sonin.mn

Одоогоос 73 жилийн жилийн тэртээ 1953 оны 7-р сарын 26-нд, өнөөгийн ядарч туйлдсан Куба орныг хувь заяаг зөгнөн зурсан, залуу хуульч Фидель Кастро, түүний дүү Рауль Кастро тэргүүтэй хувьсгалчид Монкадагийн цэргийн хуаранг (Cuartel Moncada) довтолсон нь Кубын хувьсгал (Revolución Cubana)-ын эхлэл гэж үздэг. Энэ хувьсгал гарах үндсэн шалтгаанууд нийлээн эртнээс эхтэй юм байна. Кубад Ерөнхийлөгч Херардо Мачадо 1925-1933 онд эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлэхдээ олон алдаа гаргаж түүнээс үүдэн Кубад авилга хээл хахууль эмгэгийн түвшинд хүрч, үүнтэй давхцан 1929 оны дэлхийн эдийн засгийн хямрал Кубад хүндээр тусчээ. Экспортын амин сүнс, Кубыг тэжээдэг элсэн чихрийн үнэ огцом унасныг дагаад ажилгүйдэл ихэсч, орлогогүй болсон олон хүн, өрх айл ядуурал руу гулсав, Архидалт хавтгайрч, хар тамхи, биеэ үнэлэлт газар авч, гэмт хэрэг өсөв.


Нийгэм хямарч, ёс зүй доройтов. Мачадогийн засгийн газар эдийн засгийн хямралыг үр дүнтэй даван туулж чадсангүй. Улс орон хямарч эхлэхэд хариуцлагаас айсан Ерөнхийлөгч Мачадо Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, өөрийн бүрэн эрхийг сунгалаа. Ингэснээр ардчилсан тогтолцоо сулран, улс орон түүний дарангуйлд оров.


Сөрөг хүчний нам холбоод, үйлдвэрчний эвлэлүүдийн үйл ажиллагааг хориглож, улс төрийн өрсөлдөгчдөө баривчилж, зарим тохиолдолд хүч хэрэглэн дарах болов. Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлав. Хариуд нь, 1933 онд улс даяар ажил хаялт өрнөж, оюутны хөдөлгөөн хүчтэй болж, түүний цэрэг армийн дэмжлэг ч суларч, эцэст нь Мачадо огцорч, гадаадад дүрвэжээ. Үүний дараа Куба улс олон жил улс төрийн тогтворгүй хаос төлөвт орсон бөгөөд Мачадо-гийн алдааг засдаг “баатар”-аар 1933 онд генерал Фульхенсио Батиста тодрон улс төрийн тавцанд хүчтэй гарч иржээ. Харамсалтай нь тэр ч, түүний дараа хоёр ч Ерөнхийлөгч доривтой өөрчлөлт хийсэнгүй. Гэтэл мөнөөх генерал Батиста дахин засвар хийдэг “баатар” болж 1952 онд төрийн эргэлт хийж засгийн эрхийг булаан авч 1958 оныг дуустал дарангуйллын замаар алхжээ. Түүний дэглэмийн үед авлига, хээл хахууль улам газар авсан байна. Авилга, хээл хахуульд автсан аль ч улс орны ардчилсан тогтолцоо муужирдагийн жишгээр энэ үзэгдлийг эсэргүүцэн тэмцэх уур амьсгал нийгэмд үүслээ. Куба нь ардчилсан улс нэртэй ч, сонгууль нь улс төрийн тоглоом болж дуусч утга учраа алдав. 


1933–1952 онд олон жилийн турш үргэлжилсэн улс төр, эдийн засгийн гүн гүнзгий хямрал нь хувьсгалт хөдөлгөөн үүсэн бий болох улс төрийн үндсэн шалтгаан, нөхцөл болсон гэж үздэг юм байна.


Тэдгээр хувьсгалчид тайван замаар нийгмийг өөрчлөх аргагүй боллоо гэж үзээд ийнхүү зэвсэг барин босч 1959 онд, хожим нь хэт зүүнтэн-большевик-коммунист болсон Фидель Кастро нар засгийн эрхийг булаан авчээ. Ийнхүү ертөнцийн нөгөө бөөрөнд, 16.000 км-ийн алсад, их далайн нэгэн жижиг арал дээр орших Куба гэдэг нэгэн шинэ “дүү”-тэй болжээ, Монголчууд бид. Хувьсгалчид, үзэл суртлын зорилгоор 1925–1952 оны хооронд олон удирдагчийн нүүр үзсэн ч Куба оронд олигтой юм болсонгүй гэж өмнөх түүхээ бараанаар буддаг боловч Мачадо-Батиста-гийн дэглэмүүд болон тэдгээрийн завсрын үеүүдэд бас ч гэж бүх юм муу байгаагүй бололтой. Тус оронд гадаадын, голчлон Америкийн хөрөнгө оруулалт ихээр орж ирэн түүний үр дүнд элсэн чихэрийн тариалалт нэмэгдэж асар том зах зээл-Америк орныг элсэн чихрээр хангадаг байж. Уул уурхайн олборлолт өсөн, тэдгээрийн экспорт дээш цойлжээ. Улс орноо хөндлөн нэвт явсан Carretera Central авто зам, дэд бүтэц байгуулж томоохон бүтээн байгуулалт хийсэн байна. Ялангуяа 1950-иад онд, Кубын аялал жуулчлалын салбар ихэд хөгжжээ. Куба нь АНУ-аас маш ойрхон. Флоридагийн өмнөд үзүүрээс Кубын эрэг хүртэл ердөө 150 орчим км (Улаанбаатар–Багануур), Майамигаас Гавана хүртэл 370 орчим км газрыг (Улаанбаатар–Эрдэнэт) онгоцоор нэг цаг хүрэхгүй хугацаанд нисээд буудаг нь Кубыг Америк, Канадын дундаж ангийнхны чинээлэг жуулчдын амралтаа өнгөрөөж, мөнгөө үрдэг үзэсгэлэнт далайн эргийн алдартай амралтын газрууд бүхий “Эрднэсийн арал” болгон хувиргажээ. Баян Европын жуулчид ч их очдог байж. Куба орон тэр цагт “Cuba, la Perla del Caribe” (Куба Карибын тэнгисийн сувд”) хэмээх гоёмсог алдар нэртэй цэцэглэн хөгжиж, доллар цутган орж ирдэг  орон байжээ.


Сайны хажуугаар саар байдаг нь амьдралын хууль болохоор Америкийн буруу гарынхан Хавана-гийн казино, мөрийтэй тоглоом, зугаа цэнгэлийн бизнесийг эзэмшиж, хар тамхи, архидалт, янхандалтын үүр болгоод хаяж. Тэнд мэдээж өнөөх “алдарт” авлига, хээл хахууль газар авжухай. Хөгжиж байсан хэдий ч хот хөдөөгийн, баян хоосны ялгаа ихсэж. Нэг үгээр, өнөөгийн манай нөхцөл байдалтай тун төстөй болсон байх юм.


Энэ нөхцөл байдал Батистын дэглэмийн эсрэг тэмцлийн галыг өрдөж 6 жил үргэжилсэний эцэст 1959 оны Кубын хувьсгал (Revolución Cubana) ялалтад хүрч, хувьсгалчид засгийн эрхийг авлаа. Тэд, юуны өмнө гадаадын хөрөнгө оруулалтыг хавчин шахаж, Куба дахь Америкийн компаниудын өмчийг улсын мэдэлд хураав.


АНУ зөрүүлээд эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэллээ. Хоёр орны харилцаа эрс муудав. “Муу” Америктай сөргөлдсөн хүчтэй хувьсгалч инерцээрээ “хөрөнгөтөн” гэж хараадаг улсуудтайгаа бас түнжин хагаржуухай. Ингээд өөрсдөө “мөнгөнийхөө крант”-ыг хаав. Байснаа идсээр түрүүвч нь хоосрох руугаа маягтай болоод явчих нь тэр. Ингээд Куба мөнгөний эрэлд гарчээ. “Бид юуны ч тухай ярьж байсан, эцсийн эцэст мөнгөний л тухай ярьж байдаг” гэдэг нэг хоржоонтой америк үг байдаг гэдгийг бишгүй нэг сонсоноо санасан юм болов уу даа. Шинэ хүчтэй холбоотон хайж, үр дүнд нь 1960 оноос Зөвлөлт Холбоот Улстай ойртож эхэлсэн байна.  Тэр жилээс эхлэн ЗХУ, Кубын элсэн чихрийг дэлхийн зах зээлийн үнээс өндөр үнээр худалдан авч (манайх ч бас авч байсан. Кубын гээд боровтор, том ширхэгтэй сахар, бас “Monte Cristo” бил үү дээ, Havana сигарийн хаягдлаар хийдэг байсан гэх аймаар гашуун тамхи байдагсан). газрын тос нийлүүлж, үйлдвэрүүд байгуулж, их хэмжээний зээл олгож, эрүүлийг хамгаалах системийг өөд нь татаж, бүх нийтээр бичиг үсэгтэй болгох зэрэг эерэг төслүүд хэрэгжүүлэхийн зэрэгцээ орчин үеийн зэвсэг нийлүүлж, цэргийн зөвлөхүүд ажиллуулжээ.


Кастро-гийн Куба ийнхүү хоромхон зуурын хугацаанд Зөвлөлтийн хамгийн ойрын холбоотон боллоо. 1960 оноос Зөвлөлт Холбоот Улс Кубын хувьсгалт засгийн газрын эдийн засаг, цэрэг, улс төрийн гол ивээн тэтгэгч болсон юм байна. 


Зөвлөлтийн цөмийн зэвсэг, дайсагнагч Америкийн яг өрцөн дор, (ердөө 150 км) маш нууцаар ирж байрласан байх нь тэр. Саяхан жуулчдын диваажин “Карибын тэнгисийн сувд” хэмээн шагшигдаж байсан энэ гоё арал-улс гадаадын цэргийн бааз болж хувирлаа. Америк аюулын харанга дэлдэн, хариу арга хэмжээ авч мөн цөмийн зэвсгээ агсав.  


Дэлхийн №1, №2 хүчирхэг гүрэн “буугаа сугалан” өөд өөдөөсөө сөрөн зогсов.


Кубыг “булаацалдсан” Америкийн Нэгдсэн Улс, Зөвлөлт Холбоот Улсын (залгамжлагч нь өнөөгийн ОХУ) тэмцэл ужгирсаар энэ хоёр гүрэн төдийгүй хүн төрөлхтөн цөмийн дайны ирмэг дээр дэнжигнэх хүртлээ ширүүн байлаа шүү дээ. Даян дэлхий 3-р дайны ирмэг дээр ирлээ. Дээрхи зураг бол 1962 оны Карибын пуужингийн хямрал-ын тухай  алдарт улс төрийн шог зураг юм.


Зүүн талд нь: ЗХУ-ын Коммунист Намын Төв Хорооны 1-р нарийн бичгийн дарга Никита Хрущёв, баруун талд нь  АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф. Кеннеди нарыг дүрсэлжээ. 1962.10.16-28-ны хооронд дэгдсэн энэ дуулиант явдлыг түүхэнд “Карибын хямрал” гэж нэрлэдэг. Оросоор: Карибский кризис гэдэг, бид түүгээр нь явдаг. Харин олон улсын хүрээнд Cuban Missile Crisis  (Англи/Инглиш), Crisis de los Misiles en Cuba (Испани)-иар тус тус нэрлэдэг гэж Chat GPT хэлж байна. Тэр жилийн намрын шувтаргаар, Кубын тэр өдрүүдэд л байхдаа, бодвол. Нэг өглөө түгшүүрийн дохио дуугарч, бүгд гэрээсээ сандран гүйлдэж гарч ирлээ. Хавь ойрын бүх байрныхан гаднаа цуглан нэг л түгшүүртэй царайлан зогсоцгооно. Одоо санахад Америкийн империалистууд ах дүү Куба орон руу атомын бөмбөг хаях гэж байна. Тэгээд дараа нь манай Зөвлөлт ах руу, дараа нь бүх ах дүү социалист орнууд руу, мэдээж манай Монгол руу атомын бөмбөг хаяхаар зэхэж байна. Иймд ард иргэд өндөр сонор сэрэмжтэй байж...гэх мэтээр суртал ухуулга явж байсан нь балчир ухаанд үлдсэн нь бүдэг бадаг санагдана. Иргэний хамгаалалтын сургуулилалт хийж байсан шиг байгаа юм. Энэ утгаараа 1959 оны Кубын хувьсгал (Revolución Cubana) нь Латин Америкийн XX зууны хамгийн нөлөө бүхий хувьсгалуудын нэг бөгөөд зөвхөн Кубын төдийгүй “Хүйтэн дайн”-ы түүхэнд хүчтэй нөлөөлсөн үйл явдал юм. 


Орос оо, гэж (өмнө нь Зөвлөлт Холбоот Улс) геополитикийн төслүүддээ шатаж ханахгүй нэг гүрэн байна aа. Хайран ч мөнгө. Улс орноо, ард түмнээ хөгжүүлсэн бол ч, энэ их гүрэн даян дэлхийн манлайлагч байх бүрэн боломжтой юмсан.


Энэ хорвоог цусан улаан тугаар бүрхэж, бүх ертөнцийг эрхшээх дэлхийн хувьсгалын онолдоо мөнхөд үнэнч байхаар яалтай ч билээ. Асар их зардал гаргасан геополитикийн бүх төсөл нь бүтэлгүйдэн дампуураад одоо Беларусь, Хойд Солонгос хоёртой л зууралдаад үлдэх шив. Иран бол ойлгомжтой, Оросын төсөл байгаагүй ч холбоотон нь байсны хувьд одоо яг намагтаа шигдэн живж байна. Харин бүхэл бүтэн 67 жил оросын их гүрний төсөл байсны хувьд Кубын уналт хаяанд иржээ. Энэ тухай түүх сөхье. Ах дүү хоёр Кастро нь Кубын бүтэлгүйдлийн гол буруутнаар АНУ-ыг, барууны “империалистууд” гэгчийг тодруулан тэдэнтэй харилцаагаа таслан Зөвлөлт Холбоот Улсын дэмжлэг тусламжтайгаар хэт зүүний социалист бодлогыг 67 жилийн турш хэрэгжүүлсний дүнд Куба орон одоо ядран доройтож өнөөгийн хүнд, өлсгөлөнгийн нөхцөл байдал үүсээд байна. Ийнхүү 60 гаруй жил Зөвлөлт Холбоот Улс, үргэлжлүүлээд өнөөгийн Орос Кубад зориулж асар их, тэрбум тэрбум доллар цацсан. Гэвч энэ улс олигтой хөгжсөнгүй. Гол нь эдийн засгийн өсөлт, хөгжил бус, империализмын эсрэг тэмцэхэд тэр их мөнгө зарцуулж, эцэст нь аль алин нь өнөөдөр гар хоосон хоцорч байна. Ухаан санаанд багтамгүй триллион, триллион доллар шүү дээ.


Тооцоол доо, 1.000.000 $ х 1.000.000 $ = 1.000.000.000.000 $. Нэг триллион нь энэ. Энийгээ хэд дахин нугалах биз. Оросууд бараг өөрсдөө ч тооцож чадахгүй байх. Үүнийг төгрөгийн ханшаар үржүүлээд бодоорой гээд би зориуд тоогоор бичиж байна л даа. 


Ганц л дүгнэлт. Куба хөгжөөгүй нь ч дүүрчээ дүүрч. Хайран их мөнгө, ердөө л хийрхүү, хоосон үзэл суртал, түүгээр баясдаг үзэл санааны төлбөр. Өнөөдөр Куба маш хүнд бүр “нуман тулгуурт” орлоо. Орос тэдэнд туслах нь байтугай өөрөө ч “нуман тулгуурт” байна. Тэд сүүлчийн холбоотнууд болох Сириэ жил гаруйн өмнө гэнэт алдчихсан. Венесуэлээ энэ оны эхээр гэнэт алдчихсан. Одоо Ираныг алдаж байна. Дараагийнх нь Куба болж таарлаа. Гарцаагүй тэгж харагдаж байна. Орос өөрөө ч хэсэг зуур тэсэх л байх, потенциалаараа, тэр их массаараа. Гэхдээ алсдаа явуургүй болсон байх аа. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп гуай Куба улсыг хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг чиг хандлага–эдийн засгийн чөлөөт зах зээл, түүний амин сүнс болсон ардчиллыг эрхэмлэн дээдэлсэн орон болгохыг зорьж байна. Тэр, түүний Засгийн газар, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга–жинхэнэ куба хүн Марко Рубио, эрх чөлөөг тахин шүтэгч америкчууд Куба оронд эрх чөлөөг бэлэглэхийг хүсэж байна. Ердөө л ийм процесс яваад байх шиг. 1959 оны хувьсгалаар тогтсон коммунист засаглал-коммунизмын сүүлийн цайз нуран унаж байна. Коммунизмын үзэл санаа бол хүний мөн чанарын эсрэг үзэл юм. Тэр бол ердөө л сайхан мөрөөдөл төдий зүйл гэдгийг өмнө нь капиталын нийгэмд байсан Кубачууд мэдэхтэйгээ. Улс орны, хүн ардын ой санамж гэж нэг юм байдаг даа. Дээр бичсэнчлэн, Куба орон чинь цагтаа богинохон хугацаанд ч болов чөлөөт зах зээлийн эдийн засагтай “Карибын сувд” (La Perla del Caribe) гэдэг гоёмсог нэр алдартай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй (голчлон чихрийн нишингэ), хөнгөн үйлдвэр хөгжсөн, түүнээ дагаад эдийн засаг нь давгүй орон байсан тухайд бол би үүнийг Куба хүний амнаас сонсож байсан шүү.


Оюутан цагтаа буржгар үстэй перу-кубын эрлийз залуутай айхтар дотно биш ч найрсаг харилцаатай байсан. Адилхан зураачид, бас л адилхан хаалттай “соц” нийгэмд төрж, өссөн. Манай хоёр орон чинь “ах дүү” орнууд байлаа шүү дээ. Бид хоёр үзэл санаа нэгтэйгээ мэдэлцээд бурж өгнө. Үүний шалтгаан нь бидний мэргэжил.


Ёстой сонирхолтой нэг юм бол, хаа очиж Кубад Польш шиг уран зургийн жанрууд чөлөөтөй байсан юм билээ. Манайх шиг “соц реализм” дээрээ гацчихаагүй. Түүнээс үүдээд л нөгөө яриа нь далийсаар далийсаар Дали-Сюрреализм, бусад “изм” руу гулсчихаж байгаа юм.  Тэр нь цаашаа, мэдээжийн хэрэг улс төр, эдийн засаг, нийгэм, соёл урлаг, цэрэг зэвсэг, ахуй амьдрал, үзэл санаа, ёс суртaхууны өргөн хүрээг хамарч, эцэстээ “Коммунизмын үзэл санаа”-ны эсрэг л юм болоод явчихдаг юм. Ер нь “соц” орнуудын зураачид бараг бүгд анти-коммунистууд байсан даа. Бид ёс юм шиг хэвшмэл-догмаитизмыг үзэн ядагчид. Ардчилал, эрх чөлөөг эрхэмлэгчид. Энэ бол аксиом-батлах шаардлагагүй дээ. Ийм байр суурь, үзэл бодолтой болохыг урлагийн түүх, мэргэжил маань бидэнд “зааж” өгдөг юм. Кубын ард түмний олонх нь “коммунист” дэглэмд дургүй гэдгийг тэр найз маань хэлж байсансан. Одоо тэд дэглэмийнхээ эсрэг босч байна. Оросыг дагасан бүхэн адаг гарт очиж унадаг нь түүхэн үнэн гэдгийг бид одоо ч харж байна. Яагаад энэ олон улс “Русский Мир”-ээс зугтаад байна? Манай зарим нь “Орос ах, орос ах” гэхээсээ өмнө бодоосой билээ. Одоогийн Кубын эрх баригчид нь ч Кастро шиг туйлшрагчид биш шиг байна. Аан, тэр Фиделийн дүү Рауль Кастро юу? Тэр одоо “шүдгүй арслан” болсон. Гэснээс нэг сонирхолтой дурсамж байдаг. Мань эр “шүдтэй арслан” байхдаа манай ЭСЯ дээр гэнэт давхиж ирээд монгол архи тун дуртайяа зооглож байхдаа Зөвлөлтөд дургүйгээ хэлж байсан удаатай юм билээ. "Хоёр мангасын дунд тэсч үлдсэн Монголын төлөө" гэж хундага өргөж байсан тухай Элчин сайд байсан хүн нь ярьж байсныг, дипломат-нэрт нийтлэлч Дашдоржийн Баярхүү бичснийг уншиж байсан. 


Куба улсын өнөөгийн Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел, түүний Засгийн газар нь АНУ-ын талтай саяхан яриа хэлэлцээ эхлүүлснийг бид уншиж, сонсож бас үзэж байна. Цагийн салхи сэвэлзэж, эерэг тал руугаа эргэж байна.


Төгсгөлд нь сонирхуулахад, өмнөх нийгэмийн үед “Монгол-Кубын найрамдлын Нийгэмлэг” гэж байлаа. Дарга нь Холбооны Яамны 1-р орлогч сайд Д.Гарам-Очир гуай. 1984 онд Кубын хувьсгалын 25 жилийн ой гээд нилээн хүндтэй тэмдэглэж байсан. Түүний даалгавараар энэ ойд зориулж Монгол улс марк, дугтуй (Г.Раднаабазар, Т.Отгонбаяр нар зурсан) хэвлүүлсэн билээ. 

   

Ах дүү Куба, Кубачууд эрх чөлөөтөй болох болтугай.  

¡Que Cuba viva en libertad!


Тодын Отгонбаяр (Зураач Лондон)