Хятад-АСЕАН-ы Гадаад хэргийн сайд нарын уулзалт 22-нд Филиппиний Манила хотод болов. ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И, Хятад-АСЕАН-ы харилцааны зохицуулагч орон Малайзын Гадаад харилцааны сайд Мохамед Хасан нар хамтдаа уулзалтыг даргаллаа. АСЕАН-ы гишүүн орнуудын Гадаад харилцааны сайд нар болон АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга нар арга хэмжээнд оролцлоо.
Ван И хэлэхдээ, энэ жил Хятад-АСЕАН-ы иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны таван жилийн ой тохиож байна. Хоёр талын удирдагчдын стратегийн удирдлаган дор Хятад, АСЕАН-ы хамтын ажиллагаа үр өгөөжтэй үр дүнд хүрсэн юм.
Ван И дараах дөрвөн санал санаачилгыг дэвшүүлэв. Үүнд:
Нэгдүгээрт, бүс нутгийн энх тайван, хөгжлийн таатай орчныг хамгаалах.
Хоёрдугаарт, бүс нутгийн хөгжлийн уян хатан, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх.
Гуравдугаарт, инновац, ногоон хөгжлийг дэмжин урагшлуулах.
Дөрөвдүгээрт, хүн төвтэй үзэл баримтлалыг баримтлах зэрэг болно.
Ван И мөн Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаарх Хятадын зарчимт байр суурийг танилцуулж, Өмнөд Хятадын тэнгис нь талуудын хамтын гэр орон болохыг онцлов.
АСЕАН-Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойших таван жилийн хугацаанд хүрсэн үр дүн, ололт амжилтыг оролцогч талууд өндрөөр үнэлэв. Хятад улс нь АСЕАН-ы хамгийн чухал найрсаг хөрш, яриа хэлэлцээний түншүүдийн нэг бөгөөд хамгийн том худалдааны түнш болно гэдгийг санал нэгтэйгээр зөвшөөрөв. Мөн АСЕАН, Хятадын харилцаа нь хамгийн идэвхтэй, бодит үр дүнд чиглэсэн хамтын ажиллагааны нэг бөгөөд бүс нутгийн ард түмэнд бодит үр өгөөж авчирч байгаа гэлээ.
Уулзалтаар “Ойрхи Дорнодын нөхцөл байдлын өөрчлөлт бүс нутагт үзүүлэх нөлөөллийг шийдвэрлэх болон бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай Хятад-АСЕАН-ы Гадаад хэргийн сайд нарын хамтарсан мэдэгдэл”-ийг батлав.
Даваа - 07 сарын 27,
2026
Сэтгэгдэл0