sonin.mn

УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултад хариулсныг сийрүүлэн хүргэж байна.


Сүүлийн үед бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд ард иргэд ихээхэн нэрвэгдэж байна. Энэ асуудал дээр АН-ын зүгээс махны үнийг жишээ болгон авч акц эхлүүлж байна. Тэгэхээр ард түмэнд өнөөдөр нэг төрлийн гарц, шийдэл ирж байна гэж ойлгож болох уу?


Өнөөдөр Монголын ард түмэн маш хүнд нөхцөлд амьдарч байна. УИХ-ын гишүүд ард иргэдийн бодит амьдралаас хол байна гэдгийг би олон удаа ярьж байсан.

Гэтэл өнөөдөр УИХ хаалгаа хааж байгаад АМНАТ буюу ашигт малтмал ашигласны төлбөрийг 1.7 хувиар бууруулах асуудлыг ярьж байна. Харин гадаа энэ хүмүүсийг сонгосон ард түмний төлөөлөл дуу хоолойгоо хүргэж, үзэл бодлоо илэрхийлж байна.

Тиймээс УИХ-ын гишүүд, төр засгийн тэргүүнүүд ард түмэнтэйгээ гарч уулзах хэрэгтэй. Тэд ердөө 50 метрийн зайд байгаа иргэдийн асуудлыг сонсох ёстой.


Өнөөдөр амьдралын өртөг, махны үнэ өндөр байгаа нь бодит асуудал. Яагаад ийм байдалд хүрч байна вэ гэвэл төрийн бодлого, хариуцлагын асуудалтай холбоотой гэж харж байна.


Ашигт малтмалын хууль тодорхой ашиг сонирхол, лоббины нөлөөгөөр орж ирж байна гэж үзэж байна. Дэлхий дээр зэсийн үнэ өсөж байгаа энэ үед улс орнууд ашигт малтмал ашигласны төлбөрөө нэмэгдүүлж байхад Монгол Улс эсрэгээрээ бууруулах гэж байна.

Чили улс гэхэд зэсийн салбарын орлогоос өндөр хэмжээний төлбөр авч байна. Гэтэл Монгол Улс 5 хувийн хэмжээнээс бууруулж, 1.7 хувийн асуудал ярьж байгаа нь зөв шийдвэр биш гэж үзэж байна.

Энэ шийдвэрээс болж Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн нуруун дээр асар их ачаалал ирж байна. Мөн төрийн өмчит байгууллагын томилгоо, тендерийн асуудал, авлигын асуудлыг анхаарах хэрэгтэй.

Эрдэнэтийн үйлдвэрийн удирдлагын томилгоо, төрийн бодлого дээр ард иргэдийн итгэлийг алдах асуудлууд гарч байна. Монгол Ардын намын удирдлагууд энэ асуудалд хариуцлагатай хандах хэрэгтэй.


Би өмнө нь Монгол Ардын намын удирдлагуудыг зүгээр л алдаа гаргаж байгаа хүмүүс гэж боддог байсан. Гэтэл өнөөдөр гаргаж байгаа шийдвэрүүдийг харахад илүү ноцтой асуудал байна гэж харж байна.Би Монгол ардын намын удирдлагуудыг зүгээр нэг тэнэг улсууд байнаа л гэж боддог байсан тэгсэн чинь харин шал тэнэг улсууд байна.


Өнөөдөр зэсийн үнэ өсөж байхад АМНАТ-ыг бууруулна гэдэг шийдвэрийг ямар тооцоо, ямар мэргэжлийн дүгнэлт дээр үндэслэж гаргасныг асуух хэрэгтэй.

Мөн залуу хүмүүс төрд орж ирж байгаа нь боломж гэж харж байна. УИХ-ын гишүүд Нара-Нарантуяа, Батнайрамдал, Очирбат, Лодойсамбуу зэрэг хүмүүс ард иргэдийн асуудлыг ярьж, боломжийг ашиглаж ажиллах хэрэгтэй гэж үзэж байна.


АМНАТ-ын хуулийг бууруулж байгаа нь хөрөнгө оруулалт татах зорилготой гэсэн тайлбар гарч байгаа. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ?


Хэн гэдэг ухаалаг эксперт ямар тооцоо, судалгаанд үндэслэж ийм дүгнэлт гаргасан юм бэ гэдэг асуулт байна.

Бусад улс оронд зэсийн үнэ өсөж байгаа үед ашигт малтмалын орлогоо нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Харин Монгол Улс эсрэгээрээ бууруулах гэж байгаа нь ойлгомжгүй.

Зэсийн роялтиг 1.5-1.7 хувиар бууруулна гэдэг нь миний тооцоолж буйгаар жил бүр 600 тэрбум төгрөгийн орлогыг алдах эрсдэлтэй.

Энэ бол багшийн цалин, тэтгэвэр нэмэх, метро зэрэг бүтээн байгуулалтын ажилд зарцуулах боломжтой мөнгө. Тиймээс энэ шийдвэрийг дахин нухацтай авч үзэх хэрэгтэй гэж хэлмээр байна.


Б.Төгсбаясгалан