Ерөнхий Сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрээр энэ үеэрээ: "Бидний үед Монгол Улсын төсөв 8 их наяд төгрөг байсан бол өнөөдөр 30 их наяд хүрч, бараг 4 дахин өссөн байна. Гэхдээ төсөв 4 дахин өссөнөөр иргэдийн амьжиргаа, амьдрал мөн адил хэмжээнд сайжирсан уу гэдэг хамгийн чухал асуулт юм. Татвар, хураамжаар бүрдсэн мөнгө өсөөд байхад иргэдийн бодит орлого, худалдан авах чадвар, амьдралын чанар хэр нэмэгдэв гэдгийг л ард түмэн харж байгаа.
Засгийн газар гэдэг зүгээр мөнгө тараадаг байгууллага биш. Ард иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэхийн төлөө ажиллах ёстой. Өнөөдөр төсвийн байнгын хороон дээр би асуусан. “Монгол Улсын төсөвлөсөн орлого бүрэн орж ирж байна уу?” гэж. Гэтэл төлөвлөсөн 1 их наяд төгрөг дөрөвдүгээр сарын байдлаар орж ирээгүй байна. Цаашлаад энэ онд орж ирэх ёстой байсан 1 их наяд төгрөгийг өнгөрсөн онд нь урьдчилж зарцуулсан байна. Өөрөөр хэлбэл, бодит байдал дээр 2 их наяд төгрөгийн дутагдалтай явж байна гэсэн үг.
Ийм нөхцөлд “тэтгэвэр нэмэх нь зөв үү, буруу юу” гэж маргахаасаа илүү эрх баригчдаас “энэ хүндрэлийг ямар бодлогоор, ямар дарааллаар шийдэх гэж байна вэ” гэж асуух ёстой.
Өнөөдөр засаг барьж байгаа нам УИХ-д ч, Засгийн газарт ч олонх болсон. Тиймээс хариуцлагаа үүрч, тодорхой шийдэл танилцуулах хэрэгтэй.
Засгийн газрын үндсэн үүрэг бол иргэдийн амьдралыг сайжруулах. Үнийн өсөлтийг хязгаарлах, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг бодит боломжид ойртуулах, үр ашиггүй зардлыг бууруулах, дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих энэ бүхэн хамгийн чухал зорилт байх ёстой. Өнөөдөр бараа бүтээгдэхүүний үнэ иргэдийн амьжиргаанаас давж, амьдрал улам хүнд болж байна.
Тиймээс 30 их наяд төгрөгийг хэнд, юунд, ямар үр ашигтайгаар зарцуулах вэ гэдэг нь хамгийн чухал асуудал. Төсөв томорсон нь өөрөө амжилт биш. Харин тэр мөнгө иргэдийн амьдралд бодит өөрчлөлт авчирч чадаж байна уу гэдэг л төр засгийн ажлын үнэлгээ болно." гэлээ.
Б.Төгсбаясгалан
Мягмар - 05 сарын 12,
2026
Сэтгэгдэл0