“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Старт апп” буландаа “Нандин бэлэг” брэндийн үүсгэн байгуулагч Б.Уянгыг урьж, ярилцлаа.
-“Нандин бэлэг” брэндийн үүсэл хаанаас эхлэлтэй вэ?
-Монголын мянга мянган ээжүүдийн адил амьдралын саад бэрхшээлийг хамтдаа туулан нөхөртөө тус дэм болох чин хүсэл эрмэлзэлтэй бүсгүй байна. 2023 онд жирэмсний амралтаа аваад гурав дахь хүүгээ өлгийдөн авч, гэртээ байх үед нэг хүний цалингаар аж амьдралаа зохицуулах нь манай өнөөгийн нийгэмд амар зүйл биш. Магадгүй энэ айл бүрд тулгардаг асуудал болов уу. Тиймээс гэртээ хүүхдээ харангаа юу хийж болох вэ гэж их бодож, судалсан. Мөн өөрийнхөө хамгийн сайн хийж чаддаг буюу олон давтамжтай хийхдээ хэзээ ч уйдамгүй зүйлийг эрэлхийлсэн. Би хүнд бэлэг өгөхдөө хэрэгтэй, өмнө нь авч байгаагүй гоё бэлэг өгчих юм сан гэж үргэлж боддог. Ядаж бэлгийн уут савыг нь энгийн биш гоёмсог болгоод өгөхийг хичээдэг жижигхэн хобби маань өнөөдрийн “Нандин бэлэг”-ийг бий болгожээ.
-Бүтээгдэхүүн хөгжүүлэлтдээ хэрхэн анхаардаг вэ. Өнөөдрийн байдлаар хэдэн төрлийн бүтээгдэхүүнд хэвлэл хийж байгаа вэ?
-Анх гоё үгтэй бэлэн аяга худалдаж аваад хөөрхөн хэлбэртэй түлхүүрийн оосор, жижиг амттан зэргийг нэмээд эвтэйхэн боож баглаад онлайнаар зарж эхэлсэн. Баярын өдрүүд таарч байсан болохоор борлуулалт санасныг бодоход тун давгүй байсан. Тиймээс хэрвээ энэ гоё үгсийг аяган дээр монголоор бичээд сав баглаа боодлыг улам сайжруулбал олон хүнд таалагдах юм байна гэдгийг ойлгосон. Ингээд хэвлэлтэй аяга сонирхох аялал маань эхэлсэн.
Хамгийн анх энгийн цагаан аяган дээр сайхан үгс, гоё зураг, хөгжилтэй загваруудыг хэвлэж, хэвлэлтэй шоколад бэлгийн ууттай багц болгон гаргасан.
Мэдээж үйлчлүүлэгчдийн хүсэл сонирхол, урмыг үгс биднийг дахин өөр олон төрлийн хэвлэл гаргах хүлээлт, шинэ санааг бий болгож байсан. Өдгөө Нандин бэлэг нь 14 төрлийн 50-д бүтээгдэхүүн дээр хэвлэл хийж байна.

-Танай брэндийн бусдаас ялгарах давуу тал, онцлогийг юу гэж хардаг вэ?
-Хэвлэл хийх загвар гаргах бүртээ “Ямар загвар хүнд таалагдах бол”, ”Хэрвээ би хайртай хүндээ бэлэг бэлэглэвэл ямар ерөөлийн сайхан үг хэлэх билээ”, “Хүний санаанаас гарахгүй баяр баясал бэлэглэх хошин мааз үгс нэмэх үү” гэж өөрийгөө үйлчлүүлэгчийнхээ оронд тавьж, тунгаан бодсоны эцэст загварууд маань гардаг.
Мэдээж энэ хүртэл тийм ч амар байгаагүй. Хүүхдүүдээ харахын хажуугаар хийж байгаа болохоор ядарна. Мэдэхгүй зүйлтэй тулгарна. Санхүүгийн асуудлаас эхлээд эхэлж байсан цэг дээрээ дахиад гацна. Гэхдээ тэр бүрд “Би хийж чадна”, ”Хийвэл хийсэн шиг хийнэ” гэдэг бодон энэ бүгдийг даван туулах хүчтэй болдог.
Манайх найман төрлийн аяга, таван төрлийн усны сав, гурван төрлийн шилэн жааз, хоёр төрлийн шилэн цаг, долоон төрлийн чулуун жааз, таван төрлийн гэрэл асдаг декор, дөрвөн төрлийн утасны кейс, гурван төрлийн модон хүрээтэй жааз болон пивоны бакал, виноны хундага, хэвлэлтэй уут, асаагуур, модон, шилэн, хамбан өргөмжлөл, түлхүүрийн оосор зэрэг бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүссэн зураг, лого, үг, хошин мааз загвараар хамгийн түргэн шуурхай хүргэж байна. Мөн хурим найрын гарын бэлэг, хүүхдийн баяр, төрсөн өдөр гээд бүхий л тэмдэглэлт өдрийн гарын бэлэг гээд хайртай хүмүүсээ баярлуулж болох бүхий л цаг үед нь бид таны найдвартай хамтрагч байж итгэлийг тань хэзээ ч алдахгүй гэдэгт итгэлтэй байна.
-Энэ хугацаанд хамтран ажиллах байгууллага, үнэнч хэрэглэгчдээ хэрхэн нэмэгдүүлж байна?
-Хань маань маш дайчин үнэхээр шаргуу хүн. Миний хийхийг хүссэн бүх зүйлсийг хамгийн ихээр дэмждэг. Баярын ачаалал ихтэй үеэр үүр цайтал ажлаа хийгээд суух үе бидэнд цөөнгүй. Баяр бүрээр "Загвараа гаргачээ танайхаас бэлгээ авна шүү" гээд холбогддог үнэнч хэрэглэгчид бий. Тэдэндээ үргэлж талархдаг. Тиймээс энэ олон хүний итгэлийг алдахгүйн төлөө хичээж л явна. Олон хүнд баярлуулсан болохоор ажил минь үргэлж бүтэмжтэй байдаг болов уу гэж боддог юм.
Одоогоор Нандин бэлгээс орон нутгийн арваад дэлгүүр, хувь хүмүүс худалдан авалт хийж нутагтаа бизнесээ өргөжүүлж байна. Мөн хамтарч ажиллахыг хүсдэг дэлгүүр хувь хүмүүсд үргэлж нээлттэй гэдгийг хэлмээр байна.
“Цалинтай ээжийн 50 мянга” балконы өрөөнөөс эхэлсэн миний нандин бизнес өргөжин 2025 онд бага охиноо төрдөг жил "Нандин бэлэг"-ийн бүтээгдэхүүнтэй уялдуулан сав баглаа боодол, парти шопын бөөний “Нандин дэлгүүр”-ээ амжилттайгаар нээж чадсан. Энэ бүх цаг хугацаа алдсан алдаа, нойргүй хоносон өдрүүд, олон олон талархлууд бүгд надад хамгаас эрхэм нандин дурсамж, сургамж болон үлджээ.
-Тэгвэл танай хамт олны зорилго, бизнесийн дараагийн алхам хаашаа чиглэж байгаа вэ?
-Бидний зорилго зах зээл дээрх хамгийн боломжит үнээр хамгийн нандин дурсамжийг буулгаж, шинийг эрэлхийлэхэд оршдог. Мөн 2027 ондоо шинэ нэр төрлийн хэвлэлүүд нэмэх, хэрэглэгчдэдээ илүү ойртож шинэ салбар нээх, ижил төрлийн бизнес эрхэлдэг хэвлэлийн компануудад үйлдвэрээс түүхий эд бүтээгдэхүүн нийлүүлэх тал дээр зорин ажиллаж байна Монгол орны маань өнцөг булан бүрээс захиалга өгч, гоёхон урмын үгсээ харамгүй илгээдэг та бүхнийхээ энэ халуун дулаан сэтгэлээр бид хөглөгдөж урам зориг итгэл төгөлдөр амжилттайгаар урагшилдаг юм шүү.
Эргээд харахаар бүгд тэгээс эхэлж, мэдэхгүйгээс туршлага хуримтлуулдаг. Хэрвээ ямар нэг зүйл хийхийг хүсэж байгаа бол тууштай, чин сэтгэлээсээ хийгээд л байгаарай. Гаргасан сэтгэл, нойроо хугасласан шөнө бүрийн чинь тоогоор амьдрал шагнах гээд хүлээж байдаг. “Хайртай хүмүүсийг нь хамт баярлуулъя” гээд “Нандин бэлэг”-нхээ уриагаар энэ ярилцлагаа өндөрлье.









П.ЛХАГВАЖАРГАЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Пүрэв - 11 сарын 05,
2026
Сэтгэгдэл0