БЕЙРУТ, 2026 оны тавдугаар сарын 7 /Reuters/. Өнгөрсөн сард "Хезболла" бүлэглэлтэй гал зогсоох хэлэлцээр байгуулснаас хойш анх удаа Израил улс Ливаны нийслэл Бейрут хотод өчигдөр агаарын цохилт өгчээ. Израилын талын мэдээлснээр, тус улсын зэвсэгт хүчин Бейрут хотын өмнөд дүүрэгт байрлах тус бүлэглэлийн элит "Радван" ангийн командлагчийг онилсон байна.
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Батлан хамгаалахын сайд Израил Кац нар энэ талаар хамтарсан мэдэгдэл гаргажээ.
Ливанд гал зогсоосон нь АНУ, Ираны түр эвлэрлийн суурь болж байсан бөгөөд Ливанд Израилын цохилтыг зогсоох нь Ираны талын гол шаардлага байсан юм. Хоёр улс мөргөлдөөнийг зогсоох хэлэлцээр байгуулахад ойртож байгаагаа мэдэгдэж буй энэ үед Бейрут хотод цохилт өгсөн нь гал зогсоох хэлэлцээрт эрсдэл учруулж болзошгүй байна. Мөн лхагва гаргийн эхээр Израил улс Литани голоос хойд зүгт орших хэд хэдэн тосгоны оршин суугчдад хандан нүүхийг уриалсан нь Израилын цэргийн ажиллагааны бүс тэлж байгааг илтгэж байна гэж ажиглагчид үзэж байна.
Ливаны Ерөнхий сайд Наваф Салам лхагва гарагт хэлэхдээ, Ливан болон Израилын хооронд өндөр түвшний уулзалт хийх талаар ярихад эрт байна гэж мэдэгджээ.
Ливаны тал "Израилтай харилцаагаа хэвийн болгохыг бус, харин энх тайванд хүрэхийг зорьж байна" гэж тэрбээр хэлсэн байна. Ливаны Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, лхагва гарагт тус улсын өмнөд нутгийн Зелая хотод Израилын агаарын цохилтод өртөж дөрвөн хүн амиа алдсаны дотор хоёр эмэгтэй, нэг өндөр настан байжээ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 05 сарын 07,
2026
Сэтгэгдэл1
Зөв л дө ! Өөрсдийг нь хаяад дайны талбараас зугтаж зайлах гэж байгаа амёрикуудад израилууд дургүй байгаа бөгөөд тэр хэлэлцээ шүү юмыг нь тасалдуулахыг эрмэлзэж байгаа юм !