Монголын энтертайнмент салбарт шинэ охидын хамтлаг мэндэллээ. Mogul Entertainment компани "Girls" олон ангит кино төслөөс үүсгэн байгуулагдсан Gilrs хамтлагийн дебютийг албан ёсоор зарлаж, хамтлагийн бүрэлдэхүүн болон анхны уран бүтээлүүдээ танилцууллаа.
Шинэ хамтлагийг бүрдүүлэх сонгон шалгаруулалт хэдэн сарын турш үргэлжилсэн байна. Нээлттэй зарласан шалгаруулалтад нийслэл болон орон нутгаас нийт 586 оролцогч материалаа ирүүлжээ. Дуулах авьяас, тайзны мэдрэмж, бүжгийн ур чадвараараа өөрийгөө сорих хүсэлтэй хүүхэд, залуусын дундаас дараагийн үе шатанд шалгарах өрсөлдөөн эхэлсэн байна.
Эхний шатанд оролцогчдын хоолойн цар хүрээ, хөгжмийн сонсгол, хэмнэл мэдрэх чадвар, өөрийгөө илэрхийлэх арга барилыг үнэлж, 40 оролцогч дараагийн шатанд үлджээ. Харин хоёрдугаар шатанд камерын өмнөх ажил, хамтлагийн үзүүлбэр, бүжгийн даалгавар, жүжиглэлтийн сорил зэрэг илүү нарийн шалгууруудаар өрсөлдүүлжээ. Үүнээс 20 хүүхэд энэ шатанд шалгарч ‘’Girls’’ олон ангит кинонд дүр бүтээсэн байна.
Эцсийн шатанд ирээдүйд хамтлаг болон нэгдэж ажиллах боломж, сахилга бат, суралцах хурд, тайзан дээрх зохицол, дүр төрхийн нэгдлийг харгалзан үзжээ.
Ганболор, Урангоо, Эмүжин нар албан ёсоор GIRLS хамтлагийн бүрэлдэхүүнд багтсан юм.
Хамтлагийн хамгийн том гишүүн Ганболор гоцлолын үүрэг гүйцэтгэдэг. Түүний дуу хоолой, тайзан дээрх тайван атлаа өөртөө итгэлтэй байдал нь гол тулгуур болдог.
Урангоо хамтлагийн реп болон бүжгийн байрлалыг хариуцдаг. Эрч хүчтэй хөдөлгөөн, энерги нь хамтлагийн үзүүлбэр бүрт өөр өнгө нэмдэг ажээ.
Мягмар - 08 сарын 18,
2026