sonin.mn


Москвагийн улс төрийн хүрээнд яригддаг нэг асуулт манай улсад ч гэсэн хамаатай. Путины дараа Оросыг хэн удирдах вэ? Барууны ертөнцөд энэ асуулт ардчиллын ирээдүй, дайн зогсохтой холбоотой чухал асуудал болдог. Харин Монголчуудын хувьд Путины залгамжлагч хэн болохоос манай нутгаар дамжих байгалийн хийн хоолой, хоёр аварга хөрштэйгөө харилцах харилцаа, улс орны эдийн засаг хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойлогдох учиртай. Ер нь Путины залгамжлагчийн асуудал бол зөвхөн тус улсын дотоод хэрэг биш юм.


Монгол Улс хойд хөрштэйгөө 2019 онд "Найрсаг иж бүрэн стратегийн түншлэл" байгуулж, ОХУ-тай хамгийн дээд түвшний харилцаатай улс болсон билээ. 


Путин 1999 оноос хойш тасралтгүй Оросын тэргүүн байж ирсэн. 2020 онд тус улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр тэрээр хуулийн хүрээнд 2036 он хүртэл, 80 гаруй нас хүрэх хүртлээ эрх барих боломжтой болжээ. 

Путиний тогтолцоо нь нэг хүнтэй нягт холбоотой. RAND корпорацийн судлаачдын дүгнэж буйгаар хэрэв тэр нас барах эсвэл сулрах юм бол хэдэн арван жил тэнцвэртэй байсан элитүүд хоорондын эрх мэдлийн харилцаа нурж, хэн нь урьтаж хөдлөнө, тэр нь давуу байдалд ордог тэмцэл зайлшгүй өрнөнө. 


RFE/RL агентлагийн 40 гаруй шинжээчид хийсэн судалгааныхаа дүнгээр ОХУ-ын Ерөнхийлөгч Путиныг залгамжлах боломжит нэр дэвшигчдийг дараах байдлаар тодорхойлжээ.


Михаил Мишустин


Судалгаагаар хамгийн магадлалтай залгамжлагчаар нэрлэгдсэн нэр. Одоогийн Ерөнхий сайд тэрээр Путин нас барах эсвэл огцрох тохиолдолд Үндсэн хуулийн дагуу шинэ сонгууль болох хүртэл түр Ерөнхийлөгч болно. Татварын албаны даргаас Ерөнхий сайд болсон технотрат улс төрч Мишустин Украины дайны шийдвэрт оролцоогүй гэгддэг ба энэ нь барууны санкцыг намжааж, зөвшилцөлд хүрэх эрх мэдэл өгөх давуу тал нь гэж судлаачид үздэг.


Алексей Дюмин


Путины олон жилийн бие хамгаалагч, одоо Улсын зөвлөлийн нарийн бичгийн дарга. Кремлийн шинжээч Роман Анин: "Путин өөрөө залгамжлагчаа сонгоно гэвэл цорын ганц нэр Дюмин" гэж бичжээ. Тэрбээр Путины дэргэд өдөр ч шөнө ч тасралтгүй байсан. Путин өөрийн удирдах командаа тэнцвэртэй байлгах бодлоготой учраас Дюминийг Батлан хамгаалахын сайдын суудалд томилоогүй. Учир нь тийм томилгоо хийвэл залгамжлагчийг шууд тодруулсантай адил болно гэж тооцсон.



Сергей Собянин


15 жил Москва хотын захирагчаар ажиллаж байгаа. Хотоо сайн удирддагаараа алдаршсан, харьцангуй "либерал" нэр хүндтэй. Элитийн дунд ч, ард иргэдийн дунд ч таатай хүлээн авдаг нэр гэж судлаачид үздэг. 


Дмитрий Патрушев


Аюулгүй байдлын зөвлөлийн хуучин дарга Николай Патрушевын хүү, 48 настай, Ерөнхий Сайдын орлогч. Путины үеийн хуучин бүлгийн залгамжлалыг хамгаалах чиглэлтэй гол хшн гэж үздэг. Эцэг нь Путинтэй ойрхон байсан хэдий ч Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаас нь 2024 онд чөлөөлсөн явдал нөлөөг нь багасгасан.


Кирилл Дмитриев


2025 оны эхээр АНУ-Орос хэлэлцээрийг зохион байгуулсад оролцсон Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн. Путины охин Тихонованы дэмжлэгтэй, гадаад бодлогод нөлөө нь нэмэгдэх болсон шинэ хүчний төлөөлөл болсон нэр.


***


RFE/RL агентлагийн мэргэжилтнүүдэд хийсэн санал асуулгад оролцсон 40 гаруй шинжээчийн ихэнх нь залгамжлагч тодрох хамгийн магадлалтай хувилбар бол Путин нас барах явдал гэж үзсэн. Харин хорин гурван судлаач элитийн дотоод бослого буюу "зөөлөн төрийн эргэлт" магадлалтай гэж үзсэн. Сонгуулийн замаар шилжилт явагдана гэж нэг ч хүн тооцоогүй байна.

Ельцин 1999 онд Путиныг сонгосон явдлыг хэн ч таагаагүй. Медведев 2008 онд оронд нь суусныг ч хэн ч тааварлаагүй. Энэ удаад ч яг ижил нөхцөл байдал давтагдах магадлалтай. Хамгийн их нэрлэгдсэн хүн бус, харин хамгийн бэлэн тохируулсан хүн залгамжлагчийг тодруулна.


Стэнфордын их сургуулийн Хуверийн хүрээлэнгийн эрдэмтэн Сергей Санович Путины зургаа дахь бөгөөд одоогийн хуулиар сүүлчийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн дуусах хугацаа буюу 2036 он хүртэл улс төрийн шилжилт явагдахгүй байх магадлалтай гэж үзэж байна.


Орост Путины залгамжлагчийн нэрийг яг таг тодорхой хэлэх нэг ч хүн байхгүй. Гэхдээ нэг зүйл тодорхой. Кремлийг хэн удирдах нь "Сибирийн хүч-2" хоолойн хувь заяа, Монгол-Оросын харилцааны чиглэл, манай улсын "гуравдагч хөрш"-ийн бодлогыг хэрэгжүүлэх боломж зэрэгт шууд нөлөөлнө.Орос ирээдүйд аль ч зүгт явсан Монголчууд бид харилцааны олон тулгуурт сууриа хадгалах нь зөвхөн дипломат ухаан бус, харин шийдвэрлэх ёстой стратегийн зайлшгүй шаардлага юм.


Б.Намуун