sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /ANADOLU/. Биткоины ханш өчигдөр 76 мянган доллароос доошилсноор криптовалютын дэлхийн зах зээлийн нийт үнэлгээ сүүлийн 24 цагийн дотор 4.22 хувиар буурч, 2.56 их наяд доллар болсон тухай дүн шинжилгээний CoinMarketCap компани мэдээллээ.

Зах зээлийн үнэлгээгээрээ тэргүүлдэг криптовалют болох биткоины ханш сүүлийн нэг хоногийн дотор 4.6 хувиар, долоо хоногийн хугацаанд 5 хувиар доошилжээ. Нэг хоногийн дотор 76 мянган доллароос буурсны дараа Туркийн цагаар 23:00 цагийн үед 76 241 доллароор арилжаалагдаж байв. Мөн сүүлийн 24 цагийн дотор Ethereum-ийн ханш 6.1 хувиар буурч, 2258 доллар болжээ.




АНУ-ын Конгрессын завсрын сонгуулийн дараа Америкийн хөрөнгийн биржүүдэд хувьцаануудын ханш, ялангуяа технологийн компаниудын хувьцааны ханш огцом унасан нь криптовалютын зах зээлд нөлөөлж эхэллээ.




Завсрын сонгуульд Ардчилсан нам ялж, Конгрессын хоёр танхимд хяналтаа тогтоосон нь хиймэл оюун ухаан, өгөгдөл боловсруулах төвүүдийг хянах хяналт чангарна гэсэн болгоомжлолыг улам лавшруулсан байна. Үүнээс үүдэн тухайн салбарын компаниудын хувьцааг зарах гэсэн хүмүүсийн тоо эрс нэмэгдэж, хувьцаануудын үнэ унах нөхцөл бүрджээ.


Сүүлийн 24 цагийн хугацаанд Dow Jones индекс 1000 гаруй пунк буюу бараг 3 хувиар, S&P 500 индекс 3 гаруй хувиар, Nasdaq индекс 4 гаруй хувиар тус тус унасан байна.

Түүнээс гадна, Ардчилсан нам Конгресст олонх болсон нь цаашдаа криптовалютын зах зээлийн ба цахим активуудын зохицуулалтын тал дээр тодорхойгүй байдлыг үүсгэлээ. Тухайлбал, цахим активуудыг зохицуулах эрхзүйн орчныг бүрдүүлэх зорилготой CLARITY Act гэдэг хуулийн төслийг шинэ оноос өмнө батлах магадлал багасжээ. 



Б.Адъяахүү