sonin.mn

"4:11 мэдээллийн цаг" мэдээллийн цаг боллоо.


Хэвлэлийн бага хуралд АН-ын удирдлагууд оролцов. Энэ үеэр Ардчилсан намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:


"Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал өчигдөр /2026.05.06/ боллоо. Энэ нь хурал гэхээсээ илүү алдаа, оноогоо дэнсэлсэн дүгнэлтийн шинжтэй хурал боллоо. Тус хурлаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргыг жинхэллээ. Сүүлийн хэдэн сарын үйл явцын хүрээнд 10-аад жилийн турш хаалттай байсан нам үүд хаалгаа нээлээ.


2016, 2020, 2024 онуудад Ардчилсан нам үүрэг гүйцэтгэгч нарийн бичгийн даргатайгаар үйл ажиллагаа явуулж байсан бол одоо бүтэц, зохион байгуулалтын бүрэн шинэчлэл хийлээ.


Цаашид Ардчилсан нам бодлогын зөвлөлүүдэд хуваагдан ажиллана. Нийт 12 бодлогын зөвлөлтэй байхаар болсон. Эдгээр зөвлөлийн үйл ажиллагааг уялдуулах журмыг баталлаа. Мөн ганц жилийн дараа болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчээ хэрхэн, ямар хүрээ хязгаарын дагуу тодруулах тухай дүрэм, журмаа боловсрууллаа. Түүнчлэн 24 сарын дараа болох Улсын их хурлын сонгуулийн нэр дэвшигчийг хэрхэн тодруулахтай холбоотой эрх зүйн баримт бичгээ мөн гаргасан.


Ардчилсан намын дотоод цэгцрэлт үндсэндээ дууссан. Одоо гадагшаа чиглэсэн улс төрийн үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, улс төрийн машинаа шинэчлэн тордсон үйл явдал болж өнгөрлөө.


Намын төлөөллийн төв байгууллага, аймаг, дүүрэг, нийслэлийн намын хороодын бүрэлдэхүүний ойролцоогоор 70 хувь нь шинэ, залуу хүмүүсээс бүрдсэн. Тэдгээрийн 60 орчим хувь нь 39 хүртэлх насны залуучууд байна. Ардчилсан намд томоохон өөрчлөлтийн салхи орж ирлээ. Мөн салбар хариуцсан таван дэд даргыг сонгосон." гэв.


Харин АН-ын ЕНБДарга С.Баярцогт: "Ардчилсан нам бол ард түмнээсээ хамгийн өргөн оролцоотой, доороосоо зохион байгуулалттай ажиллаж чаддаг нам гэдгээ Монгол Улсад бүртгэлтэй 30 гаруй намаас үлгэр жишээ болгон харуулж чадлаа. Бүтэн 4-5 сарын турш үргэлжилсэн шинэчилсэн бүртгэл, зохион байгуулалтын ажлын хүрээнд аймаг, дүүргийн намын байгууллагуудаа шинэчлэн зохион байгуулж, Үндэсний бодлогын хороогоо сонгон, Их хурлаа хийж, Хяналтын ерөнхий хороогоо байгууллаа. Эдгээр ажлууд үе шаттайгаар хэрэгжсээр, өчигдрийн хуралдаанаар зохион байгуулалтын асуудлуудаа бүрэн шийдэж чадлаа.


Ардчилсан нам бол үнэхээр олон ургалч үзлийг уралдуулдаг, ардчилсан, нээлттэй, чөлөөтэй нам. Харин одоо бид илүү цэгцтэй, зохион байгуулалттай нам болж чадаж байна. 36 жилийн өмнө тусгаар тогтнол, ардчилал, зах зээлийн эдийн засгийн төлөөх үзэл санаан дээр олон хүчний нэгдлээс үүссэн Ардчилсан нам өнөөдөр хоёр дахь шинэ сэргэн мандалтаа эхлүүлж чадлаа гэж харж байна. Манай таван дэд дарга улс орны олон салбарыг төлөөлсөн, орон нутаг болон нийслэлийн төлөөллийг багтаасан байдлаар ажлаа хариуцан ажиллана. Мөн эдгээр таван дэд дарга нь нам доторх таван фракцыг төлөөлж байгаа нь үзэл санаан дээрээ мэтгэлцэж, оюунаа уралдуулж чаддаг атлаа эв нэгдлийн төлөө нэгдэж чаддагаа харуулсан маш том илэрхийлэл боллоо гэж бодож байна.


Удахгүй буюу 6-р сарын 21-нд болох аймаг, иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуульд бид зохион байгуулалттайгаар оролцохоор ажилдаа орчихсон байна. Энэ сонгууль бол Ардчилсан намын шинэчлэлийн хамгийн том сорилт байх болно.


Нийт 48 субъект дээр, 5 аймаг, 34 суманд болох энэхүү сонгуульд Ардчилсан нам шинэчлэгдэж, чадавхжиж чадсан эсэхээ харуулах анхны том шалгууртай нүүр тулна. Бид энэ сонгуульд маш өндөр зохион байгуулалттайгаар оролцоно гэдгээ хэлэхэд таатай байна." гэлээ.



Б.Төгсбаясгалан