sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долоодугаар сарын 2-нд олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ, АНУ болон НАТО-гийн харилцаа "утгагүй" бөгөөд "харилцан ашигтай биш" гэжээ.


Тэрээр мөн "Одоог хүртэл АНУ НАТО-д бусад бүх улсаас хавьгүй их хөрөнгө зарцуулсан. Бид тэднийг хамгаалахын төлөө ийм их мөнгө зарцуулсан ч хэзээ ч бодит ашиг хүртэж байгаагүй" хэмээсэн байна.


Трамп нийтлэлдээ хэд хэдэн улсын батлан хамгаалахын жилийн зардлыг, тухайлбал: Америк – 999 тэрбум ам.доллар, Их Британи – 90.5 тэрбум ам.доллар, Франц – 66.5 тэрбум ам.доллар, Итали – 48.8 тэрбум ам.доллар, Польш – 44.3 тэрбум ам.доллар гэж дурдаад, үүний дараа "Утгагүй!" хэмээн онцолжээ.

Удалгүй дахин нийтлэл оруулахдаа "АНУ ийм ганц талын харилцааг цаашид үргэлжлүүлэх нь утгагүй. Учир нь энэ харилцаа харилцан ашигтай биш. НАТО-гийн холбоотнууд бидний талд байдаггүй" гэж мэдэгдээд дээрх батлан хамгаалахын зардлын мэдээллийг баганан графикийн хамт оруулжээ.


Сүүлийн жилүүдэд Трамп Европын холбоотнуудаас батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэхийг тогтмол шаардаж, НАТО-гийн гишүүн орнуудын батлан хамгаалахын жилийн төсөв нь дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) эзлэх хувь шаардлагад хүрэхгүй байна хэмээн олон удаа шүүмжилж ирсэн.


Түүний шахалтын үр дүнд НАТО-гийн гишүүн орнууд 2025 оны зургаадугаар сард 2035 он гэхэд батлан хамгаалахын жилийн зардлаа ДНБ-ий 5 хувь хүртэл нэмэгдүүлэхээр хамтран зөвшөөрсөн юм. Гэсэн хэдий ч АНУ НАТО-г илүү "түншлэлийн зарчимд суурилсан" хэлбэрээр хөгжүүлэх байр сууриа хэвээр хадгалсаар байна. 


Г.Бямба