Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлээс: “Төрийн мөнгө уйлахгүй Эрдэнэс монгол” сэдвээр мэдээлэл хийлээ.
Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн дарга Ж.Мөнгөншагай энэ үеэр: "Бид улс төрийн ажил хийх гэж энд ирээгүй. Монгол Улсаа "Эрдэнэс Монгол" гэх мухар олгойгоос салгахаар ирсэн. "Эрдэнэт" үйлдвэр гэхэд жилд менежментийн зардал гэх нэрийн дор 90 орчим тэрбум төгрөгийг зөвхөн "Эрдэнэс Монгол" ХХК-д өгч байна. Гэхдээ ашгийн хувиар биш орлогын хоёр хувиар явж байгаа юм.
"Эрдэнэт" үйлдвэр 50 орчим жил үйл ажиллагаагаа явуулж буй ажил хийхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж цаашлаад хүний нөөц гээд бүх бүтцийн нэгж бий. Тиймээс бид "Эрдэнэс Монгол" ХХК-д харьяалагдаж байгааг эсэргүүцэж байна.
Эрдэнэт үйлдвэр дээр үндсэндээ гурван "толгой" байна. Нэгдүгээрт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Хоёрдугаарт, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Гуравдугаарт, Эрдэнэс Монгол ХХК байна. Хамгийн сүүлд 2022 онд Эрдэнэт үйлдвэр болон төрийн өмчит 17 үйлдвэрийг "Эрдэнэс Монгол "ХХК-ийн харьяанд шилжүүлсэн.
Чухам энэ шийдвэрийг бид эсэргүүцэж байгаа юм. Учир нь улсын төсөвт төвлөрөх боломжтой байсан ойролцоогоор 750 тэрбум төгрөгийг "Эрдэнэс Монгол" ХХК өөрийн үйл ажиллагаанд зарцуулж байгаа нь асуудал дагуулж байна. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр жил бүр ойролцоогоор 90 тэрбум төгрөгийг зөвхөн Эрдэнэс Монгол ХХК-д "менежментийн зардал" нэрээр төлдөг. Гэхдээ энэ нь ашгаас биш, орлогоос тооцогдож байгаа нь маргаан дагуулж байна.
Эрдэнэт үйлдвэр бол 48 жилийн түүхтэй, өөрийн бүх бүтэц, зохион байгуулалт бүрэн төлөвшсөн үйлдвэр.
Хүний нөөцийн алба, захиргаа, аппарат, хууль эрх зүйн хэлтэс, механикийн хэлтэс зэрэг бүх бүтцийн нэгжүүдтэй, чиг үүргээ бүрэн хэрэгжүүлдэг байгууллага. Тиймээс дээрээс нь дахин менежмент хийх нэрээр өөр бүтэц давхардуулж байгааг бид эсэргүүцэж байгаа юм.
"Олон толгой, олон гар оролцвол асуудал үүсдэг" гэсэн үг байдаг. Хэрэв менежментийн үйлчилгээ үзүүлж байгаа бол яагаад ашгаас нь хувь авахгүй, орлогоос нь авдаг юм бэ гэсэн асуулт гарч ирж байна.
Мөн засаглалын хувьд ч ихээхэн эргэлзээ үүсэж байна. Эрдэнэт үйлдвэр төрийн өмчийн тухай хуулиар явах уу, эсвэл компанийн тухай хуулиар явах уу гэдэг нь тодорхойгүй болсон.
Монголын хууль тогтоомжид тодорхой зохицуулагдаагүй шийдлүүдийг хэрэгжүүлж байгаа мэт харагдаж байгаа нь асуудлын нэг гол шалтгаан юм.
Өнөөдөр төрийн өмчит үйлдвэрийн газруудын дээр дахин компани байрлачихсан бүтэц бий болсон байна. Компани гэдэг бол ердийн иргэн ч байгуулж болдог хуулийн этгээд. Жишээ нь, Мөнгөншагай гэдэг хүн өөрийн ХХК-тай байж болно. Тэгвэл төрийн өмчит ХХК-уудын дээр дахин ХХК байрлаж, тэдгээрийг удирдаж байгаа нь ямар эрх зүйн зохицуулалт, ямар хуулийн үндэслэлээр хэрэгжиж байгаа вэ гэдэг нь өнөөдрийн гол маргаан, асуулт болоод байна." гэв.
Б.Төгсбаясгалан
Пүрэв - 05 сарын 21,
2026
Сэтгэгдэл2
Эхлээд МАН гэдэг хорт хавдраас салах хэрэгтэй.
Эрдэнэс Монгол кампанид шалгалт оруулах хэрэгтэй Тэр их мөнгийг юунд зарцуулсан