“Зууны мэдээ” сонины энэ удаагийн “Дөрвөн хөлтэй анд” буландаа Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, аймгийн аварга адуучин Ц.Балжинням болон түүний үнэнч “найз” Толбот бор морийг онцолж байна.
Ц.Балжинням удам дамжсан аварга малчдын залгамж халаа юм. Түүний өвөө Мондгой гэж мал маллах ухаанаараа нутаг орондоо алдаршсан аймгийн аварга малчин хүн байв. Харин аав Цэрэндорж нь Монгол Улсын аварга малчин бөгөөд малд хайртай, тэр дундаа агт сайн морьдыг эдэлж сургахдаа гойд гаргууд нэгэн байжээ. Ц.Балжинням өвөө, аавынхаа “Малыг хайрлаж байж үр шимийг нь хүртэх ёстой” гэх алтан сургаалаар хүмүүжиж, багаасаа амьтанд хайртай нэгэн болж төлөвшжээ. Тэрээр цэргийн алба хааж байхдаа хүртэл ангийнхаа агт морьдыг хариулж, үүргээ нэр төртэй гүйцэтгэдэг байсан тухайгаа хуваалцсан юм.
“Бор морь маань эзнээсээ өөр хүнийг өөртөө ойртуулах дургүй”

-Адууг сургахдаа эвээр харьцаж, ухаанаар гаршуулах нь чухал. Тэгвэл хурдан эзэндээ дасдаг ухаантай амьтан шүү дээ. Бор морь маань эзнээсээ өөр хүнийг өөртөө ойртуулах дургүй. Адуучин хүн уналгын морио сонгохдоо хамгийн түрүүнд удмыг нь харж, дараа нь багаас нь гаршуулан сургах нь чухал. Адууг сургаж байх явцдаа маш болгоомжтой харьцахгүй бол бага насандаа үргэдэг, хуламддаг, тангардаг муу зан суучихвал тэр нь засагддаггүй.
Адуучин хүн дан ганц ур чадвартай байгаад амжилтад хүрч чадахгүй. Унах морио зөв сонгож, багаас нь бэлтгэж байж л амжилтад хүрдэг. Би 2023 онд Увс аймгийн аварга шалгаруулах адуучин тэмцээнд түрүүлж, аймгийн аварга адуучин болсон" гэв.
Бор морины минь ах нар унахад хөл хөнгөн, хол замд ачаалал даадаг, уналгад түшигтэй сайн морьд байсан юм. Гэвч багаас нь сургаагүй болохоор ташуур шүүрэх үед үргэж бусгах гэдэг байв. Тэгээд л бор гүүнээсээ эр унага гарвал багаас нь сургана даа гэж боддог байлаа. Санаснаар минь ч болж толботой бор унага гарсан. Толбот бороо дааганд нь өнжөөж, шүдлэн үрээнээс нь сургаж эхэлснээр бие томтой, хөл хөнгөн, хол замын уналга даадаг, хээр талд эзнээ явгалахааргүй номхон болгож сургасан.
“Адуучин” тэмцээн малч ухааныг давхар шалгадгаараа онцлог”

-“Адуучин” тэмцээн нь монгол эр хүний ур чадварыг сорихоос гадна унах морио хэрхэн бэлтгэж байгаа малч ухааныг давхар шалгадгаараа онцлогтой. Багаасаа адуу малтай ойр байж, дөрвөн цагийн эргэлтэд хээрийн сэлүүн салхинд дээлээ гандааж явдаг хийморьлог залуустай өрсөлдөнө гэдэг амаргүй. Тэр дундаас эв дүй, эр зоригтой, байхаас гадна сайн морьтой хүн нь л шалгарч гардаг.
Би толбот бор морьтойгоо 30 гаруй тэмцээнд оролцож, шагналт байруудад шалгарч байсан.
“Адуучин” тэмцээн болон бусад үед унах дуртай олон морь байдаг ч Толбот бор морио унаад явахад тайван, зоригтойгоор ташуур шүүрч, морь бугуйлддаг. Ер нь бор морьтойгоо хамт оролцсон тэмцээн бүхэн дурсамж дүүрэн байдаг. Нэг тэмцээнд оролцохдоо өндөр оноотой явж байгаад морь бугуйлдаад татах үед бугуйл тасарснаас болж оноо алдаж Толбот бортойгоо сэтгэл гонсгор буцаж байсан.
С.БАТТУЛГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Лхагва - 06 сарын 17,
2026
Сэтгэгдэл0