sonin.mn

ВАТИКАН, 2026 оны тавдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өнөөдөр Ватиканд айлчлах үеэрээ Ромын Пап Леотой "илэн далангүй" яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа тухай албаны эх сурвалжууд мэдээлжээ. Энэхүү айлчлалыг Ирантай хийж буй АНУ-Израилын дайны улмаас үүссэн хурцадмал байдал намжихгүй байгаа үед хийж байна. АНУ-аас Гэгээн Ширээт Улсад суугаа Элчин сайд Брайан Бёрч хэлэхдээ, талуудад бодлогын зөрүү байгаа хэдий ч илэн далангүй нээлттэй яриа хэлэлцээ хийнэ гэв.


Уулзалтын үеэр Куба, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа болон дэлхий даяарх шашны эрх чөлөөтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа Марко Рубио мэдэгдсэн байна.


Дональд Трамп Ромын Папыг цөмийн зэвсэгтэй болох Ираны эрмэлзэлд зөөлөн хандаж байна хэмээн өмнө шүүмжилсэн бөгөөд Пап Лео уг шүүмжлэлийг няцаагаад байгаа юм. Тэрбээр дайныг эсэргүүцэж, энх тайван тогтоохыг уриалан цөмийн зэвсгийн эсрэг Католик сүмийн олон арван жилийн турш баримталж ирсэн байр суурийг дахин илэрхийлжээ. 


"Сүмийн эрхэм зорилго бол энх тайвныг тунхаглах явдал юм” хэмээн Пап Лео цөмийн зэвсгийг дэмжиж буй мэтээр ярьж байгааг няцаахдаа мэдэгдсэн байна. 


М.Рубио мөн католик шашинтан бөгөөд тэрбээр айлчлалынхаа хүрээнд Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелонитой уулзах төлөвтэй байна. Сүүлийн долоо хоногуудад Ватикан байр сууриа илүү идэвхтэй илэрхийлж, Ираны эсрэг ажиллагаа, АНУ-ын цагаачлалын бодлогыг шүүмжлэхийн сацуу хүмүүнлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлж, яриа хэлэлцээг чухалчлахыг уриалсаар байгаа юм.




Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг