Монгол хэлний халх аялагад нийтдээ 7 эгшиг байдаг гэж үздэг. Үүнийг а, э, и, о, у, ө, ү гэж дараалуулдаг. Эгшиг авиа гэдэг нь аль ч хэлэнд амны хөндийгөөс чөлөөтэй гардаг, гийгүүлэгч авиаг амьлуулагч. Санскрит, төвд бичлэгт эгшигийг тусгайлан тэмдэгтээр ялгадаггүй, гийгүүлэгчийн дээр доор ялгамж тэмдэгт тавьснаар амь өгдөг, монгол хэлэнд үгэнд эгшиг тавихыгаа “амь өгөх” гэж нэршсэн нь эндээс гарсан байх.
Эгшиг авиа нь амнаас саадгүй гардаг. Хүний амны хөндийгөөр уушигнаас гарч буй агаарын урсгал шүд, хэл, уруул хоорондын бэрхшээлийн саадтай тааралгүйгээр чөлөөтэй гарч ирснээр эгшиг авиа үүсдэг. Эгшиг авиаг хэлэхэд төвөнх дэх дууны хөвч чичирхийлж, зөвхөн дуу авианаас бүрдэнэ.
Эгшиг авиа нь үе бүтээх гол үндэс буюу үе бүтээгч болдог. Монгол хэлэнд нэг үгэнд хэдэн эгшиг байна, төдий чинээ үе байна гэж үздэг. Эгшиггүйгээр бие даасан үг болон үе үүсэх боломжгүй юм. Дээр өгүүлсэн монгол хэлний долоон эгшгийг зөвхөн амны хөндийн долоон байрлал гэж үзэж болохгүй. Тэдгээрийн зохицлын гол тэнхлэгийн нэг нь амны урд–хойд хэсэг бус, залгиурын хөндийн тэлэлт–агшилт юм. Гэтэл монгол хэлэнд байдаг хамгийн “гаж” эгшиг бол “У” авиа юм. Бусад эгшиг авиаг дуудахад зөвхөн амны хөндийгөөс чөлөөтэй гардаг. Гэтэл У авиаг дуудахад хоолой оролцдог. Орчин үеийн авиазүйгээр монголын у–ү-гийн ялгааг зүгээр “хойгуур–урдуур хэлэгдэх эгшиг” гэж тайлбарлах нь хангалтгүй. Гол ялгаанд хэлний уг ба залгиурын хөндий оролцдог.
Монгол “у” эгшгийг дуудахад хэлний уг арагш татагдаж, залгиурын хөндий нарийссан эгшиг болой. Ойролцоогоор /ʊ/ гэж тэмдэглэгдэнэ. үүнийг RTR буюу retracted tongue root. Гэтэл тун ойролцоо гэж болохуйц “ү”-г дуудахад хэлний уг урагшилж, залгиурын хөндий илүү тэлсэн эгшиг болно.
Ойролцоогоор /u/ гэж тэмдэглэж болно, ATR буюу advanced tongue root. Хэлний үндэс хойшоо татагдахад "У" нь хойд хэлний (эр) эгшигт хамаардаг. Энэ авиаг хэлэхэд хэлний төв хэсэг доошилж, харин хэлний үндэс хойшоо буюу залгиур хоолой руу чиглэн шахагдаж өргөгддөг. Залгиур хоолойн хөндий хувирахад хэлний үндэс хойшилсноор залгиур хоолойн орчимд агаарын урсгал чөлөөтэй өнгөрөх зай багасч, тэр хэсгийн хөндий нарийсдаг. Энэ нь залгиур хоолой өөрөө нэг ёсны резонанс (цуурайших) үүрэг гүйцэтгэж, авианы өнгө аясыг бүрдүүлдэг гэсэн үг юм. Мөн энд уруулын оролцоо бий. Уруул цүлхийхэд "У" эгшиг нь мөн уруулаар жижгэрэх буюу уруулын хэлбэртэй эгшиг учраас уруул урагшаа цүлхийж дугуйрдаг. Энэхүү уруулын хэлбэр болон залгиур хоолойн нарийссан байдал хоёр хавсарч байж "у" гэсэн өвөрмөц бүдүүн, гүн дуудлагатай авиаг үүсгэдэг. Үүнийг хэл шинжлэлд акустик талаас нь "формант"-ын давтамжаар (ялангуяа хоёрдугаар формант доошлох замаар) тодорхойлдог бөгөөд энэ нь хоолойн гүнд буюу залгиур орчимд агаар хуримтлагдах нөхцөлийг бүрдүүлдэг байна. Монголоос өөр хэлэнд ийм залгиурын хоолой ба уруулын хөдөлгөөн оролцож дуудагддаг эгшиг авиа маш ховор. Монгол хэлтэй фонэтикийн хувьд төстэй байж болох солонгос, түрэг хэлэнд ийм дуудлага байхгүй. Үүнийг монгол биш хэлтэй өөр хэлнийхэн дээр амархан туршиж болно.
“УУЛ, УЛ, ҮҮЛ, ҮЛ” гэсэн тус тусдаа өөр утгатай дөрвөн үгийг хэлүүлэхэд монгол биш хэлтэй хүн бүгдийг нь адилхан дуудна. Энэ нь чадахгүйдээ биш, сураагүй хэрэг. Тиймээс монгол хүний чихэнд дөрвүүлээ эрс өөр сонсогдож, дөрвөн өөр утга илэрхийлнэ.
Харин эх хэлэнд нь энэ хоёр ялгалын аль нэг байхгүй хүн тархиныхаа дассан ангиллаар бүгдийг нь ганцхан “үү” маягийн авианд оруулж сонсоод, мөн адилхан дуудна. Энэ нь тэдний хоолой бие махбодын хувьд чадахгүйдээ биш; багаасаа сурч тогтоосон авианы хөдөлгөөн болон сонсголын ангилалгүйдээ юм. Удаан дасгал хийвэл сурч болно.
Туршилт болгож авсан дөрвөн үг авиазүйн хувьд: уул — /ʊːɮ/ , үүл — /uːɮ/ , ул — /ʊɮ/ , үл — /uɮ/ гэж фонэтик нь тэмдэглэгдэнэ, 1985 онд Ян-Улоф Свантессон орчин цагийн халх болон өвөр монгол аялгын эгшгийн зохицол урд–хойд байрлалаас залгиурын буюу pharyngeal шинж рүү шилжсэн гэж акустик хэмжилтээр тайлбарласан. (Svantesson, “Vowel Harmony Shift in Mongolian”) Сүүлийн үеийн халх аялгын судалгаа ч эгшгийн урт, чанараас гадна залгиурын өргөн бие даасан ялгах шинж болохыг хэмжжээ. Тийм өөр хэл бий. Гэхдээ “залгиур хоолойн У” гэж нэрлэж болохуйц өвөрмөц эгшиг авиа дэлхийн хэлэнд түгээмэл биш бөгөөд халх монгол хэлэнд онцгой тод хадгалагджээ. Эвэнх хэлэнд хэлний угийг урагшлуулах–арагшлуулах хоёр бүлэг эгшиг бий. Акустик туршилтаар арагш татсан эгшгийн залгиурын шинж хэмжигдсэн. Монголын “хоолойн у”-тай хамгийн ойр жишээний нэг. (Aralova, Grawunder & Winter, 2011) Эвэнх (Тунгус-Манж язгуурын) болон бусад сибирь гаралтай хэлнүүдэд үүнтэй төстэй залгиур хоолойн гүн гүнцэг авианууд эсвэл зэрэгцээ нөлөөлөл ажиглагддаг нь хэл хоорондын түүхэн холбоо, аялгын нөлөөллийг харуулдаг. Харин түрэг эсвэл солонгос хэлэнд амны хөндийн хэлбэр болон уруулын оролцоогоор ялгарах хэдий ч монгол хэлнийх шиг залгиур хоолойн ийм гүн резонанстай, өвөрмөц "у" авиа байдаггүй. Энэ нь монгол хэлний дуудлагын цар хүрээ, язгуур өнгө аясыг илтгэх гол онцлогуудын нэг юм. Жишээнд авсан фонэтик тун төстэй түрэг гэвэл түрэг хэлнүүдийн олонх нь у–ү-г гол төлөв хэлний урд–хойд байрлалаар ялгадаг.
Мөн фонэтикийн хувьд төстэй байж магадгүй солонгос хэлэнд хуучин эгшгийн зохицолд хэлний угийн шинж байсан байж болох ч орчин цагийн солонгос хэлэнд монгол хэл шиг тод үлдээгүй. Тиймээс түрэг, солонгос хүмүүс монгол “у”-г автоматаар зөв дуудаж чадахгүй байгаа нь гайхах зүйл биш.
Дамдинсүрэнгийн кирил монгол бичигт “у” ба “ү” эгшгийн тэмдэглэгээг зөрүүлсэн нь илт мэдэгддэг. Дөнгөж бичиг сурч байгаа хүүхэд “у” авиа заалгасныхаа дагуу “клуб” гэсэн үгийг “кулууб” гэж дууддаг, харин бусад хүмүүстэй харилцсаар ойлгож хар аяндаа үүнийг орос дуудлага маягаар “хүлүүб”, “хүлөөв”, “күлүүб” гэх зэргээр монгочлон дууддаг. Ийм жишээ маш олон. Сонирхуулж нэмж хэлэхэд, бидний “хагас и” гэж нэрлэдэг Й нь үнэхээр хагас дутуу “хөгжлийн бэрхшээлтэй” “и” юмуу, юутай ч ердийн “и” авианаас өөрөөр дуудагддаг. Й бол лав гийгүүлэгч биш. Өөрөөр дуудагддагийг “украин – украйн” гээд хоёр янзаар уншихад илт ялгаатай сонсогдоно. Уйгаржин монгол бичгээр “Й”-г тэмдэглэсэн тусгай тэмдэгт байхгүй, эгшигийн араас давхар и-ээр ялгамжилдаг. Үүнийг акустикийн тусгай багаж төхөөрөмжөөр тодорхойлбол бид долоо биш найман эгшиг авиатай болох нь.
Баабар 2026.8.3
Мягмар - 08 сарын 04,
2026