sonin.mn

Дөрөвдүгээр сарын 13-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл гаргаж, Ойрх Дорнодын мөргөлдөөнд оролцогч бүх талыг бүтээлч арга барилаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэн ахиулж, эцэст нь тохиролцоонд хүрэхийн төлөө ажиллахыг уриаллаа.


Мөн гал зогсоох дэглэмийг хатуу сахиж, түүнийг зөрчсөн аливаа үйлдлийг бүрэн зогсоох шаардлагатайг онцолсон байна. Гутерреш мэдэгдэхдээ, өнөөгийн Ойрх Дорнодын мөргөлдөөнд цэргийн шийдэл гэж байхгүй гэв.


Америк болон Ираны талууд Пакистаны Исламабад хотноо хийсэн хэлэлцээ эцсийн тохиролцоонд хүрээгүй ч уг уулзалт нь яриа хэлэлцээг дахин эхлүүлэх чухал алхам болсон гэж үнэлжээ. Тэрээр Пакистан, Саудын Араб, Египет, Турк зэрэг орнуудын зуучлалын хүчин чармайлтад талархал илэрхийлсэн байна.


Мөн Гутерреш олон улсын эрх зүйн хүрээнд Ормузын хоолойг оролцуулсан далайн тээврийн чөлөөттэй зорчих эрхийг баталгаатай хамгаалах ёстойг онцлоод, одоогийн байдлаар далайн худалдаа саатаж буй нь дэлхийн эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, амьжиргааны өртөгт сөргөөр нөлөөлж байгааг анхааруулжээ.


Тэрээр эцэст нь, НҮБ холбогдох бүх талтай үргэлжлүүлэн холбоотой ажиллаж, холбогдох механизмыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, иж бүрэн бөгөөд урт хугацааны тогтвортой хэлэлцээр байгуулахын төлөө хүчин чармайлт гаргаж байгааг мэдэгджээ.