“Хөдөлмөрийн баатар төрүүлсэн дасгалжуулагч шаггүй хатуу байхдаа” хэмээн таамагласаар бид нийтлэлийн баатраа зорив. Хан-Уул дүүргээс бэлдэж өгсөн бэлтгэлийн даруухан зааландаа бяцхан шавь нараа хүлээж байна гэсээр биднийг угтсан Шархүүгийн Цэвэлмаа хэмээх энэ бүсгүйг Монголчууд сайн танина. Хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин М.Уранцэцэг, гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг гээд тив дэлхийд нэрээ дуудуулсан олон шавь нарыг амжилт өөд нь хөтөлсөн тэрбээр өөрөө ч дэлхийн энтэй тамирчин. Самбо бөхийн УАШТ-ий найман удаагийн аварга, Дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртэж “Бөртэ чоно” наадмын дөрвөн цомын эзэн болж байв.
2014 онд Гавьяат дасгалжуулагч цолоор энгэрээ мялаасан тэрбээр Хан-Уул дүүргийн Спорт хороонд дасгалжуулагч багшаар ажиллаж өсвөрийн жүдочдод их спортын арвин туршлагаа хуваалцсаар явна. Шавилхан биетэй, төсөөлж байснаас ч энгийн, шулуухан яриатай гавьяат дасгалжуулагчийн “Амьдралын тойрог”-оор хамтдаа аялцгаая.
Урлагт дуртай, эршүүд охин
Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа гэр бүлийн хамт.
Ш.Цэвэлмаа найман хүүхэдтэй айлын дундах охин. Хоёр эгч, нэг ах, дөрвөн дүүтэй. Баянхошуунд хүүхэд насаа өнгөрүүлсэн тэрбээр ахыгаа хичээл сургууль гээд завгүй үед нь мод түлээ хагалахаас эхлээд гэрийн гадаах ажлыг илүү нугалдаг байж. Тиймээс ч өөрийгөө “эгч дүү нартайгаа харьцуулахад жаахан эршүүд” хэмээн тодотгосон юм.
Хүүхэд байхдаа урлагт дуртай охин байж. Аав нь тээврийн жолооч, ээж нь бага ангийн багш учир тэр болгон анхаарч, цаг зав гаргаж амжихгүй. Ёстой л өөрийн хоббигоороо дугуйлан болгонд орж хүүхэд байхдаа урлагаар хэсэг амьсгалж байсан нь түүний гоёхон дурсамж. Гуравдугаар ангидаа циркийн нугараачийн дугуйланд явдаг байжээ.
Гэтэл багш нь гэр хорооллын гээд ч юм уу жаахан ад үзэх хандлагатай, тайлан тоглолтод оруулахгүй гадуурхаад эхлэхээр нь уран нугаралтын дугуйлангаа орхижээ. Дараа нь Үйлдвэрчний соёлын төв ордонд ардын бүжгийн дугуйланд явж эхлэв. Харин бүжгийн бэлтгэлийн үеэр багш нь хөлийн хуруун дээрээ явахыг зааж эхэлэхэд нь балет гэж ойлгоод бас л гарч. Үүнийхээ дараа дууны дугуйланд орж хэсэг явжээ. Харин зургаа, долдугаар ангийн үед нь жүдогийн тэмцээн гарч, байхыг зурагтаар үзжээ. Халимаг үстэй, барилдаж байгаа охидыг хараад өөрөө ч бас тэгж чадах юм шиг санаанд нь багтсанаар жүдогийн секцэд орох эхлэл нь тавигдсан гэдэг. Есдүгээр ангидаа буюу 1992 онд Спортын төв ордонд мөн л ганцаараа ирж шалгуулаад, гавьяат Машбат багшийнхаа шавь болж “Боржин” клубын босгыг анх алхжээ. Гэвч дунд сургуулийн сурагчид хичээлийнхээ хажуугаар хотын төв рүү дугуйланд явах тийм ч амар байсангүй. Тэгж байтал дугуйлангийн цаг нь хичээлийнхтэй давхацсанаар хэсэг завсарлав. Харин есдүгээр ангидаа тамирчин болохоор шийдэж эрчимтэй хичээллэж эхэлсэн ч өвдгөндөө бэртэл авчээ. Тамирчин байсан найман жилийн хугацаанд хоёр өвдөг, тохойндоо ээлжилж бэлтгэл авсаар дөрвөн жилийг эмнэлэг дамжиж өнгөрүүлсэн байна. Бэртэлтэй учир барилдах боломж гарсангүй. Ингээд Их шавийн дээд сургуульд суралцаж байсан тамирчин бүсгүй дасгалжуулагч болохоор эргэлт буцалтгүй шийдсэн аж.
1998 онд дээд сургуулиа төгсөөд 1999 онд Аварга сургуульд багшаар орсон байна. Тэр үед гавьяат Х.Эрдэнэт-Од багшилдаг байж. Х.Эрдэнэт Од тамирчны ид үе нь байдаг, багшийн ажлаа орхиж болохгүй, Ш.Цэвэлмаа бэртлийн улмаас барилдахаа больсон үе нь таарчээ. Ингээд үеийн хоёр тамирчин зөвлөлдөж, Ш.Цэвэлмаа багшилж эхэлсэн түүхтэй.
“Аварга”-д хагас жил орчим ажиллаад гартал шавь нар нь дагаад хүрээд ирж. Ингээд хэдэн хүүхдүүдээ тэмцээнд оруулчих санаатай нэгэн өдөр Спортын төв ордонд явж байхдаа “Женко” клубын багш Энхбаяртай тааралдаж, “Женко” клубтэй ажил амьдралаа холбосон байна. 2012 онд Хан-Уул дүүргийн спорт хороон дээр явж байтал хуучны танил н.Энхтөр нь тааралдаж, манай хороонд жүдогийн сайн багш хэрэгтэй байна хэмээн санал тавьсанаар одоогийн шигшээ багийн дасгалжуулагчийн ажилдаа оржээ.
Барилдсан болгон баатар болдоггүй
-Би хүүхэд бүрийг тив, дэлхий, олимпийн шагналтай тамирчин болгоно гэж боддоггүй. Харин спортоор дамжуулж хүмүүжүүлэхийг, зөв хүн байхыг заахыг зорьдог хэмээн тэр ярих. Тиймээс ч шавь нараа тоолоод байсан удаа үгүй гэв. Би шавь нараа тэр алдартай, энэ илүү гэж тодотгох дургүй. Ер нь спорт заавал алдар нэртэй байх ч ёстой гэж боддоггүй.
Аав, ээж минь бидэнд хүн шиг хүн байхыг их заадаг байсан. Хүн чанартай байхыг би аав, ээжийнхээ аль алинаас нь сурсан. Тээврийн жолооч нар сэтгэл сайтай, дандаа бие биедээ тусалж явдаг хүмүүс шүү дээ. Аав минь насаараа тээвэрт явсан, гавьяат тээвэрчин хүн бий. Үргэлж л хүнд тусалж явсан тухайгаа ярьдаг. Бидэнд тэгж сургадаг болохоор амьдралын минь зарчим болоод үлдчихсэн гэв.
Түүний шавь нараас алдраа дуудуулж эх орныхоо далбааг өндөрт мандуулсан нь цөөнгүй. Тэдний нэг бол яах аргагүй Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг. 2006 оноос хойш багш шавийн барилдлагатай болсон тэд олон ч тэмцээнд баяртай, гунигтай тэврэлдэж зогссон. Ялангуяа 2013 онд М.Уранцэцэг Дэлхийн аваргад түрүүлсэн Монголын анхны эмэгтэй жүдоч болоход багш нь хамгийн их сандарч байснаа дурсав. “Эхний хэдэн барилдаанд нь би их сандарсан. Бараг Урнаагаас илүү сандарсан байх. Гуравдугаар тойргоос л арай гэж тайвширсан. Дотроо сандарч байгаагаа шавьдаа мэдэгдүүлэхгүйн тулд их хичээсэн. Ямартай ч Урнаа минь түрүүлж жүдо бөхийн дэлхийн дэвжээнд алтан медаль зүүсэн анхны эмэгтэй тамирчин болоход өөрийн эрхгүй нулимс унагаж байлаа” хэмээн дурсав.
2021 оны олимпод явсан бол... гэж харамсдаг
Гарын шавь, гавьяат тамирчин М.Уранцэцэгийн хамт. "Бөртэ Чоно-2013" наадам.
2016 оны Бразилын олимпоор би жирэмсэн байсан юм. Тэр үед зика вирус гарчихсан, жирэмсэн байсан болохоор олимпийн хороонд очиж”Вирус авсан ч гомдолгүй” гэж гарын үсэг зурж байж явж байлаа. Шигшээ багт долоон жил багшлахдаа нэг Олимпт л явсан нь тэр юм.
Анхны олимпоос манай Сумъяа мөнгөн медаль авч байсан. М.Уранцэцэгийн хувьд анх удаа олимпод оролцсон. Надад олимпийн туршлага байхгүй. Би Дэлхийн аваргад ирдэг 16 тамирчнаар төсөөлчихсөн, 2015 онд дэлхийн аваргад орчихсон бэлтгэл хангалттай, мэддэг тамирчид юм чинь асуудалгүй гээд бодоод очсон. Гэтэл дөрвөн жил тутамд болдог олимп бол Дэлхийн аварга биш юм билээ.
Багш нь ч тулсан бэлтгэлтэй, тамирчид нь ч 200 хувийн бэлтгэлтэй. Юун дэлхийн аваргад барилддаг тамирчин... хэмээн ярихдаа тэр жаахан харамсангуй өгүүлэх
...2016 онд хүүхдээ төрүүлээд шигшээгээс түр гарсан. 2017 оны дэлхийн аваргад Урнаа маань мөнгө, Б.Мөнгөнчимэг хүрэл авч байсан. Бэлтгэл ч мундаг байсан, багийн үйл ажиллагаа сайн байлаа. Тэр онд Дэлхийн аваргаас зургаан медаль авч байсан.
2021 онд Урнаа тэр жил Дэлхийн аваргад хангалттай амжилттай оролцчихсон, олимпийн өмнө бид хоёр 14 хоног тултал бэлтгэл хийсэн. Барилдах тамирчныг ч сайн мэддэг, уг нь их итгэлтэй байсан. Гэвч би тэр Олимпод явна гэж бодож байсан ч Коронагаас болоод хүний тоо заачихсан явж чадаагүй. Мэдээж тэр үед явсан бол гэж харамсдаг.
Шийдвэрлэх барилдаан болоход баруун зогсдог тамирчин яг тэрүүгээрээ л хэвшчихдэг сөрөг тал бий. Косовогийн олимпийн аваргатай барилдах үед баруун зогсохгүй шүү гэж би дэлгэц рүү харж мянга хашгираад нэмэргүй, баруун зогсоод л буруудчихсан. Уг нь тэр тамирчинтай дөнгөж сарын өмнө Дэлхийн аваргаар хүрэлийн төлөө тоглоод торгуулийн оноогоор хожчихсон байсан юм. “Яг тэр темпээрээ явна шүү, битгий баруун зогсоорой” гэж би олон хэлсэн. Мэдээж хажууд нь байсан бол илүү байх байсан болов уу гэж боддог ч гэсэн би олимпийн медалийг нь чамладаггүй ээ” хэмээн тэрбээр сэтгэлдээ жаахан хөндүүрлэж явдаг нууцаасаа хуваалцсан юм. Үнэхээр ч монгол түмнийг огшоож, уярааж баярлуулж байсан Урнаа гавьяатын барилдаан алт авчих боломж байсан даа гэсэн харамсал дагуулан хүрэл медалийг эх орондоо авчирсан билээ.
Одоогийн хүүхдүүдэд хатуурхаад байж болохгүй
Багаасаа багшийн ялгаварлан гадуурхалт хүүхдэд ямар байдгийг мэдэрч байсан болохоор шавь нараа тэр илүү, энэ тааруу гэж боддоггүй. Би одоо ч хүүхдүүддээ “Би заах юмаа яг адилхан заана. Хэн чадварлаг нь илүү гарч чадна” гэж хэлдэг. Хоёр дахь зарчим минь “Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос”. Хүнд тусалж байвал эргээд өөрийн үйл хэрэг бүтдэг, хариу нь заавал ирдэг гэдэг. Гэхдээ заавал хариу хүсч туслах хэрэггүй. Гудамжинд хүнд юм өргөөд явж байгаа хүнд туслаад оруулаад өгчих. Утас оллоо гэхэд эзэнд нь эргүүлээд өгчих. Энэ бол маш том хүн чанар, хүн байх ёс суртахуун гэж хэлдэг” хэмээн тэрбээр ярьж байлаа.
Биднийг очиход арав хүрэхгүй насны тав зургаан хүүхэдтэй бэлтгэлээ эхэлчихсэн, “Бие халаалтаа хийгээрэй” хэмээн зааварласаар угтсан түүнээс одоо үеийн хүүхдүүдтэй ажиллах тактикаа хэр өөрчилсөн бэ хэмээн сониучирхан асуухад минь “цагийн аясаар зөөлөрч байнаа” хэмээн хөгжилтэй инээв. Үнэхээр ч хүүхдүүдтэй ууртай зандрангуй биш ч гэсэн шийдэмгий өнгөөр дасгалыг нь зааварлангаа, хөөрхөн хөгжөөгөөд хүүхэд бүртэй тулж ажиллаж байв.
“Бидний үед спорт их хатуу байсан. Хэзээ ч багштай зэрэгцэж суух эрх байхгүй. Ер нь зарчимч, их чанга байсан. Сүүлийн үед би харин ч ер нь зөөлрөөд байгаа юм” гэв.
Тэр өмнө нь ийм бага насны хүүхдүүдтэй ажиллаж байгаагүй аж. Сүүлийн үед өсвөр үеийн тамирчдыг насаар нь бага, дунд, ахлах гээд гурван төрөлд хуваасан учир 10-аас доош насны шавь нартай болж хэрэндээ зөөлөн багш болж эхэлсэн нь энэ.
-Одоогийн хүүхдүүд бидний үеийнхээс тэс өөр. Цаг үе нь ийм болчихсон учир бид өмнөх шигээ хатуурхаад байж болохгүй. Эцэг эхчүүд ч хүүхдээ их өмөөрдөг болсон. Гэхдээ би зөөлөрсөн гээд бүр нялцайхгүй. Хүүхдүүдэд юм сургах гэж хичээж байгаа. Та нар надад мөнгө төлөн байж хүүхдээ сургах гэж байгаа учир би сургах ёстой, заах ёстой гээд ээж аав нарт хэлчихдэг. Олон жил багшиллаа. Багш нарыг өмөөрч байгаа юм биш. Гэхдээ эцэг эхчүүд багш нарыг хүүхдийнхээ дэргэд муу хэлдэг, шүүмжилдэг. Гэтэл энэ хандлага багшаа хүндлэх хүндлэлийг үгүй хийдгийг ойлгох хэрэгтэй. Би дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүдээ багшийнх нь дэргэд өмөөрч үзээгүй. Мэдээж сайнтай муутай олон багш бий. Гэхдээ аливаа асуудлыг хэлэхдээ аль болох багшийнх нь зөв болгоод хүүхдүүддээ ярьчихдаг. Чадваргүй багш байж болно л доо. Гэхдээ хүүхэддээ аль болох зөв талаас нь ярьж байж хүүхэд зөв болно. Би хүүхэд болгоныг олимпийн аварга бөмбөрцгийн медальтай баатар болгож чадахгүй. Харин миний шавь нараас хоёр гавьяат, нэг хөдөлмөрийн баатар төрсөн байна. Барилдсан болгон баатар болохгүй. Хүний хувь тавилан, төөрөг зураг гэж байна. Мөн хичээл зүтгэл, авьяас байж амжилт ирдэг. Зүтгэлээр гаргаж ирж байгаа хүүхдүүд маш тэвчээртэй болдог гэлээ.
Мэдээж шавь нар маань Монголынхоо нэрийг гаргаад нэрээ мандуулна гэдэг багшийн хувьд хамгийн том бахдал. Гэхдээ өдөр тутамдаа шавь нараа зөв байхыг л сургадаг. Хүүхдүүд бол цагаан цаас шүү дээ. Энэ зааланд орж ирээд миний шавь болсон бол зөв зам мөртэй болгохын төлөө л хичээдэг гэв.
Жолооч аавтай, жолооч ханьтай болохоор жолооч нарыг хамгийн мөс чанар сайтай гэж боддог
Ханьтайгаа хэрхэн танилцсан тухайгаа “Би анхнаасаа л спортын хүнтэй сууна гэж боддоггүй байсан. Энгийн даруухан залуутай сууна гэж боддог байсан. Тэр хүнтэйгээ л суусан” хэмээн тэр хариулсан. Түүний ханийг М.Мөнгөншагай гэдэг.
Ш.Цэвэлмаа гавьяатын Сүхбаатарын талбай дээр бага хүүхдээ хөхүүлээд сууж байгаа зураг багагүй алдартай. Тэр би “Алдарт эх”-ийн одонтой ээж ч гэсэн хань минь ар гэрийн хамаг л ажлыг нугалдаг юм хэмээн ярив.
Бидний үед зиндаа, мөнгө төгрөг хардаггүй байлаа. Аав, ах дүү нар минь жолооч, ээж багш. Жолооч нар хүн чанартай санагддаг. Бие биедээ их тусална. Манай нөхөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумынх. Аав минь жолооч учир тээвэрчний гэр бүл хөдөөгүүр их явна. Манай аав, ээж нөхрийн маань аав ээжтэй танил, хааяа гэрт нь их очно. Ингээд л хуучны танилууд амьдралын тойргоор явж байгаад нөхөртэйгөө суусан. Аав, ээж минь их зөв хүмүүжил олгосон.
Би 29 настай анхны хүүхдээ төрүүлж байлаа. Манай нөхөр жолооч мөртлөө арын ажлаа 100 хувь даадаг. Би тэмцээн эхлэв үү үгүй юу гэрийн бараа хардаггүй. Хүүхдүүд маань ч тодорхой хэмжээнд биеэ эрт даасан. Би үүнийг зөв гэж боддог. Гэхдээ одоо үе их өөр болсон.
Аав, ээж нар хүүхдүүддээ хэт их анхаардаг, араас нь чаргууцалддаг, өмнөөс нь бүх юмыг бэлдэж өгдөг болчихсон. Дээр үед хүнд туслаад юмыг нь оруулаад өгөхөд баярлалаа гээд гаргадаг байсан бол одоо туслах ч хэцүү цаг болсон. Хүүхдүүддээ ч яг үнэндээ хүнд туслаад гэрт нь өргөсөн юмыг нь оруулаад өгөөрэй гэж хэлж чадахгүй нийгэм шүү дээ. Тэр гэрт ямар хүн байгааг хэн ч мэдэхгүй. “Аавынхаа захидаг хүн чанартай, сэтгэл сайтай явбал хүний зам мөр аяндаа зөв болдог гэдэг үгсийг би үргэлж бодож хичээж амьдардаг. Хань минь ч үргэлж замд яваа нэгэндээ тусалж, дэмжиж, хүн хүндээ тустай явахыг хүүхдүүддээ үлгэрлэж явдагаас харахад гэр бүлийн хүмүүжил минь биднийг нэг үзэл бодолтойгоор үр хүүхдээ хүмүүжүүлэхэд нөлөөлдөг сайхан чанар болов уу гэж боддог” хэмээн жолооч аав, жолооч ханиараа бахархсаар тэрбээр яриагаа өндөрлөв.
Базарбямбын НЯМСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл1
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.parliament.mn/Detail?id=a2e9444c-3b7e-4066-b162-010e8778d4c1&fbclid=IwAR1slJqOXBcxlCrr2h0TOl-HjLjDiz0biyNgnGuAASbwOedePdyYdwlIQyY