sonin.mn

Наймдугаар сарын 10-нд Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхдээ, Америкийн тал Хормузын хоолойг бүхэлд нь минагүйжүүлж дууссан бөгөөд одоогоор Америкийн Тэнгисийн цэргийн хүчин энэхүү чухал усан замыг “100 хувь” хяналтдаа авсан гэжээ.

Д.Трамп “усан зам нээлттэй болсон”, “одоогоор Хормузын хоолойг хянаж байгаа цорын ганц хүчин бол Америкийн Тэнгисийн цэргийн хүчин” гэж мэдэгдэв. Тэрээр мөн Америкийн арми Ираны эсрэг далайн бүслэлт хэрэгжүүлж байгаа бөгөөд “зөвхөн бидний нэвтрүүлэхийг хүссэн хөлөг онгоцуудыг нэвтрүүлж байна” гэсэн байна.


Д.Трамп мөн Хормузын хоолой “одоо нээлттэй болсон” бөгөөд Ираны тал үе үе усан мина байрлуулсаар байгаа ч Америкийн арми тэдгээрийг устгана гэжээ.


Түүнчлэн Иран Америкийн талаас цэргийн мөргөлдөөний хохирлын нөхөн төлбөр шаардсаны дараа өөрөө ч Иранаас нөхөн төлбөр нэхэмжилнэ гэдгээ Д.Трамп дахин мэдэгдэв. Энэ нь түүний хэдхэн цагийн өмнө олон нийтийн сүлжээнд нийтэлсэн агуулгатай ижил байна. Д.Трамп мөн “Бидэнд нөхцөл байдлыг цаашид хурцатгах чадвар хэвээр бий” гэжээ.

Америкийн Зэвсэгт хүчний Төв командлал 9-нд мэдээлэхдээ, Америк Ойрх Дорнодын бүс нутагт 20 гаруй байлдааны хөлөг онгоц байршуулж, Ираны эсрэг далайн бүслэлтийг чанд хэрэгжүүлж байна гэжээ. Тухайн өдрийн байдлаар Америкийн арми худалдааны 55 хөлөг онгоцыг чиглэлээ өөрчлөхөд хүргэж, хоёр худалдааны хөлгийг аялах чадваргүй болгож, хоёр худалдааны хөлөгт шалгалт хийсэн байна.


Америкийн Кэйбл Ньюс Нетуорк (Cable News Network, CNN) 10-нд хөлөг онгоцны хөдөлгөөн хянах Кеплер компанийн тоо баримтаас эш татан мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт Хормузын хоолойгоор нэвтрэх хөлөг онгоцны хөдөлгөөн “сул” хэвээр байсан бөгөөд “амралтын өдрүүдэд улам буурсан” байна. Тус хоолойгоор 7-нд 15 хөлөг онгоц нэвтэрсэн бол 8-нд 11, 9-нд 6 болж буурчээ.


Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Мохаммад Багер Золгадр мэдэгдэхдээ, Америкийн тал үйл ажиллагаагаа өөрчлөхгүй бол Хормузын хоолой хаалттай хэвээр байна гэжээ. Хормузын хоолойг дахин нээхийн тулд Америкийн тал таван нөхцөлийг биелүүлэх ёстой гэж тэрээр мэдэгдсэн байна. Үүнд, Иран болон тус улсын бүс нутгийн холбоотнуудын эсрэг цэргийн ажиллагаагаа бүрмөсөн зогсоох, Ираныг заналхийлж, доромжлохоо болих, Ираны эсрэг далайн бүслэлт болон бүх хориг арга хэмжээг цуцлах, Ираны царцаасан хөрөнгийг буцаан олгох, холбогдох цэргийн ажиллагааны улмаас Иранд учруулсан хохирлыг нөхөн төлөх зэрэг багтсан байна.

Ираны Исламын хувьсгалт корпусын хэвлэлийн төлөөлөгч Мохаммад Али Мохебби мөн 8-р сарын 9-нд хэлэхдээ, Ираны өнөөгийн стратеги нь эсрэг тал Ираны тавьсан бүх нөхцөлийг хүлээн зөвшөөрч, ялагдлаа хүлээх хүртэл Хормузын хоолойд тавих хяналтаа хадгалах явдал гэжээ.


Г.Бямба