sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Fox News/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Вашингтон, Техраны хооронд болсон хэлэлцээний явцад ахиц гарсан хэдий ч цаашид яриа хэлэлцээг үргэлжлүүлэх эсэх нь Ираны талаас шалтгаална гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс мэдэгдсэн байна.


“Хэлэлцээ үргэлжлэх эсэх тухайд Ираны талаас асуусан нь дээр, учир нь одоо бөмбөг тэдний талд байна” гэж Жей Ди Вэнс мягмар гарагт шилжих шөнө Fox News сувагт ярилцлага өгөхдөө хэлжээ.


Тэрбээр хэлэхдээ, иранчууд “уян хатан байх” ёстой, бид “цөмийн материалыг Иранаас гаргах ёстой гэдгээ тодорхой илэрхийлсэн” гэжээ. "Цөмийн зэвсэг бүтээхгүй гэдэг эцсийн баталгааг бид тэднээс авах шаардлагатай байна. Хэрэв иранчууд бидэнтэй уулзахад бэлэн байгаа бол энэ нь хоёр улсын хувьд маш ашигтай хэлцэл байж чадна. Хэрэв тэд бидэнтэй уулзахад бэлэн биш байгаа бол энэ нь тэдний л хэрэг" гэж дэд ерөнхийлөгч хэлсэн байна. АНУ-ын төлөөлөгчид 21 цагийн турш үргэлжилсэн хэлэлцээний дараа Исламабадаас явсан гэдгийг тэрбээр мөн дурджээ.


“Ираны хэлэлцээний баг тохиролцоонд хүрч чадаагүй бөгөөд бидний тавьсан нөхцөлийг Дээд удирдагч эсвэл өөр хэн нэгнээр батлуулахаар Техран руу буцах шаардлагатай болсон гэж би бодож байна" хэмээн Вэнс тайлбарласан байна.


Гэсэн хэдий ч түүний хэлснээр Пакистанд хийсэн хэлэлцээнд “чухал ахиц гарсан” бөгөөд “бүх зүйл зөв чиглэлд явж байсан” аж. “Үнэхээр нухацтай хэлэлцээр байгуулах боломжтой гэж би бодож байна. Гэхдээ дараагийн алхмыг иранчууд хийх ёстой” гэж тэрбээр дахин онцолжээ. Вэнс нэмж хэлэхдээ, Иран Ормузын хоолойг нээх тал дээр ахиц гаргана гэж бид хүлээж байгаа, "хэрэв ингэхгүй бол" хэлэлцээний шинж чанар "өөрчлөгдөнө" гэв.


АНУ, Ираны төлөөлөгчид өнгөрсөн амралтын өдрүүдэд Пакистанд шууд хэлэлцээ хийсэн юм. Хэлэлцээний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдэхдээ, Вашингтон Техраны цөмийн хөтөлбөрийн асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй гэсэн байна.


Тэрбээр мөн Ираны тал Ормузын хоолойг нээх амлалтаа биелүүлээгүй тул АНУ Ираны эсрэг далайгаар бүсэлж эхэлнэ гэж мэдэгджээ. Харин Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи хэлэхдээ, Пакистанд хэлэлцээ хийх үеэр тохиролцоонд хүрэхэд тун ойрхон байсан боловч АНУ-ын тал хэт өндөр шаардлага тавьж, дүрмийг өөрчилсний улмаас тохиролцоонд хүрч чадаагүй гэж мэдэгдсэн байна. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг