sonin.mn

ПАРИС, 2026 оны тавдугаар сарын 7 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиантай лхагва гарагт утсаар ярих үеэрээ Ормузын хоолойгоор дамжих тээврийг чөлөөтэй болгох нь чухал болохыг дахин мэдэгджээ.


Тэрбээр Ормузын хоолойгоор аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Франц, Их Британи улсуудын хамтран хэрэгжүүлэх олон улсын тусгай ажиллагааны төлөвлөгөөтэй танилцахыг Ираны төрийн тэргүүнд хандан уриалсан байна. 


“Энэ боломжийг ашиглахыг би Ираны Ерөнхийлөгчид уриалсан. Цаашид энэ асуудлыг Ерөнхийлөгч Трампын хамт хэлэлцэхээр төлөвлөж байна” гэж Э.Макрон "X" нийгмийн сүлжээний хуудсандаа мэдэгджээ. 


М.Пезешкиан Францын Ерөнхийлөгчтэй утсаар ярих үеэрээ “Иран улс олон улсын эрх зүйн хүрээнд дайныг зогсоох, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалахын тулд дипломат арга замыг эрэлхийлэхэд бэлэн байна” гэдгийг онцлон тэмдэглэснийг Ираны төрийн мэдлийн хэвлэлүүд уламжилсан байна. 


Тэрбээр мөн Америкийн талын гаргаж буй “дайсагнасан үйлдлүүд”, тэр дундаа хэлэлцээний явцад Ираны эсрэг хоёр ч удаа халдлага үйлдсэн АНУ-д итгэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. 




Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг