sonin.mn

Улаан тэнгисээр нэвтэрч байсан Саудын Арабын нефть тээвэрлэгч хөлөг онгоцууд руу дайрсан гэдгээ Йемений хуситууд мэдэгдсэний дараа газрын тосны үнэ 5 дугаар сараас хойш анх удаагаа 100 доллароос давж өсжээ. Энэ тухай Kazinform агентлаг ВВС-гийн мэдээллээс эш татан уламжиллаа.


Хуситууд Encelia, Layla гэх хоёр танкер руу пуужин ба дроноор довтолсон нь Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдлыг хурцатгаж, нийлүүлэлтийн сүлжээнд доголдол үүсгэв.


Саудын Арабын SPA мэдээллийн агентлаг албан ёсны эх сурвалжаас эш татан мэдээлснийг үзвэл, хуситуудын цохилтод өртсөн Encelia танкерын урд хэсэгт гал гарсан байна. Далайн тээврийн эрсдэлийг менежментээр дагнасан Их Британийн Vanguard групп уг танкер халдлагад өртсөнийг баталсан бол Layla хөлөг онгоц руу дайрсан тухай мэдээлэл батлагдсангүй. Энэ бол Иранаас тусламж дэмжлэг авдаг хуситуудын бүлэглэл Саудын Арабын эсрэг “тэнгисийн бүслэлт” хийснээ зарласнаас хойших анхны дайралт юм. Дайралтын улмаас пүрэв гарагт Брент маркийн нэг баррель нефтийн үнэ 6 хувиар өсөж, 100 доллароос давсан байна.


Ираны тал Ормузын хоолойг хааснаас хойш Саудын Араб экспортолж буй нефтийнхээ 70 гаруй хувийг Улаан тэнгис дэх Янбу боомтоор дамжуулан тээвэрлэж байгаа юм.


Хэрвээ хөлөг онгоцууд Баб-эль-Мандебын хоолойгоор дамжин Улаан тэнгисээс гарч чадахгүй бол Суэцийн сувгаар дамжих цорын ганц гарц үлдэж байна. Эл тохиолдолд тээвэрлэлтийн хугацаа хэдэн долоо хоногоор уртсаж, зардал эрс өснө. Түүнээс гадна, Блүүмбэрг агентлагийн мэдээлэлд дурдсанаар, Оросын Хар тэнгисийн эрэг дэх Каспийн нефть дамжуулах хоолойн консорциумын терминалын үйл ажиллагаа зогссоны улмаас Казахстанд олборлолт буурсан, дэлхий даяар нефтийн нөөц буурсан, АНУ-Ираны мөргөлдөөн өргөжин даамжирч, Америкийн тал 12 хоногийн турш шөнийн цагаар Иранд цохилт өгсөөр байгаа нь үнэ өсөхөд нөлөөлжээ.  



Б.Адъяахүү