sonin.mn

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа сэтгүүлчдийн асуултад хариулав. Энэ үеэрээ тэрээр:

"Үндсэндээ сонгуультай холбоотой хэд хэдэн асуудал бий. Одоогийн мөрдөгдөж байгаа Сонгуулийн тухай хуульд сонгуулийн жил эхэлмэгц элдэв төрлийн санал худалдан авах ажиллагааг хориглосон байдаг. Харин үүнийг хугацааны хязгааргүй болгож, бүх хугацаанд буюу аль ч шатны төрийн сонгуульд оролцох гэж буй хүмүүс ямарваа нэгэн хэлбэрээр санал худалдан авах үйл ажиллагаа явуулахыг бүрэн хориглох шаардлагатай байна. 


Үүнд бэлэн мөнгө тараах, аялал амралтад явуулах зэрэг олон хэлбэр багтана. Санал худалдан авах асуудал нь зөвхөн хувь хүний биш, харин Засгийн газар, эрх баригч намын түвшинд хийгддэг явдал түгээмэл байна. Төрийн нөөц, санхүүгийн боломжийг сонгуулийн зорилгоор ашиглах нь манай улсад өргөн хэрэглэгддэг буруу жишиг болжээ. 


Сүүлийн үед “Шинэ хоршоо” гэх мэт хөтөлбөрүүд нь тодорхой бүлэг, тухайлбал малчдын саналыг татах зорилготой хэлбэр гэж үзэх хандлага бий. Өмнөх сонгуулиудаар ч малчдад бэлэн мөнгө тараах, данс руу нь шилжүүлэх зэрэг үйлдэл гарч байсан.

Иймээс Засгийн газраас сонгуулийн үед ийм төрлийн нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхгүй байх тухай заалтыг хуульд тусгах нь зүйтэй. Мөн хариуцлагын асуудал сул байна. Зөрчлийн тухай хуулиар ногдуулж буй хариуцлага нь хангалтгүй, бодит үр нөлөө багатай байгаа нь үнэн.


Нэгэнт УИХ-ын гишүүн болчихсон хүмүүст энэ хуулийн үйлчлэл сул үйлчилж байгаа мэт байдал ажиглагддаг.



Тиймээс санал худалдан авах үйлдлийг авлигын гэмт хэрэгт тооцож, ийм үйлдэл хийсэн этгээдүүдийг Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг байх шаардлагатай. Мэдээж энэ төрлийн заль мэх, башир аргуудыг илрүүлэх амаргүй. Гэсэн ч бид оролдлогоо үргэлжлүүлж, арга хэмжээ авч ажиллах ёстой. Илрүүлэх, нотлох нь хэцүү ч гэлээ зүгээр сууж болохгүй. Энэ шударга бус, башир аргыг таслан зогсоох нь нийгмийн зайлшгүй шаардлага юм." гэлээ.


Б.Төгсбаясгалан