-Cтратегийн ар тал-Гадаад ба Дотоод
Украины эсрэг Оросын цэргийн СВО нэртэй бүрэн хэмжээний дайн 5 дахь жилийнхээ босгыг (завсарлагагүй 1530 өдөр шөнө!) даваад цаашаа гурав дахь сардаа байлдаж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэр хангах үүднээс украины dialog.ua сайт; Финландын Ерөнхийлөгч А.Стубб, Польшийн Гадаад хэргийн сайд Р.Сикорски, Украины Ерөнхийлөгч В.Зеленский, украины улс төрч К.Буданов, А.Геращенко нарын ярьсныг орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь огт тусгагдаагүй болно. Оросын түрэмгийллийг хамгийн тууштай эсэргүүцдэг улс төрчөөр Оростой хил залгаа Финланд, Польш, Балтийн улсуудын удирдагчдыг нэрлэх ба Александр Стубб тэднийг ямагт хошуучилна.
Тэрээр дайн өдөөсөн Путины зорилго ба гүйцэтгэлийг ингэж дүгнэжээ:
1.Тэр Украиныг эзлэхийг зорьсон ч Украин нь улам бүр Европ руу хандарч, Евро-Атлантын орон зай руу илүү гүн гүнзгий нэгдэж нэвчлээ.
2.Тэр НАТО-гийн тэлэлтийг зогсоохыг хүссэн ч эцэст нь Финланд болон Швед энэ эвсэлд элсэж орлоо. Үүнээс гадна Финландын ачаар НАТО Oростой бараг хоёр дахин урт хилтэй боллоо. Финланд бол өвлийн дайны (1939-1940) үеэс эхлэн Оросын аливаа түрэмгийллээс сэргийлэх батлан хамгаалах хүчтэй бодлоготой улс юм.
3.Тэр Украинд халдсанаараа дэлхий дахинд үзүүлэх Оросын нөлөөллийг хүчтэй илтгэн харуулна гэж зорьсон бол өнөөдөр Куба, Венесуэл, Сири, Иран гээд нэрлэбэл Оросын нөлөө бараг байхгүй болсон мэт санагдаж байна.
Украиныг колоничлохыг 300 гаруй жил Орос санаархаж ирсэн. Энэ бол соёлын геноцид. Өнөөгийн дайн бол Оросын хамгийн сүүлчийн колоничлолын дайн. Энэ дайнд Украин ялах ёстой. Орос ялагдах ёстой–Радослав Сикорски, Варшаваас.
“Украины эсрэг дайнаа зогсоохгүй бол украины дронууд Оросын нутгийн гүнд стратегийн объектуудыг нь устгахаас өөр аргагүй байдалд хүрнэ” хэмээн Владимир Зеленский Путинд анхааруулжээ. Украины дрон ба алсын зайн нисэгчгүй онгоцууд-БпЛА Оросын нутгийн гүн дэх стратегийн байршил, байгууламж, объект руу цохилт өгч эхэлснээр дайны дараагийн шинэ үе шат, украины зэвсэглэлийн шинэ үе шатны эхлэл болно. Ингэснээр оросын эзлэн түрэмгийлэгч армийн чадавхи потенциал эрс унана, суларна хэмээн украины лидер “X.Сom” сошиал сүлжээндээ бичжээ. Dialog.ua сайтад бичсэнээр Оросын стратегийн объект гэдэг нь Рязаниас Татарстан хүртэл, Украинаас 1500 км алсад орших, жишээ нь Краснодар хязгаарын Туапсе хот дахь нефть боловсруулах цогцолбор завод мэт үйлдвэр завод, агуулах, нөөцлүүр олныг нэрлэнэ. Гурван удаа агаараас Туапсе руу халдаж үйл ажиллагааг нь бүрэн зогсоогоод байгаа энэ завод сонгодог жишээ нь. Заавал зэвсэг, байлдааны техникийг стратегийн объект гэхгүй, дайны эдийн засагт үйлчилдэг л бол эхний ээлжинд нефтийн баазууд бүгд цохилтын бай болно.
Шатаж буй нефть бааз, агаарт суунаглах хар утаа, бороо орсны дараа саарал кислота агаарт дэгдээд, ядаж байхад одоо Орост стратегийн хранилищ (хадгалах сав) гэж алга. Нэгэнтээ 1500 км давуулж тусах бичил пуужинтай болсных зөвхөн 4/25-ны шөнө гэхэд л Уралын нуруу давуулж Свердловск, Челябинск мужид цохилт өгчээ.
Челябинскад металлургийн комбинат өртжээ. ОХУ-ын Уралын тойргийн бүрэн эрхт төлөөлөгч Артем Жога гэдэг нөхрийн хүлээн зөвшөөрснөөр бол украины дронууд Уралын нурууны их уулсыг өлхөн давж ниссэн, тэнд агаарын довтолгооны хамгаалалтын ямар нэг зенит пуужин байхгүйтэй адил байгаа тул иргэддээ сонор сэрэмжтэй бай гэж уриалжээ. АНУ, Израилиас Иранд явуулж буй цэргийн ажиллагааг Зеленский ингэж үнэлжээ:–Бид Ирантай, Ираны улс төрчидтэй маш хэцүү харилцаатай байлаа. Яриа хэлэлцээ хийх гэж хүндхэн сорилттой тулгарч байлаа. Маш хэцүү цаг үеийг бид туулж өнгөрүүлсэн дээ. Бид тэдэнд муу зүйл ерөөсөө хийгээгүй. Гэтэл тэд манай иргэний агаарын тээврийн онгоцыг сөнөөсөн, зорчигчдыг нь алсан. Багийнхан, зорчигчид бүгд хамтдаа амь үрэгдсэн. Гэвч тэд гэмээ хүлээн зөвшөөрөөгүй, манай шинжээчдийг ч оруулаагүй. Дараа нь өргөн хүрээтэй дайн Украинд Орос дэгдээсэн. Тэд оросуудад шахед БпЛА, пуужин нийлүүлж тэр нь биднийг, манайхныг алж эхэлсэн. Бид тэдэнтэй холбоо барьсан, зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг гуйж хүссэн. Тэд Орос руу нэг л багц явуулна гэж амласан. Цаашаа нийлүүлэхгүй гэсэн. Харамсалтай нь худлаа хэлж, Орост зэвсэг зарж эхэлсэн. Тийм учраас бид Ираныг Оросын холбоотон гэж үзэж байна гэжээ.
Dialog.ua сайт “Сито Сократа” гэх дүн шигжилгээний төвийн мэдээллийг оруулжээ. АНУ, Израилийн хамтарсан томхон хэмжээний цэргийн кампани Иран дахь аятоллагийн дэглэмийн эсрэг чиглэсэн. Барууныхны анхаарлыг Украинаас холдуулахад Путины пропагандистууд Булангийн энэ дайныг ашигдахаар чадлаараа мэрийсэн боловч геополитикийн бодит ландшафт харин эсрэгээрээ өрнөж байна. Путины хувьд Ираны эсрэг энэ операц түүний ярьдаг олон туйлт дэлхийн тухай үлгэрийнх нь бараг төгсгөл болох биз.
Москва нь Тегерантай мөр зэрэгцэн олон улсын харилцаанд нэг том туйл болж байгаа гэх үлгэр төгсөх цаг айсуй. Онилсон ганц цохилтоор аятолла Али Хаменеи алагдсаныг Путин хэрхэн хүлээн авсан бэ гэвэл нэг чухал холбоотноо алдсан гэхээсээ илүүтэй психологийн гүн шооконд өөрөө орсон, түүнээсээ бүрэн гарч чадахгүй байна.
Өөрт нь найрсаг ханддаг бүх дарангуйлагчдын хувь заяаг оросын автократ лидер эмзэглэн хүлээн авдаг. Томхоноос нь нэрлэбэл Саддам Хусейн, Муаммар Каддафи, сүүлчийнх нь А.Хаменеи болж таарч байна. Барууны эсрэг томхон өмөг түшиг нь тэд байжээ. Ираны дээд лидер багаараа алагдаж Тегеран дахь төрийн систем үхлийн деградац амссаныг Москвад балмагдан хүлээн авсан. Дэглэмээ хүчээр солиулчих вий гэхээс Кремлийнхэн үнэхээр паникт орсон, одоо ч паникаасаа гарч чаддаггүй. Иран гэдэг холбоотноо ийнхүү алдсанаар ОХУ нь стратегийн бүрэн ганцаардал руу явж байна. Ираны зэвсэг, пуужин, шахедгүйгээр Оросын арми зөвхөн өөрийнхөө хоцрогдсон цэргийн технологи, эргэлзээ төрүүлэхүйц хойд солонгосын зэвсгийн нийлүүлэлтэд найдах л үлдлээ. Ойрхи Дорнодын хүндтэй тоглогчийн статусаа Кремль алдлаа. Иран ба Израилийн хооронд Путин олон жил баланс барьж ирсэн маскаа хуулууллаа. Б.Нетаньяху Оросыг “Дайсагнагч улс” хэмээн шууд нэр заалаа. Учир нь Ираны прокси хүчнүүдийг Орос дэмждэгийг нь илчиллээ. Бүс нутагт Оросын нөлөөг сөргүүлсэн хүчний лагерьт Израиль эргэлтгүй орж ирлээ. Орос бүс нутгаас хөөгдөж байгаатай зэрэгцээд Украин тэр бүс нутагт тоглогч болон тодорлоо.
Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор бүтэлгүтсэний фонон дээр украины батлан хамгаалахын секторын нэр хүнд Ойрхи Дорнодод мэдэгдэм өслөө. Украин нь дроны эсрэг байлдуулдаг технологио Персийн булангийн АНЭУ, Саудын Араб, Катартай хуваалцлаа.
Арабын монархи улсууд ираны БпЛА-гийн өмнө хүчтүйгэж байх зуураа Киевийг цэргийн технологийн найдвартай түнш гэдгийг олж мэдлээ. Энэ бол зэвсгийн худалдаа төдий бус Киевийн олон улсын нэр хүндийг өргөх “дроны дипломат бодлого”, зэвсгийн зах зээлээс Оросыг шахах томхон алхам боллоо. Ираны эсрэг дайных нь явцад Барууны, тэр дундаа Америкийн дайны машины нөөцийг сулруулж сульдаана гэсэн Путины тооцоо баларлаа. Харин ч стратегийн гол ар тал–II фронтоо алдаад дууслаа. Одоо Орос нь зүгээр л хор цацдаг аутсайдер болж хувирсан гэж “Сито Сократа” дүгнэжээ.
Украины ЕТГ-ын дарга Кирилл Буданов:–Оросын суртал нэвтрүүлэг одоо ялах биш ялагдахгүй байх дээрээ төвлөрдөг болсон. Энэ нь ч бас боломжгүй. Орос ялагдал хүлээх нь хэдийнээ тодорхой болсон, тэд өөрсдөө ч үүнийгээ маш сайн мэдэж байгаа. Украины улс төрийн зүтгэлтэн Антон Геращенко:–Оросууд Украин руу эзлэн түрэмгийлэх дайн дэгдээснээс хойш 1500 хоног хэдийнэ өнгөрчээ. Энэ 4 жилд украинчууд бид тэсвэр тэвчээр заахыг дэлхий нийтэд харуулж чадлаа. Ядарч туйлдсан, чухал дэд бүтцэд маань байнга халдаж байгаа ч манай нийгэм дотоод дайчилгаагаа хадгалж, улс орноо батлан хамгаалах технологийн дэлхийн төв болгон хувиргаж байна. Манай төр засаг Оросын дарамтыг тэсвэрлээд зогсохгүй түрэмгийлэгч улсын нутаг дэвсгэрт нь цэргийн операцаа шилжүүлж, дэлхийн хоёр дахь том арми гэх домгийг үгүй хийлээ.
Кремлийнхний таамаглаж байсанчлан “Киевийг гуравхан өдөрт” гэдгийн оронд харин ч бид Украины ард түмний өвөрмөц, өөрийн гэсэн шинж чанарыг эцсийн байдлаар төлөвшүүлж чадлаа.
Бидний өдөр тутмын эсэргүүцэл бол зүгээр нэг амьд үлдэх биш, харин бүрэн эрхт байдлынхаа төлөөх ухамсартай сонголт юм. доо Украин хэн юм бэ? Наад захын жишээ. Украин бол Шахед устгадаг агаарын дроноос гадна тэнгисийн байлдаанд хэрэглэдэг дроноо Булангийн орнуудад нийлүүлдэг томхон ханган нийлүүлэгч, энэ нийлүүлэлт нь олон тэрбум доллараар яригдана. Дэлхийн II дайны загвараар эхэлсэн Украины дайн дэлхийн нэгддүгээр дайны нуувчны дайн болж гацсан. Харин одоо бол XXI зууны дайны хэлбэрт шилсэн. Украин улс нэгэнт дроны superpower болжээ–dialog.ua сайт. “Дайснаа алдаа гаргаж байхад нь хэзээ ч бүү саад бол!” хэмээх Наполеон Бонапартын мэргэн үг Орос-Украины дайнд Украины эх орноо хамгаалагчдын мөрдөх зарчим болжээ. Дэлхийн шатрын их аварга Гарри Каспаров Орос эх орондоо ганц мэргэн дүгнэлт өгчээ:–Өнөөгийн Орос бол төрийн далбаа мандуулсан зүгээр л нэг мафи!
Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Даваа - 05 сарын 04,
2026
Сэтгэгдэл0