Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны мэдээлснээр, энэ оны эхний хагас жилд тус улсад 22 сая 914 мянган гадаадын иргэн нэвтэрснээс визгүй зорчсон иргэдийн тоо 17 сая 815 мянгад хүрч, өмнө оны мөн үеийнхээс тус тус 20.4 хувь, 30.6 хувиар өсжээ. Энэ тухай Хятадын олон улсын радио: "Зуны аяллын улирал эхэлснээс хойш Хятадыг зорих гадаадын жуулчдын тоо тогтвортой өсөж, Европоос ирэх жуулчид мэдэгдэхүйц нэмэгдэн, хил дамнасан зорчигчдын урсгал эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгөгч хүч болж байна.
Хүнань мужийн Жан Жя Же, Жилинь мужийн Чан Бай Шань зэрэг сэрүүн уур амьсгалтай аяллын бүсүүд гадаадын жуулчдын оргил ачааллыг хүлээн авч байна. Жан Жя Же хот 240 цагийн дамжин өнгөрөх визгүй бодлогод тулгуурлан 8 улс, бүс нутагтай холбосон олон улсын зорчигч тээврийн 13 нислэг нээжээ. Долдугаар сараас хойш Тянь Мэнь Шань үзэсгэлэнт бүс өдөрт дунджаар 15 мянга орчим жуулчин хүлээн авч байгаагийн 15 хувийг гадаадын жуулчид эзэлж, өмнөх оны мөн үеэс 51.72 хувиар өссөн байна. Харин Чан Бай Шань уулын зуны дундаж температур 22 хэмээс доош байдаг бөгөөд зуны улиралд өдөрт хүлээн авсан жуулчдын тоо 30 мянгыг давжээ. Орос, БНСУ зэрэг оронтой хэрэгжүүлж буй визийн хөнгөлөлтийн бодлогын үр дүнд гадаадын жуулчдын тоо эрс өссөн байна.
Шэньжэнь хот хөгжингүй хотын үйлчилгээ, олон төрлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнээрээ гадаадын жуулчдын түгээмэл сонголт болжээ. Зургаадугаар сараас хойш Шэньжэний нисэх буудлын боомтоор нэвтэрсэн Европын орнуудын жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 31.6 хувиар өссөн бол хотын сэдэвчилсэн паркуудын зуны улиралд хүлээн авсан гадаадын жуулчдын тоо 50 хувиас дээш өссөн байна. Олон жуулчин Хятадын агааржуулалтын байгууламж сайн, зорчиход хялбар, аяллын үйлчилгээ тав тухтай тул зуны халуунаас дайжин амрахад хамгийн тохиромжтой газар хэмээн үнэлжээ.
Үүний зэрэгцээ “Хятадад худалдан авалт хийх” улам эрчимжиж байна. Хуа Чян Бэй худалдааны бүсийн цахим бүтээгдэхүүн, зуны сэрүүцүүлэх хэрэгсэл болон Хятадын дотоодын брэндийн бараа бүтээгдэхүүн гадаадын жуулчдын сонирхлыг ихээр татаж байна. Ctrip аяллын платформын мэдээллээр, энэ зуны аяллын улиралд Европын орнууд Хятадад ирэх жуулчдын эх үүсвэрийн эхний 20 зах зээлийн 30 хувийг бүрдүүлж, захиалгын тоо өмнөх оны мөн үеэс 275 хувиар өссөн байна. Үзэсгэлэнт газрын тасалбарын захиалга 20 дахин нэмэгджээ. Үүнээс Оросын захиалга 53.5 хувийг эзэлж, 553 хувиар өссөн бол Их Британи, Франц, Герман зэрэг Баруун Европын орнуудын захиалга нийт захиалгын 42 орчим хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 150 орчим хувиар өссөн байна. Төлбөр тооцооны хүртээмж, татварын буцаан олголтын бодлого тасралтгүй сайжирснаар “Хятадаар аялах”, “Хятадад худалдан авалт хийх” сонирхол улам бүр нэмэгдсээр байна." гэжээ.
Мягмар - 07 сарын 28,
2026
Сэтгэгдэл0