Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд би дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Дайны түүх, цэргийн урлагийн түүх сонирхдог. Ялангуяа Зөвлөлтийн армийн түүхээс багагүй мэднэ. Тэр мэдлэгээрээ дүгнээд Орос ба Путин Украиныг дийлэх нь өнгөрлөө гэсэн дүгнэлтийг бүр 2022 оны хавар Киевийн дэргэдээс оросын спецназ хөөгдөхөд хийчихсэн. Харьков, Херсоноос оросын цэрэг шившигтэй хөөгдөн гарч байхад итгэл үнэмшлээ бүр ч сориод авсан. Миний зөв байсан.
Бас нэг өчил байна. Би бол Оросыг, Оросын ард түмнийг үзэн ядагч биш. Дайныг үзэн ядагч. Путин тэргүүтэй өнөөгийн Оросын эрх баригчид, генералитет нь тусгаар тогтносон Украины эсрэг түрэмгий дайн өдөөсөн, тэр дайндаа бүдрээд унасан, одоо байтлаа Орос орноо баллаж тавьж байгааг л шүүмжлэгч.
Орос өөрөө өдөөсөн дайндаа бүдрээд унахад зөрүүлээд манай Монгол Хятадын саварт орчихно гэдэгт би огтоос итгэж чаддагүй нэгэн байна. Тийм тэнэг бодолтнуудыг (хөөрхий хэн нэгэн монгол л байгаа!) бол шоолно, ичээнэ, тавлана. Луугийн саварт орохгүй байх нь Та бидний эрх, ариун үүрэг. Путиных биш! Харин одоо юу бичхэв гэвэл Украинд өдүүлсэн дайных нь логик төгсгөл нүүрлээд ирэх вий гэх сануулга. Путиныг хувь хүн талаас нь би өрөвддөг.
Түрэмгийллийнхээ барьцаанд орчихсон хөөрхийлөлтэй хүн. Үр удам нь ирээдүйн Орост хог дээр гарна гэдгээс хүний хувьд би эмзэглэдэг. Лукашенкогийн тэр өндөр хөөрхөн шар хүү, бусад хөвгүүд нь ч Белоруссын ард түмний хайр хүлээх хувь тавилангүй болно гэхээс би айдаг.
2026 он! Ямар ч байсан “1 юм” болох дохио хангинаад байх шиг. Ялатын баяраа түүхнээ анх удаагаа хийморь сүлдгүйгээр ёс төдий оромдоод өнгөрөх гэж байна. Нэг юм хэлээд байна. Бизнесээ хуниулж, мөнгөө цоожлуулсан оросын элитүүд, бизнесчид, хоёр нүүрлэсэн чекистүүд нийлж байгаад Путинээ түүхийн хог болгочихож тун чадна. Ленинээ авралгүйгээр үхүүлсэн, инсульт болоод харвачихсан Сталинаа эмчлэхгүй үхүүлсэн, Хрущёвоо алахын наагуур хуйвалдан авч хаясан, Брежневээ нойрны эм өгсөөр байгаад үхүүлсэн, Горбачёвын эсрэг “ГКЧП” нэртэй төрийн эргэлт хийсэн ард түмэн шүү дээ. Путинээ тэгж их хайрлалаа гэж үү?
Путины эсрэг далд хуйвалдаан дээр улс төрчид, чекистүүд, олигархууд нэгдсэн гэх шуум тасрахаа байлаа шүү. Олон улсын хэд хэдэн хэвлэл телевиз, тухайлбал CNN, Financial Times, оросын сөрөг хүчний “Важные истории” сайтад Европын аль нэг улсын тагнуулын албанаас задруулсан илтгэх хуудас нийтлэгдэж ёстой сенсаац дэгдээж байна. Тэнд нь Кремль доторхи одоогийн уур амьсгал, Путины ойрын хүрээллийнхний тухай дүгнэн бичсэн юм байна. 2026 оны гуравдугаар сараас эхлэн түгшүүр зарлажээ. Кремлиэс нууц мэдээлэл алдагдаж, дотоод хуйвалдаан, эсвэл төрийн эргэлт хийх эрсдэл нэмэгдсэнд Путиныхэн санаа зовниж байгаа гэсэн байх юм.
Гол агуулга нь:
- Путины эргэн тойронд аюулгүй байдал, харуул хамгаалалтыг эрс чангатгасан.
- Путин, түүний гэр бүл Москва орчмын болон Валдай дахь шилтгээн харшдаа үзэгдэхээ больсон.
- Путин хаана байна гэвэл олон удаа сайжруулж бэхлэсэн бункеруудэд, ялангуяа Краснодар хязгаарт байрлах тусгай хэдэн байгууламжиндаа сэлгэн хоргодож байна. Хэрэг дээрээ нуугдаж байна.
- Путинтэй ойр ажилладаг бүх ажилтны гар утсыг хориглосон, эсвэл хатуу ханалтад авсан, тэднийг нийтийн тээврээр зорчихыг хориглосон.
- Сергей Шойгуг дээр доргүй хардаж, цэргийн ба төрийн эргэлт хийх боломжит фактор гэж үзэж байна.
- Шойгу нь Зэвсэгт хүчний дээд командлалд нөлөө бүхий тул төрийн эргэлт хийхээр оролдоод үзэх эрсдэлтэй.
- Хүчний байгууллагуудын хоорондын зөрчил ил болсон.
- Генералуудын эсрэг халдлага, аллага Зэвсэгт хүчний дунд айдас төрүүллээ. Яваандаа эмх замбараагүй байдал руу түлхэх магадлалтай, ар талд офицеруудаа биечлэн хамгаалах нөөц илт дутагдаж байна.
- БХЯ, ЗХЖШ, ФСБ, Росгвардын дунд аюулгүй байдал хангах уялдаа холбоо суларсан, зөрчилдөөн үүссэн.
- Өндөр албан тушаалын 10 генералын аюулгүй байдлыг тусгайлан чангатгасан.
- Харуул хамгаалалтын дотоод журамд Путин өөрөө өөрчлөлт оруулж, өндөр хамгаалалтад хамрагдах хүмүүсийн жагсаалтаа тэлэв.
- Путины амь насанд халдах, эсвэл дотоод хуйвалдаан дэгдэхээс болгоомжлох өндөр түвшинд хүрсний дохио бол Төрийн Думын нэг ч гишүүн Улаан талбайд Ялалтын баярын 5 дугаар сарын 9-ний парадад уригдаагүй явдал гэжээ.
Оросын коммунистуудын халаагүй удирдагч Г.Зюганов Путин дээр орж толгой түрийгүй загнаж аашилдаг, “Ажлаа орхи, ажлаасаа халагд!” гэдэг болсон тухай элдэв цуурхал тарсаар байна. Г.Зюганов зуурдаар нас барлаа, золгүй үхлээр үхлээ, цонхоор үсэрчээ гэсэн мэдээ түгэхэд би л лав гайхахгүй. Оросын нийгэм-эдийн засаг сүүлчийн нөөцөө арай ч шавхаагүй. Гэхдээ доод ёроол руугаа аажмаар гулссаар байна. Z-дайны буруутaн, Z-эдийн засгийн буруутан, Z-суртал нэвтрүүлгийн буруутан нь явж явж Z-ПУТИН!
Францын Ерөнхийлөгч Э.Макрон Ереванд их эвгүй мэдэгдэл хийчлээ. Оросыг найдвартай түнш биш гэж шууд нэрлэлээ. “Венесуэл, Сири, Иран зэрэг орнуудад Орос дорвитой дэмжлэг үзүүлээгүй, мөн Арменд ч тусламж үзүүлээгүй”, “Харин Франц нь Арменыг боломжийнхоо хэрээр дэмжсэн”, “Орчин үеийн дэлхийн хүн төрөлхтөн ОХУ-д хэт найдах хэрэггүй. 2020 онд тэд байгаагүй, маргааш ч мөн байхгүй” гэж Европын улс төрийн хамтын нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалт дээр улайтал хэлээд тавьчихдаг юм. Энд би юу буулгав. Хараал урсгалгүйгээр эрүүлээр сэтгээд үзээрэй. Путины өдүүлсэн дайных нь золиос явж явж Украин биш харин өөрөө болж хувирах зураглал нүднээ бууж байна. Европын тагнуулын мэдээг түгээхэд тусласан орчуулагч М.Туулдаа баярлалаа. Түүний twitter-ийн х.сom-ын мэдээ монгол түмнээ гэгээрүүлж байдагт нь үнэхээр их талархаж байна.
Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)
Лхагва - 05 сарын 06,
2026
Сэтгэгдэл3
МОНГОЛ ЦЭРГИЙН ХОШУУЧИЙН АМРЫГ ЭРЬЕ,,,,,БАЯРЛАЛАА,,
Орос оронд,,,,БӨГСпутин биш,,,,ХАОС ноёлож эхэллээ,,,
цэргийн сургууль төгссөн гэчихжээ.бөөн гажиг