sonin.mn

БАТСУУРИЙН ЗОЛЖАРГАЛ (1989-2026)


Жүжигчин Батсуурийн Золжаргал 2026 оны тавдугаар сарын 19-ний өдөр зуурдаар таалал төгсөж, гэр бүл, үр хүүхэд, анд нөхөд, төрөл төрөгсөд төдийгүй Монголын театрын урлагт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.


Б.Золжаргал нь 1989 оны тавдугаар сарын 29-нд Улаанбаатар хотноо төрсөн. 1997-2007 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 47 дугаар сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол, 2007-2011 онд Соёл урлагийн их сургуульд Монгол Улсын Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдоржийн удирдлага дор суралцаж, жүжигчний мэргэжил эзэмшжээ.


Тэрээр 2011-2013 онд “Гацуурхан” хүүхэд залуучуудын театрт жүжигчин, 2013-2023 он хүртэл Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажиллан, их тайзнаа олон дүрийг чадварлаг бүтээсэн залуу үеийн шилдэг жүжигчдийн нэг байлаа. Б.Золжаргал нь Б.Лхагвасүрэн “Үгүйлэгдсэн хайр” жүжгийн Отгоолойгийн дүрээр УДЭТ-ын жүжигчний гараагаа эхэлж, Л.Флеччер “Уучлаарай та дугаар андуурч” жүжгийн туслах найруулагч, жүжгийн Нэгдүгээр эр, Уильям Шекспир “Ромео, Жульетта хоёр” жүжгийн Бенволио, Лев Толстой “Адууны түүх” жүжгийн Холстомер, Б.Цогнэмэх “Тэнгэрийн хүү” жүжгийн Аравтын баатар, Г.Ибсен “Нора” жүжгийн зарц, А.Шартолгой “Саран хөхөө” жүжгийн Баруун хаалгач, М.Сервантес “Кихот ноён” жүжгийн Ноён, Софокл “Эдип хаан” жүжгийн харуул, Д.Намдаг “Оролмаа эх” жүжгийн Санж, Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын “Царцаа Намжил” жүжгийн Намжил, Б.Шүүдэрцэцэг “Ану хатан” жүжгийн Сэвдэнбалжир, Ш.Гүрбазар “Жаргаагүй нар” жүжгийн Цагдор, К.Людвиг “Оддын өвчин” жүжгийн Тахар, Л.Толстой “Анна Каренина” жүжгийн зарц, “Хаадын хаан.Андгай” жүжгийн Хучар, Б.Мөнх-Амьдрал “Миний аав супер баатар” жүжгийн Өмхий хар, Б.Брехт “Сычуаны сайн хүн” жүжгийн хөгжимчин, Э.Нямдулам “Мартагдсан жүжиг” жүжгийн Максын дүр зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний түүхэн, орчин үеийн, хүүхдийн жүжгүүдийн гол болон туслах дүрүүдийг бүтээжээ.


Тэрээр театрын уран бүтээлээс гадна кино урлагт идэвхтэй ажиллаж “Босго тотго”, “Тэрбумын хэрэг”, “Маш нууц-1”, “Аав”, “Застав”, “Бараг л аймшгийн кино”, “No rules-3”, “Чан Аны Литчи” (Хятад улсын олон ангит кино) зэрэг уран сайхны кино болон олон ангит, богино хэмжээний бүтээлүүдэд дүр бүтээж, үзэгч олны хайр хүндэтгэлийг хүлээсэн билээ.


Б.Золжаргал нь дүр бүтээхдээ хүний сэтгэл зүй, зан чанар, хувь тавиланг мэргэжлийн өндөр түвшинд илэрхийлдэг, мэдрэмжтэй, хөдөлмөрч уран бүтээлч байсан юм. Тэрээр хурц, шийдэмгий, дүрүүдийг чадварлаг бүтээхийн зэрэгцээ хувь хүний зан чанар, хувь заяаг нарийн урлаж, хүний сэтгэлийн гүнд хүрэх эрдэмд алхам тутамдаа суралцаж байсан юм. Тэрээр хамт олондоо өмөг түшигтэй, уран бүтээлчдийг манлайлан ажилладаг, ард олон болон анд нөхдийнхөө хайр хүндэтгэлийг хүлээсэн хариуцлагатай, чадварлаг, омог бардам уран бүтээлч байлаа. Мөн УДЭТ-ын дэргэд “ДРАМ-3” хамтлагийг байгуулж, “Макарена”, “Нүдээ аниад төсөөл”, “Тэрбумын хэрэг” зэрэг дууны уран бүтээлээр үзэгч олныхоо сонорыг мялаасан билээ. Жүжигчин Б.Золжаргал нь 2018 онд “Гэгээн муза” олон улсын театрын наадмаас хүүхдийн жүжгийн төрөлд “Царцаа Намжил” жүжгийн Намжилын дүрээр шилдэг эрэгтэй гол дүр, 2023 онд “Гэгээн Муза” олон улсын театрын наадмаас Б.Мөнх-Амьдралын “Миний аав супер баатар” жүжгийн Өмхий харын дүрээр шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг тус тус хүртэж, уран бүтээлээ мэргэжил нэгтнүүд болон олон улсын хэмжээнд үнэлүүлсэн юм.


2019 оны ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулагдсан “Байкальский талисман” хүүхдийн жүжгийн фестивальд “Царцаа Намжил” жүжгийн Намжилын дүрээр амжилттай оролцжээ.


Батсуурийн Золжаргалын хөдөлмөр, авьяас чадварыг төр болон олон нийт өндрөөр үнэлж, 2015 онд МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль, 2016 онд Улсын драмын эрдмийн театрын 85 жилийн ойгоор БСШУСЯ-ны “Жуух бичиг”, 2018 онд “Шилдэг ажилтан”, 2020 онд “Соёлын тэргүүний ажилтан”, 2021 онд Улсын Драмын Эрдмийн Театрын 90 жилийн ойгоор МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар” медалиар тус тус шагнажээ. Авьяас билэг, хөдөлмөр зүтгэлээрээ тайз, дэлгэцийн урлагт өөрийн гэсэн өнгө төрхийг бүтээж, үзэгч түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн авьяаслаг уран бүтээлч Б.Золжаргал таны минь гэгээн дүр, бадрангуй зан чанар, цайлган сэтгэл бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэж, Монголын театр, кино урлагийн түүхэнд үүрд мөнх үлдэх болно. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, үе үеийн уран бүтээлч анд нөхөд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.


УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРЫН ХАМТ ОЛОН