sonin.mn

Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд би дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Дайны түүх, цэргийн урлагийн түүх сонирхдог. Ялангуяа Зөвлөлтийн армийн түүхээс багагүй мэднэ. Тэр мэдлэгээрээ дүгнээд Орос ба Путин Украиныг дийлэх нь өнгөрлөө гэсэн дүгнэлтийг бүр 2022 оны хавар Киевийн дэргэдээс оросын спецназ хөөгдөхөд хийчихсэн. Харьков, Херсоноос оросын цэрэг шившигтэй хөөгдөн гарч байхад итгэл үнэмшлээ бүр ч сориод авсан. Миний зөв.

 

Путины анхлан ёс төртэй зарласан “Демилитаризация”, “Денацификация” уриатай “СВО” буюу цэргийн тусгай ажиллагаа одоо өөрт нь, Орос эх оронд нь жинхэнэ гачлан там болж хувираад, харин гадаад ертөнцөд бол элэг доог болж дуусаад байна.

 

Зүгээр л фронтын өдөр тутмын мэдээ харчих. Голдуу шөнөөр. Украины “Альфа” тусгай хүчнийхэн Севастополь дахь Оросын Хар тэнгисийн флотын объектууд, Бельбек цэргийн аэрдромд цохилт өгөв. Маргааш нь Ямалд Оросын тэнгисийн цэргийн хүчний десантын том хөлөг онгоц, Фильченковд десантын том хөлөг онгоц, Иван Хурсад тагнуулын хөлөг онгоц, мөн Хар тэнгисийн флотын “Лукомка” сургалтын төв, Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчний радиотехникийн тагнуулын штаб, Мыс дэх М1 радарын систем, МиГ-31 онгоцыг Бельбекийн аэрдром дээр нь, Бельбекийн техникийн ашиглалтын төв цэг гээд нэг дор украины цохилтод өртжээ. Гачлан нөгөөдөр нь үргэлжилжээ. Украины дронууд Ярославлийн нефть боловсруулах үйлдвэр болон “Аммиак-3” азотын үйлдвэрийн цогцолборт цохилт өгчээ.


 

Ням гаригийн шөнө буюу 4 дүгээр сарын 27-нд шилжих завсарт Украины хүчнийхэн Оросын хэд хэдэн объектод, тухайлбал


  1. Донецк мужийн Селидовогийн орчимд сум, зэвсгийн агуулах болон команд-ажиглалтын цэг;
  2. Запорож мужийн Мелитополь хотод “Торнадо-С” пуужин харвах суурь систем;
  3. Донецк мужийн Малиновка болон Запорож мужийн Гуляйполе орчимд дрон, нисэгчгүй онгоцны удирдлагын төвүүд;
  4. Запорож мужийн Николаевка орчимд зэвсгийн засварын нэгж гээд бүгд цохилтод өртжээ.

 

Туапсе хотод украины дроны халдлага бөөн шуугиан дэгдээгээд дуусдаггүй. Оргилж суунагласан хар утаа тэнгэрт олгойдно. Үнэлгээгээр бол шатахууны нөөцийн танк- савнуудын 24 нь бүрэн усгагдтсан (нийт хохирлын 52%), өөр 4 сав (хохирлын 9%) гэмтжээ. Украины эсрэг дайнд нь Оросын армид Туапсегийн шатахууны бааз мөн ч их нэмэр болж ирсэн дээ. Одоо байж байгаа нь?

 

Дайны 4 жил 2 сарын хугацаанд Украин зэвсэгт хүчин техник-технологийн томхон дэвшилд хүрчээ. Ганц жишээ. Ойрын зайд ар талын бай онох зориулалттай “Mid-strike” нэртэй шинэ төрлийн дрон дөнгөж сая гаргаад ирлээ.


Нисгэгчгүй энэ төхөөрөмж нь 50–200 км зайд цохилт өгөх чадвартай. FPV дронуудаас илүү хол тусгалтай, илүү хүнд тэсрэх бөмбөг, бичил пуужин тээвэрлэнэ. Мөн радио электроны байлдааны (РЭБ) нөлөөнд энэ дрон илүү тэсвэртэй. Ижил тусгалтай пуужинтай харьцуулахад өртөг нь харьцангуй бага. Уг төслийг Норвег санхүүжүүлж буй. Үйлдвэрлэсэн бүх дроныг Украины зэвсэгт хүчинд нийлүүлнэ. Энэ зун зэвсэглэлд нэвтэрнэ. Норвегоос энэ 2026 онд Украинд шаардлагатай зэвсэг худалдан авах, үйлдвэрлэхэд нь зориулж 1.5 тэрбум гаруй ам.долларын (нэмээд хэд ч хүргэж магад) санхүүжилт олгохоор төлөвлөжээ.

 

Дараагийн жишээ. Оросын армийн булайг илтгэх мэдээ. Тэд цаасан дээр хэвлэсэн зөвлөлтийн үеийн далбагар газрын зураг ашиглаж байхад украины арми орчин үеийн цахим технологи өргөнөөр нэвтрүүлж байна. Үндэсний цагдаагийн “Сафари” дайрагч хороо, “Лють бригад” дроноор бүрэн зэвсэглэлээ.


Тулалдааны талбарыг өндөр нарийвчлалтай дижитал хэлбэрт оруулж чадлаа. Газрын гадаргыг скайнердэж, 3D нарийвчилсан зураглал үүсгээд оросуудын хэрэглэдэг далбагар газрын зургийг үүрд халлаа. Цахим зургаараа дайчид үүрэг гүйцэтгэхээсээ өмнө байлдах орчноо нарийвчлан нэвт судална. Мөн VR нүдний шил ашиглан сургуулилт хийснээрээ бодит нөхцөлтэй ойролцоо орчинд бэлтгэлээ базаана. Технологийн ийм хэрэглээ нь байлдааны ажиллагааны нарийвчлал, хурд, үр дүнг эрс нэмэгдүүлнэ. Хамгийн чухал нь цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангана. Гэтэл Орос “ах нар” маань нүдэнд гэнэт харагдчихлаа гэм. Далбагар газрын зураг дэлгэсэн штабууд нь амьд хүчний баатарлаг давшилт, үй олны баатарлаг үхэл эрсдэлээ яаж ч чаддаггүй.


Украины Батлан хамгаалахын сайд Михайл Федоров гэж XXI зууны технологийн дэвшлийг эзэмшигч гялалзсан залуу байнаа. Би бүр бахархаж байна. Тэрээр үүрэгт ажил хүлээн авсныхаа “100 хоног”-ийн ажлаа танилцуулжээ. Нийт 15 төрлийн ажлыг амжуулжээ:

 

  1. Тогтолцооны өөрчлөлт. Хэдэн 10 жилийн турш “эмчлээгүй” явсан тогтолцооны олон алдааг эмчилжээ. Зөвлөлт Холбоот Улсаас угшилтай хариуцлагагүй, тодорхой зорилгогүй байдал давамгайлж, айдсын болон худал хуурмагийн “соёл” нэвчсэн байсныг халж чаджээ. Одоо бол технологид суурилсан, зоригтой шийдэмгий байх тактик руу явж байна. Хойшдоо ч тэгнэ.
  2. Агаарын довтолгооноос хамгаалах зэвсэглэлд ололт давамгайллаа. Оросыг “Starlink” ашиглуулахгүй болгосноор оросын шахед дронтой тэмцэхэд үндсэн өөрчлөлт гарлаа. Одоо бол бүх төрлийн агаарын байг (оросын дрон, БПЛА, пуужин гэх мэт) амдан устгах үзүүлэлт эрс өслөө. Агаарын довтолгооны эсрэг бага оврын командлал шинээр байгуулж ажлууллаа. “Patriot” пуужингийн маш сайн гэрээгээ баталгаажууллаа. Тэр ч бүү хэл агаарын довтолгооны эсрэг хувийн салбарын чадавхийг хөгжүүллээ. Нисээд ирсэн дайсны агаарын байг хэн дуртай нь гэрээсээ, тагтан дээрээсээ устгачих боломж руу явж байна.
  3. Сүүлийн нэг улирлын хугацаанд дрон, роботжуулсан платформын худалдан авалт өнгөрсөн бүх жилийнхээс давж гарлаа. Үүнд шилэн кабелиар удирдах дрон, байлдааны робот цогцолбор, дунд зайн цохилтын болон тагнуулын дронууд багтаж байна.
  4. Бүх баг бүрэлдэхүүнээ удирдлагын нэгдсэн системд холболоо. Фронт дээр 4 бай тутмын нэгийг дроноор устгаж байна. Дрон-довтолгооны анги нэгтгэлүүдэд нэмэлтээр 400 сая гривен хуваариллаа.
  5. Дөрөвдүгээр сарын 1-нээс БХЯ шинэ зохион байгуулалтын бүтэцтэй боллоо. Мэргэжлийн зөвлөхүүдийн баг бүрдүүллээ.
  6. Цэргийн үйлдвэрлэлийн цогцолборт авлигын бүх схемийг таслан зогсоов. Хамгийн их авлигын эрсдэлтэй салбаруудад шинэчлэл хийх алсын чиг харааг баталгаажууллаа.
  7. Фронтын арын албыг бэхжүүлэх ажил эрчимжиж байна. Фронтын шугамд зориулж анх удаа Пикап автомашин өргөн хэмжээгээр худалдан авч байна. Торон дээвэртэй хамгаалалтын нуувч хонгил байгуулах ажил 4 дахин хурдаслаа. Цэргийн ложистикийн гол замуудыг сэргээн засварлах ажил үргэлжилж байна.
  8. Байлдааны шийдвэр одоо зөвхөн “таамаглал”-д бус, харин бодит өгөгдөлд (data-driven) суурилж байна. Цэрэг нэг бүрийн хохирлын шалтгааныг нарийвчлан судлаж, дүн шинжилгээ хийх систем нэвтрүүллээ. Бригадуудын байлдааны үр дүнг бодит цаг хугацаанд хянаж, үнэлэх боломжтой боллоо. Дрон, байлдааны робот цогцолборын (НРК) эрэлт хэрэгцээг өгөгдлийн дүн шинжилгээнд үндэслэн оновчтой төлөвлөдөг боллоо.
  9. Гадаад харилцаа, батлан хамгаалахын хамтын ажиллагаа түүхэн амжилт үзүүллээ. “Рамштайн” форумын хүрээнд 2026 онд нийт 38 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ. Энэ бол Украины батлан хамгаалахын түүхэн дэх хамгийн том анонс юм.
  10. Технологийн дэвшил армийн бүхий л үйл явцыг хялбарчилж байна. “Е-оноо” системд олон арван шинэчлэл хийж, SAP программ хангамжаар дамжуулан шинэ дижитал процесс олныг нэвтрүүллээ. “Резерв+систем”-ээр дамжуулан цэргийн албанаас чөлөөлөхийг дижиталаар зохицуулдаг боллоо. Хиймэл оюуныг батлан хамгаалах салбарт хөгжүүлэх “AI” төв байгууллаа. Агаарын цэргийн нисэх хүчний онгоцуудаа шинэчлэх, зэвсэг техникийг нь кодчилох процессыг эрс хялбаршуулж, хурдасгалаа.
  11. “30+км”-ийн тусгалтай 155 мм-ийн их бууны сум бөөнөөр нь худалдан авах уралдаант шалгаруулалт зарлалаа.
  12. Байлдааны нисгэгчгүй системийн 4 шинэ тусгай хороо байгуулах гэж байна. Нэмэлтээр гурван корпус нэмж байгуулахаар төлөвлөж байна.
  13. Фронт дээр хамгийн өндөр үр дүнтэй ажиллаж буй анги нэгтгэлүүдэд нэмэлт санхүүжилт олгож эхэллээ.
  14. Засгийн газраас “Туршилтын худалдан авалт” хийх тухай хууль эрх зүйн акт мөрдүүлж, үүнд 5 тэрбум гривений төсөв баталснаар шинэлэг технологи нэвтрүүлэхэд томхон түлхэц үзүүлнэ.
  15. Дайсны хохирол явж өглөө. “Хар гуравдугаар сар”-д ОХУ-ын зэвсэг хүчин хамгийн өндөр хохирол амслаа. 2026 оны энэ гуравдугаар сар бол Оросын хувьд түүхэн дэх хамгийн их хүн хүчнээ алдсан сар болон бүртгэгдлээ. Оросын 36000 цэрэг устгагдсан буюу жагсаалаас гарчээ гэжээ.

 

Энд би юу буулгав. Хараал урсгалгүйгээр эрүүлээр сэтгээд үзээрэй. Путины дэглэмийн 4 жил 2 сарын дайных нь ялагдал нүднээ бууж байна. Ялагдал гэж зөвхөн цагаан туг өргөхийг хэлэхгүй. Фронт ба ар талдаа зэрэг зэрэг хохирол амсахыг хэлнэ. Орос яг ийм л байна. Цаашдаа ч үргэлжилнэ. Фронтын мэдээлэл түгээхэд гүнээ тусласан М.Туул бүсгүйдээ баярлалаа. Тэрээр twitter-ийн х.сom-д Украины дайны талаар өдөр, цаг алгасахгүй бичиж монгол түмнээ гэгээрүүлж байдагт нь үнэхээр их талархаж байна ахмад дайчны хувьд.


Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)