sonin.mn

Эрхэм Олимпын их гэр бүлийн гишүүд,

тамирчид, дасгалжуулагчид, спортын зүтгэлтнүүд, олимпизмыг дэмжигч нийт ард иргэд Та бүхэндээ Олон улсын Олимпын өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.


Олимпын өдөр бол зөвхөн спортын баяр бус, харин хүн төрөлхтний эв нэгдэл, энх тайван, нөхөрлөл, хүндлэл, шударга өрсөлдөөн зэрэг олимпизмын үнэт зүйлсийг дэлхий нийтээрээ хамтдаа тэмдэглэн бататгадаг онцгой өдөр юм.


Энэ жилийн Олимпын өдрийг Олон улсын Олимпын хороо “Let’s Move” буюу “Хөдөлцгөөе” уриан дор тэмдэглэж байна. Энэхүү санаачилга нь хүн бүрийг, ялангуяа хүүхэд залуучуудыг өдөр тутмын амьдралдаа илүү идэвхтэй хөдөлж, спортыг амьдралын хэв маяг болгоход уриалж буйгаараа онцлог юм.


Спортын үнэ цэнэ зөвхөн медаль, амжилтаар хэмжигдэхгүй. Спорт нь хүнийг өөртөө итгэх итгэлтэй болгож, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэн, хамт олныг нэгтгэж, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах хүч юм.


Энэ жил Монголын олимпын хөдөлгөөний хувьд түүхэн ач холбогдолтой жил тохиож байна.


Учир нь Монголын Үндэсний Олимпын Хороо байгуулагдсаны 70 жилийн ой тохиож энэ хугацаанд олимпизмын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлж, тамирчдын амжилтыг дэмжин, хүүхэд залуучуудын оролцоо, олимпын боловсролыг хөгжүүлэх үйлсийг манлайлан хэрэгжүүлж ирлээ.


Монгол Улс 1962 онд Олон улсын Олимпын хороонд элсэж, 1964 оноос Олимпын наадамд оролцож, энэ цаг мөчөөс үе, үеийн тамирчид эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж, олимпын бахархам түүхийг бүтээсээр ирсэн билээ.


Олон улсын Олимпын өдөр болон МҮОХ-ны 70 жилийн ойг тохиолдуулан нийт иргэд, хүүхэд залуучууд та бүхэндээ спортыг амьдралынхаа салшгүй хэсэг болгон, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэхийг уриалж байна.


Олимпын хөдөлгөөн, спортын хөгжлийн төлөө хамтран зүтгэж буй нийт тамирчид, дасгалжуулагчид, спортын холбоод, олимпын зүтгэлтнүүд, түнш байгууллагууд болон спортод хайртай нийт ард иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.


Та бүхэндээ Олон Улсын Олимпын өдрийн баярын мэндийг дахин хүргэж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!


Хөдөлцгөөе, Хөгжье, Нэгдье


Олимпизмын гэгээн туг Монгол оронд минь үеийн үед мандан бадрах болтугай.


Хүндэтгэсэн: ОУОХ-ны гишүүн, Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Батболдын Баттүшиг