ВАТИКАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Reuters/. Пап Лео энэ оны эхний томоохон гадаад айлчлалынхаа хүрээнд өчигдөр буюу даваа гарагт Африкийн дөрвөн улсыг зорьжээ. Энэхүү айлчлал нь дэлхийн католик шашинтнуудын тавны нэг гаруй хувь нь оршин суудаг тус тивийн өмнө тулгамдсан асуудлуудад анхаарлаа хандуулахыг улс орнуудын удирдагчдад уриалах зорилготой юм.
Дөрөвдүгээр сарын 13-наас 23-ны хооронд 10 хоногийн турш үргэлжлэх айлчлалын хүрээнд Пап Лео 18 мянга орчим км замыг туулж, Алжир, Камерун, Ангол, Экваторын Гвиней улсуудын 11 хотод айлчилна. Шахуу хөтөлбөртэй тул тэрбээр нийт 18 удаа нисэх ажээ.
Папын сэнтийд заларсан бүрэн эрхийн хугацаа нь эхлэх үед тэрбээр ийнхүү Африк тивийг зорьж байгаа нь тус тивийн ач холбогдлыг тодотгохын зэрэгцээ дотоод асуудлууддаа анхаарлаа хандуулж буй бусад улс орон Африкийг мартахгүй байхыг сануулах зорилготой юм. Ватиканаас гаргасан статистик мэдээллээр, дэлхийн нийт католик шашинтнуудын 20 гаруй хувь нь Африк тивд амьдардаг байна.
Ватикан болон Африкийн сүмийн удирдагчид мэдэгдэхдээ, энэхүү айлчлал нь Пап Леогийн хувийн нэн тэргүүний зорилт төдийгүй католик шашин хамгийн хурдацтай дэлгэрч буй тус тивд Сүмийн зүгээс өндөр ач холбогдол өгч буйн илрэл гэжээ.
Айлчлалын үеэр Гэгээн хутагт 25 удаа үг хэлж, улс төрийн удирдагчид болон сүсэгтэн олонтой уулзалтууд хийхээр төлөвлөсөн байна. Энэхүү айлчлал нь зэвсэгт мөргөлдөөн, хүмүүнлэгийн хямралд нэрвэгдсэн бүс нутгуудад итгэл найдвар, энх тайван, эвлэрлийн дохиог илгээнэ гэж найдаж байна.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 04 сарын 14,
2026
Сэтгэгдэл0