ВАШИНГТОН, 2026 оны тавдугаар сарын 6 /Reuters/. Ормузын хоолойд харилцан гал нээх тохиолдлууд гарч байгаа хэдий ч Иран улстай байгуулсан гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр хэвээр байгааг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет мягмар гарагт мэдэгджээ.
Хегсет хэлэхдээ, хоёрдугаар сарын 28-нд мөргөлдөөн эхэлснээс хойш Ираны зүгээс тогтоогоод байгаа бүслэлтийг сэтлэх ажиллагааны хүрээнд АНУ-ын цэргүүд стратегийн стратегийн чухал ач холбогдол бүхий тэнгисийн тээврийн уг замын аюулгүй байдлыг хангаж чадсан тул олон зуун худалдааны хөлөг онгоц дамжин өнгөрөхөд бэлэн болоод байна гэсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан “Эрх чөлөө” (Project Freedom) ажиллагааны хүрээнд Ираны зургаан жижиг хөлөг онгоцыг живүүлж, хэд хэдэн пуужин болон нисгэгчгүй төхөөрөмжийг устгасан тухай мэдээлжээ. АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга Дан Кэйн хэлэхдээ, дөрөвдүгээр сарын 7-ны өдөр гал зогсоосноос хойш Ираны тал худалдааны хөлөг онгоцууд болон бүс нутгийн бусад бай руу хэд хэдэн удаа довтолсон боловч эдгээр довтолгоо бүрэн хэмжээний дайн дахин дэгдэх хэмжээнд хараахан хүрээгүй байна гэжээ.
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Иранд далайн хориг тавихын зэрэгцээ арилжааны хөлөг онгоцуудыг Ормузын хоолойгоор хамгаалан гаргаж байгаа юм.
Одоогийн байдлаар АНУ-ын далбаатай хоёр хөлөг онгоц цэргийн хамгаалалт дор уг замаар дамжин өнгөрөөд байгаа ч Ираны тал үүнийг үгүйсгэсээр байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, үүсээд буй сөргөлдөөний улмаас Персийн буланд 1500 гаруй худалдааны хөлөг онгоц, 22 мянга гаруй далайчин гацаад байгаа аж.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 05 сарын 06,
2026
Сэтгэгдэл0