Нийслэлд мах “магнаг” болж, зургаадугаар сарын эхээр зарим худалдааны төвүүдэд үхрийн цул мах 39 мянган төгрөгт хүрсэн. 70 сая малтай Монгол Улсад нэг кг махыг 40-өөд мянган төгрөгөөр худалдаж авна гэдэг өмнө нь тохиолдож байгаагүй хүнд асуудал. Махны үнийн өсөлт бусад хүнсний бүтээгдэхүүн өсөх, цаашлаад инфляц өсөх, иргэдийн худалдан авах чадварт ихээр нөлөөлдөг. Жил бүр иргэдийн хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг худалдаалдаг. Энэ жилийн хувьд нөөцийн махны нийлүүлэлт сул байснаар махны үнэ өсөхөд нөлөөлсөн гэдгийг тогтоосон.
Тэгвэл махны үнэ ямар байгааг сурвалжлахаар бид Баянгол, Хан-Уул дүүргийн хэрэглэгчдэд үйлчилдэг Гурвалжингийн гүүр, “Хөсөг трейд”-ийн баруун урд байрлах Малчид мах худалдаалах цэгийг зорилоо.
Тус төвд малчдаас мах нийлүүлдэг бөгөөд үхрийн цул мах 28-32 мянган төгрөгийн үнэтэй бол хонины гулууз нэг кг нь 21-23 мянган төгрөгөөр борлуулагдаж байна.
Махны үнийн талаар “Малчид мах худалдаалах цэг”-ийн захирал Б.Түвшинжаргал “Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад махны үнэ 1000-1500 төгрөгөөр буурсан. Манай төвд үхрийн мах дунджаар 28 мянган төгрөгийн үнэтэй. Хонины мах 22-23 мянган төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Өдөр болгон шинэ нойтон мах худалдаалдаг. Хэрэглэгчдээс махны үнэ, чанарын талаар гомдол ирээгүй. Чанартай, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн шинэ мах худалдаалахыг зорьдог” гэлээ.
Нийслэлийн зүгээс өдөрт нийлүүлэх нөөцийн махны хэмжээг нэмэгдүүлсэн гэдгээ мэдэгдсэн.
Тодруулбал, өдөрт 15 тонноор нийлүүлдэг байсан нөөцийн махыг 25 тонн болгож нэмэгдүүлсэн байна. Зах зээлд махны нийлүүлэлт нэмэгдсэнээр махны үнэ 1000-1500 төгрөгөөр буурсан бөгөөд үнэ тогтворжих хандлагатай байгааг махны худалдаачид хэлж байна.
Даваа - 06 сарын 15,
2026
Сэтгэгдэл1
Хотод шүлхийтэй үхрийн мах зарж байж тун болзошгүй шүү. Үхрийн мах бүү авч идэцгээ.