sonin.mn

УИХ-ын гишүүн, Эрүүл Мэндийн Сайд Э.Батшугар сэтгүүлчдийн асуултад хариулав. 


Энэ үеэрээ тэрээр: "Байгалийн баялагтай холбоотой бүх асуудал ил тод байх ёстой гэж үзэж байна. Нийт ард түмэн гэрээ, хэлцлүүдийг нээлттэй харж, хянах боломжтой байх нь зүйтэй. Хэрэв гэрээ хийгдсэн бол тухайн баялгаас олсон ашиг нь улсын баялгийн санд төвлөрөх ёстой.


Төрийн нууцад хамааруулсан аливаа зүйл олон нийтийн дунд хардлага төрүүлдэг. Байгалийн баялаг нь Үндсэн хуулийн 6.2-т заасанчлан ард түмний өмч бөгөөд ирээдүйн Монголчуудад тэгш, шударгаар хуваарилагдах ёстой. Анхнаасаа ил тод байсан бол ийм маргаан, хардлага үүсэхгүй байх байсан.


Газар доорх баялаг нь хэн нэгний бүтээсэн зүйл биш, байгалиас нийт Монголчуудад заяасан учраас ард түмэн жигд хүртэх ёстой гэсэн байр суурьтай байна. Мөн нийслэлийн нэр бүхий албан тушаалтнууд хамаарал бүхий компаниудаараа дамжуулан тендер авсан эсэх талаар хардлага бий. Иймд хууль, хяналтын байгууллагууд энэ асуудлыг шалгаж, албан тушаалаа урвуулан ашигласан эсэхийг нягтлах шаардлагатай. Түүнчлэн Туулын хурдны замын төслийн өртөгт хяналт тавих нь зүйтэй. Бараг 2 их наяд төгрөг давсан гэх энэ төслийн зардал бодитой эсэхийг шалгаж, эдийн засгийн нарийвчилсан үнэлгээ хийх шаардлагатай гэж үзэж байна." гэлээ.


Б.Төгсбаясгалан