мянган зургийг нийтэлжээ. Гэвч их хэмжээний материалыг хасаж, засварласан хэвээр байгаа нь хэргийн талаарх мэдээллийг олон нийтэд хангалттай хэмжээнд ил болгосон эсэхэд эргэлзээ төрүүлсээр байна.
Г.Бямба
Мягмар - 08 сарын 11,
2026
Сэтгэгдэл0