Есдүгээр сарын 24-ний өглөө БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Цагаан ордонд хэлэлцээ хийлээ.
Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "БНХАУ, АНУ-ын төрийн тэргүүн нар зургаан сар хүрэхгүй хугацаанд харилцан айлчлал хийсэн нь хоёр орны харилцааны түүхэнд урьд өмнө гарч байгаагүй үйл явдал юм. Ерөнхийлөгч Дональд Трамп бид хоёр олон сувгаар харилцаа холбоогоо хадгалж, БНХАУ, АНУ-ын харилцааны чиг хандлагыг хамтран чиглүүлж ирлээ.
Энэ оны тавдугаар сард Ерөнхийлөгч Дональд Трамп бид хоёр БНХАУ, АНУ-ын хооронд бүтээлч, стратегийн тогтвортой харилцааг бий болгохоор тохиролцсон. Энэхүү шинэ чиг баримжаа нь БНХАУ, АНУ-ын харилцааны бодит байдлыг тусгаж, ирээдүйн хүсэл тэмүүллийг илэрхийлэхийн зэрэгцээ хоёр орны зөв харилцааны зам руу чиглэсэн чухал алхам болж байна. Бид энэхүү алсын харааг бодит ажил хэрэг болгож, хамтын ажиллагааг гол чиглэл болгосон, өрсөлдөөнийг зохистой хүрээнд явуулж, санал зөрөлдөөнийг хяналтад байлгасан, энх тайванч хандлага бүхий харилцааг цогцлохын төлөө хичээж, улмаар хоёр их гүрний зөв харилцааны замыг тодорхойлох ёстой.
БНХАУ, АНУ ажил хэрэгч хамтын ажиллагаагаар харилцан ашигтай хамт хожих ёстой бөгөөд ийм боломж бүрэн байдаг. Эрүүл өрсөлдөөнөөр бие биеийнхээ амжилтыг дэмжин, нийтлэг талаа хадгалан ялгаатай байдлаа хүлээн зөвшөөрөх зарчмаар санал зөрөлдөөнийг зохистой шийдвэрлэж, харилцан итгэлцлийг бэхжүүлэх замаар энх тайвныг цогцлох ёстой.
Ингэснээр БНХАУ, АНУ-ын бүтээлч, стратегийн тогтвортой харилцаа нь хоёр орны ард түмэн болон дэлхийн улс орнуудын ард түмэнд илүү их үр өгөөж өгөх болно. Хоёр талын эдийн засаг, худалдааны багуудын хооронд явагдсан шинэ шатны хэлэлцээгээр шинэ хамтарсан тохиролцоонд хүрсэн нь хоёр орны үйлдвэрлэлийн салбар, ард иргэд түүнчлэн дэлхийн эдийн засагт таатай мэдээ болж байна. Хамтын ажиллагаа бол бие биедээ чиглэсэн замнал юм. БНХАУ, АНУ-ын эдийн засаг, худалдааны харилцааг тогтворжуулахад хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх, маргаантай асуудлын жагсаалтыг багасгах аль аль нь шаардлагатай. Тэгш байдал, хүндэтгэл, харилцан ашигтай байх зарчмыг баримталбал бид тулгамдсан асуудлуудад шийдэл олох боломжтой. Хоёр тал бие бие руугаа ойртон, харилцан ашигтай хамт хожих зарчмаа тууштай баримталж, БНХАУ, АНУ-ын эдийн засаг, худалдааны харилцааг урт хугацаанд тогтвортой, эерэг чиглэлээр хөгжүүлэхийг хүсэж байна.БНХАУ, АНУ хоёулаа хиймэл оюун ухааны салбарын томоохон гүрэн юм. Хоёр талд өрсөлдөөнтэй хэдий ч хамтран ажиллах боломж бүр ч их байдаг тул бие биеэсээ сэрэмжлэхийн оронд өөрсдийн давуу талаа ашиглах нь зүйтэй. Хоёр тал хиймэл оюун ухааны талаарх яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, түүний эрсдэл, ашиг тусын талаар санал солилцон, буруугаар ашиглахаас хамтран сэргийлэх шаардлагатай. Хүн төрөлхтөн хиймэл оюун ухааны технологид хяналттай байж, хүн төвтэй хандлага болон сайн сайхныг дэмжих зарчмыг баримтлан, хиймэл оюун ухаан нь хүн төрөлхтний дэвшилд үйлчлэхийг баталгаажуулах ёстой. Үндэсний нэгдэл болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах талаарх БНХАУ-ын байр суурь маш тодорхой байдаг. АНУ-ын тал "Тайванийн тусгаар тогтнол"-ыг эсэргүүцсэн зөв байр сууриа хадгалж, Тайванийн асуудлыг болгоомжтой шийдвэрлэн, стратегийн хамтын ажиллагаа болон хоёр талын харилцааг хөгжүүлэхэд бат бөх суурь тавина гэдэгт найдаж байна гэжээ.
Дональд Трамп хэлэхдээ, "дарга Ши Жиньпиний АНУ-д хийж буй энэ удаагийн төрийн айлчлал нь маш амжилттай айлчлал юм. АНУ, БНХАУ хоёулаа томоохон гүрэн, би дарга Ши Жиньпинтэй гүнзгий нягт харилцаа холбоотой сайн найз юм. Бидний удирдлага дор АНУ, БНХАУ-ын харилцаа улам бүр хөгжин цэцэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Эдийн засаг, худалдааны асуудлаарх сүүлийн шатны хэлэлцээгээр шинэ амжилтад хүрсэн. Хоёр тал илүү сайн тохиролцоонд хүрэхийн тулд яриа хэлэлцээг үргэлжлүүлэх ёстой. Хиймэл оюун ухаан нь хүн төрөлхтний ирээдүйтэй холбоотой асуудал тул АНУ, БНХАУ энэ чиглэлээр яриа хэлэлцээгээ хадгалж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстой гэсэн байна.
Хоёр төрийн тэргүүн мөн Ойрхи Дорнодын нөхцөл байдал, Украины хямрал, Солонгосын хойг зэрэг олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаар санал солилцов.
Хоёр орны төрийн тэргүүн нар 2026 онд болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны удирдагчдын албан бус уулзалт болон G20-ийн Удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулахад харилцан дэмжихээ нотлов.
Уулзалтад Цай Чи, Ван И, Хэ Лифэн зэрэг албаны хүмүүс оролцжээ.
Н.Пүрэвжав
Баасан - 09 сарын 25,
2026
Сэтгэгдэл0