Саяхан Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди дэлхийн төр засгийн удирдагчдын чансаагаар дэлхийд тэргүүлэв. Нарендра Модигийн түүхийг товч өгүүлье. Нарендра Дамодардас Моди 1950 оны 9-р сарын 17-ны өдөр Энэтхэгийн Гужарат мужийн Ваднагар хотод төржээ. Тэрбээр 2014 оны 5-р сарын 26-наас эхлэн одоо хүртэл Энэтхэгийн Ерөнхий сайд, "Бхаратия Жаната парти" намын даргаар ажиллаж байна. Тэр бээр Дамодардас Мулчанд Моди (1915-1989 он) болон түүний эхнэр Хирабен Моди (1920 онд төрсөн) нарын гэр бүлийн зургаан хүүхдийн гурав дахь хүүхэд болж төржээ. Нарендра өсвөр бага насандаа Ваднагарын сургуульд сурч байхдаа мэтгэлцээний клубт явж театр сонирхдог байв. Тэр сургуулийнхаа жүжигт тоглож жүжиг хүртэл зохиосон юм. Түүний сонирхдог зүйл бол ном уншиж усанд сэлэх байлаа. Чөлөөт цагаараа Нарендра аавынхаа цайны газарт ажиллаж байгаад хожим нь өөрийнхөө цайны газрыг нээжээ.
Тэр бээр бага наснаасаа улс төрд сонирхолтой болж, "Раштрия сваямсевак сангх - Эх орны сайн дурын зарц нарын Холбоо" хэмээх цэрэгжсэн байгууллагад элсчээ. Тэр 15 насандаа Энэтхэг Пакистаны дайны үед ар талд сайн дурын ажилтнаар ажиллаж Үндэстний Корпуст кадет болжээ. 17-19 насандаа Энэтхэг эх орноороо тойрч аялжээ.
1978 онд Моди Делигийн их сургуулийн Нээлттэй Сургалтын Сургуульд (SOL) улс төрийн шинжлэх ухааны бакалаврын зэрэг авчээ. Таван жилийн дараа буюу 1983 онд Гужаратын их сургуульд улс төрийн шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалж, сургуулиаа онц төгсчээ. Моди "Раштрия сваямсевак сангх /РСС/ - Эх орны сайн дурын зарц нарын Холбоо" хэмээх байгууллагад 1971 оноос эхлэн ажиллаж байхад нь төрөөс энэхүү байгууллагыг хориглоход тэр бээр энэ байгууллагын нууц ухуулагч болсон байлаа. Дараа нь энэ байгууллагыг хууль ёсны болоход нь улам идэвхтэй ажиллав. 1985 онд тэр бээр Энэтхэгийн Ардын намын гишүүн болж удалгүй Гужарат мужийн Ардын намын дарга болов. Удалгүй тэр намаа Гужарат мужид ялуулж 2001 онд тус мужийн Тэргүүн сайд болж муждаа засмал зам бариулж дэд бүтцийг босгож ядуу тосгодыг цахилгаанаар холбож гадаадын хөрөнгө оруулалт хийв. Гужарат муждаа 13 жил Тэргүүн сайдаар ажилласны дүнд тус мужийн ядуурал 40.1 хувиас 21.8 хувь хүртэл буурав, бичиг үсэг тайлагдалт 60 хувьтай байсан бол 80.0 хувьд хүрчээ. 1998 онд "Бхаратия Жаната парти" (БЖП) намын дарга Лала Кришна Адвани-гийн даалгавараар Гужарат болон Химачал-Прадеш мужуудад намын сонгуулийн кампанит ажлыг удирджээ. Тэр бээр 50 настайдаа 2001 оны 10-р сард Энэтхэгийн Гужарат мужийн Тэргүүн сайд болж, улмаар 2007 онд 3 дахь удаагаа, 2012 онд 4 дахь удаагаа улиран сонгогджээ. Нарендра Моди 2013 оны 9-р сарын 13-нд "Бхаратия Жаната" намаас Ерөнхий сайдад нэр дэвшиж, 2014 оны парламентын сонгуулийн кампанит ажлыг удирдан явуулсан. Түүний хэлснээр тэрбээр улсын хэмжээнд сонгогчидтой 440 удаа уулзалт хийсэн ажээ. Үүнээс гадна Моди олон нийтийн сүлжээг амжилттай сайн ашигласан байна.
Түүний удирдсан намын сонгуулийн хөтөлбөрийн уриа бол: «Үндсэний үзэл - бидний сэтгэлийн дуудлага. Хөгжил ба сайн удирдлага бидний зорилго» гэж байсан. Энэтхэгийн сонгуулийн санал хураалт 2014 оны 4-р сарын 7-ноос 5-р сарын 12-ны хооронд есөн үе шаттайгаар явагдаж 5-р сарын 16-нд Энэтхэгийн Сонгуулийн хороо санал тоолоход "Бхаратия Жаната" нам 543 тойргоос 276 тойрогт, Үндэсний ардчилсан холбоо 331 тойрогт тэргүүлсэн гэсэн дүн гарчээ. 2014 оны 5-р сарын 17-ны өдөр сонгуульд ялсан Нарендра Моди Гужаратаас Дели хотод ирж, намын төв байранд сонгуулийн ялалтын жагсаалд оролцов.
Машины цувааны замын дагуу цагдаа, тусгай хүчнийхэн байрлуулсан байв. "Бхаратия Жаната нам"-ын төв байр руу явах замд гудамжаар цугларсан хүмүүс түүний нэрийг дуудаж, туг далбаагаа даллаж, цуваа руу нь цэцэг өргөж, үлээвэр найрал хөгжим, үндэсний лимбэний эгшиг тоглож бүжиглэжээ.
2014 оны 5-р сарын 26-ны өдөр Нарендра Моди Энэтхэгийн Ерөнхий сайдын тангараг өргөв. Моди сонгуулийн үеэр ард түмэндээ улс орныхоо эдийн засгийг сайжруулж аюулгүй байдлыг бэхжүүлнэ гэсэн амлалт өгчээ. Тэр Энэтхэгийн Ерөнхий сайд болоод амлалтаа биелүүлсэн. Энэтхэгт 2023 он хүртэл сайн чанартай засмал зам шинээр 50 000 км барилаа, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж 2 дахин өсгөв, хүн амын боловсрол дээшилж интернетийн хангамжийг сайжруулав. 2020 онд Энэтхэгт болсон короновирусын тахлаар 4.0 сая хүн нас барж эдийн засаг хямрав. Энэ хүнд байдлаас түүний удирдсан Засгийн газар гарч чадсан юм. Тэр хүнд үед түүний Засгийн газар хөдөө нугийн фермерүүдийн бүтээгдэхүүнийг ямар нэг дамжлагагүй шууд худалдан авах арга хэмжээ авсан нь фермерүүдийн аж амьдралыг дээшлүүлж хөдөө аж ахуйг хөгжүүлэв. 2015, 2016, 2018 онуудад "Forbes" сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн чансаагаар Моди эхний аравт бичигдэж байв. Нарендра Моди 2025 оны дэлхийн удирдагчдын чансаагаар дэлхийд тэргүүлжээ. Нарендра Моди болон түүний удирдсан Засгийн газар Энэтхэг улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үйлсэд дорвитой хувь нэмэр оруулав. Модигийн Засгийн газрын бодлого нь эдийн засгийн харилцаа, аюулгүй байдал, бүс нутгийн харилцааг сайжруулахад чиглэж ирсэн. Моди "олон талт" гадаад бодлогыг үргэлжлүүлж ирсэн. Модигийн Засаг захиргаа "Энэтхэгт үйлдвэрлэв", "Цахим дижитал Энэтхэг" зэрэг уриа ашиглан Энэтхэгийн эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ялангуяа Зүүн Азийн нийгэмлэгийн орнууд, Ойрхи дорнодын Бахрейн, Иран, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират зэрэг исламын орнууд, Израильтай харилцаагаа сайжруулав.
Энэтхэг-АНУ-ын харилцааг дэмжиж хөгжүүлж ирсэн. Тэр дайныг дэмждэггүй. Тэр Оросын ерөнхилөгч Путинд Украин Оросын дайны талаар "Одоо дайн хийх цаг биш" хэмээн хэлсэн юм. Моди Монголыг их дэмждэг. 2015 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол улсад төрийн айлчлал хийсэн юм.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Монгол улсад БНЭУ-аас нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээв. Энэ боломжийг Монгол улс ашиглаж нефтийн үйлдвэртэй болох зорилт тавилаа. Монголын Засгийн газар энэ чухал төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж эхлэв. Монгол улсын төр засаг газрын тосны үйлдвэр барихад энэ зээл хүрэхгүй гээд дахин 700 сая ам долларын зээл нэмж авав. Нийтдээ 1 тэрбум 700 сая долларын зээл Энэтхэгийн "Экспорт-Импорт" банкнаас авч газрын тосны үйлдвэр барихаар болов. Гэвч элдэв саад бэрхшээл гарсаар газрын тосны үйлдвэрээ барьж чадалгүй бүтэн 10 жил өнгөрчээ. Эдүгээ газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт дөнгөж 50.0 хувьтай болж байгаа ажээ. Энэхүү үйлдвэр ашиглалтад орвол Монгол улс жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, шинээр 1500 ажлын байртай болох аж. Моди Энэтхэгийн Ерөнхий сайдад дахин нэр дэвшээд сонгуулийн өмнөхөн монгол дээл өмсөөд нэгэн агуйд бясалгал хийж байгаа нь ТВ-ээр гарч байсан. Удалгүй Моди сонгуульд дахин ялж Ерөнхий сайд болжээ. Нарендра Моди олон нийтийн сүлжээгээр сонгогч дэмжигчидтэйгээ идэвхтэй харилцдаг удирдагч юм. 2019 оны нэгдүгээр сарын байдлаар Twitter дэх түүний хуудсыг дагагчдын тоо 45 сая хүрсэн байв. Тэр бээр "цагаан хоолтон" бөгөөд энэтхэгийн иогийг биширдэг ажээ. Моди англи, хинду, гужарат 3 гадаад хэл мэддэг бөгөөд гужарат хэлээр шүлэг яруу найраг бичдэг ажээ.
Модийн өдрийн дэглэм: өглөө 05 цагт босдог, өдөр бүр иог дасгал хийж бясалгадаг. Кофе, цай уудаггүй, зөвхөн лимонтой буцалгасан бүлээн ус уудаг. Шөнө тавхан цаг л унтдаг. Нарендра Моди энэтхэгийн кастын уламжлал ёсоор түүний гэр бүл Жашодабен Чиманлал Моди хэмээх охинтой сүй тавьж хожим бүсгүйг 17 настай, түүнийг 18 настай байхад нь гэрлүүлсэн ажээ. Гэвч удалгүй тэр сүйт бүсгүйгээ орхиж, гэрээсээ явсан боловч гэрлэлтийн талаар олон арван жилийн турш олон нийтэд зарлаж дурдаагүй байв. Тэр үед түүний элссэн РСС байгууллага нь гэрлэх явдлыг дүрмээрээ хориглосон байжээ. 2014 оны 4-р сард, түүнийг Засгийн эрхэнд гарах үндэстний сонгуулийн өмнөхөн Моди гэрлэсэн бөгөөд түүний хань нь Жашодабен гэдгээ олон нийтэд зарлажээ. Хосууд гэрлэсэн хэвээр байсан боловч хамт амьдардаггүй байв. Моди зуун настай эх Хирабентайгээ хамт амьдардаг ажээ. Модигийн Засгийн газрын үед Энэтхэг улс эдийн засгийн амжилт гаргав.
Дэлхийн банкны мэдээлснээр Энэтхэг улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн /GDP/ 2014 онд 2.0 их наяд ам.доллар байсан бол 2025 онд 4 их наяд ам.доллар болж дэлхийд Японыг гүйцэж түрүүлээд 4 дүгээр байранд жагсаж байна. ДНБ-ний жилийн өсөлт 7.0 хувь байна.
Эдийн засгийн бүтэц нь ДНБ-ний 28.2 хувь нь үйлдвэр, 18.8 хувь нь ХАА, 53.0 хувь нь үйлчилгээний салбар эзэлж байна. Энэтхэг улсад ХАА, газрын тосны бүтээгдэхүүн, химийн бүтээгдэхүүн, эмийн үйлдвэр, машины үйлдвэр, ган болд үйлдвэрлэлт хөгжсөн. Энэтхэг төмрийн хүдэр олборлолтоор дэлхийд 4 дүгээр байрт жагсаж байна. Электроник, автомашин, трактор үйлдвэрлэл хөгжсөн. Жилд 619 000 трактор үйлдвэрлэжээ. Энэтхэгт газрын тос боловруулах 20 гаруй үйлдвэр байдаг бөгөөд хамгийн том үйлдвэр болох Жамнагерийн үйлдвэр жилд 70 сая тонн нефть боловсруулж байна. Энэтхэгт 10 000 гаруй эмийн үйлдвэр ажилладаг бөгөөд дэлхийн вакцины 50 хувийг үйлдвэрлэж байна.
Энэтхэг улс дэд бүтцийн салбарт жилд 1.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулжээ. Энэтхэг улс эдүгээ 346 нисэх онгоцны буудалтай, 65.6 мянган км урт төмөр замтай, 3.0 сая км урт засмал замтай, 23 атомын цахилгаан станцтай байна. Экспорт нь жилд 770 тэрбум ам. доллар, импорт нь 892 тэрбум ам.доллар байна.
Эдүгээ Энэтхэгт сансар судлал хүчтэй хөгжиж байна. Энэтхэг улс анхны хиймэл дагуулыг сансарт 1980 онд амжилттай хөөргөсөн, анхны сансрын нисэгч 1984 онд сансарт ниссэн, 2008 онд анхны сансрын хөлөг Сар руу нисгэсэн, 2013 онд анхны аппарат Марс гаригт нисгэж хүргэсэн, 2023 онд Сарны ар талд анхны сарнаа явагч аппарат саран дээр буулгасан. Нэг тэрбум 476 сая хүнтэй Энэтхэг улс сүүлийн 20 жилд төрөөс зөв бодлого явуулсны үр дүнд ядуурлыг устгаж байна. Энэтхэгт 1977 онд хүн амын 63.5 хувь нь ядуу байсан бол эдүгээ ядуу хүмүүсийн тоо 11.2 хувь болж буурчээ. Энэтхэгт баян чинээлэг хүмүүсийн тоо 100 саяд хүрч байна. Энэтхэгт тэрбумтан /ам.доллараар/ хүний тоо 300-д хүрч дэлхийд гуравдугаар байрт жагсаж байна. Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди энэ жил 75 настай бөгөөд бүх амьдралаа эх орныхоо төлөө зориулжээ. Түүнд эхнэртэйгээ хамт амьдарч үр хүүхэдтэй болох цаг зав ч байсангүй, хөрөнгө мөнгө хуримтлуулж баяжих хүсэл ч байсангүй. Ер нь Энэтхэгийн удирдагчид хамаг амьдралаа эх орныхоо төлөө зориулсан байдаг юм. Махатма Гандид таяг, нөмрөг, нүдний шилнээс өөр өмч хөрөнгө байсангүй, Жавахарлал Неру 10 жил шоронд хоригдож байхдаа дэлхийн түүхийн тухай гайхалтай ном бичиж байлаа. Жинхэнэ эх оронч агуу удирдагч гэж ийм л хүмүүсийг хэлж байгаа юм.
Доржийн СҮХБААТАР
2026.04.22
Лхагва - 04 сарын 22,
2026
Сэтгэгдэл5
Ккккк
үхсэн ацаараа юу бичээд байгаа баас хийх ажлаа олж ядсан баас вэ.
Тэгсэн Монголын удирдагчид гэж дандаа хөгийн шуналтай сданууд байх юм!
Их сайхан нийтлэл бичжээ,,,,,,амтархан уншлаа,,,,баярлалаа,,,,,
Ийм л хүн улс үндэстнээ хөгжүүлдэг юм байна.