sonin.mn

Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд би дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Дайны түүх, цэргийн урлагийн түүх сонирхдог. Ялангуяа Зөвлөлтийн армийн түүхээс багагүй мэднэ. Тэр мэдлэгээрээ дүгнээд Орос ба Путин Украиныг дийлэх нь өнгөрлөө гэсэн дүгнэлтийг бүр 2022 оны хавар Киевийн дэргэдээс оросын спецназ хөөгдөхөд хийчихсэн. Харьков, Херсоноос оросын цэрэг шившигтэй хөөгдөн гарч байхад итгэл үнэмшлээ бүр ч сориод авсан. Миний зөв. Одоо өөр нэг дайны тухай өгүүлэнгээ Wikipedia.org/Wiki/ сайтаас “Demilitarisation” буюу оросоор “Демилитаризация” гэдгийг энгийнээр тайлбарлахыг хичээе.

 

Ийм нэгэн нэр томъёо 2022 оноос олон улсад түгжээ. В.Путин анх удаа ёс төртэй зарласан. “СВО” буюу цэргийн тусгай ажиллагааных нь үндсэн зорилго нь “Денацификация” энэ хоёр байсан ба 5 дахь жилдээ зорилгодоо хүрэхээр Украинд хохиролтойгоор байлдаж байна.


Орос-Украины хэлэлцээний анир сонсогдмогц л Москвагаас яг тэр 2022.02.24-ний өглөөнийхөө улигт болзлыг тоть шиг давтана. Одоо ч элэг доог болж дээ. Харин Иранд яаж байна гэвэл арай өөр зураглал бууж байна. Цэргийн мэргэжлийн үүднээс би тэгж дүгнэж байна. Ганцхан сарын дотор “Деисламизация”-гүйгээр “Демилитаризация” гэдэг рүүгээ Америк, Израиль хоёр дөхчихөв үү гэж үзэхээр байна. Д.Трамп 15 заалт бүхий саналаа (тулган шаардлага?) дэвшүүлсэн. Ялагдаж байгаа талд тулгаж байгаа учраас эелдэг санал гэж үзэхгүй.


Ираны эрчим хүч рүү довтлох гэснээ 5 хоног азнасан, одоо нэмээд 10 хоног. Трампын саналыг лавлаж үзвэл ерөнхийдөө “Демилитаризац” гэдэг нь ийм утгатай бууж байна:


–Дайны бэлтгэлээс татгалзах, зэвсэг, байлдааны техникээ эрс өөрчилж иргэний зориулалттай болгох, дахиж байлдааны зориулалтаар ашиглаж болохгүй болгох, нутаг дэвсгэртээ байгаа цэрэг-дайны бэхлэлт, бункеруудаа устгах, зэвсэгт хүчинтэй байх эсэхээ харилцан сонирхогч талуудын тохиролцооны үндсэн дээр хориглох, зэвсгээ хураалгах гэх мэт агуулгатай гэж хөрвүүлэхээр байна. АНУ-Израиль хоёр нэг сарын байлдаанаараа энд бичигдсэн нөхцөл шаардлагуудын бараг 90%-ийг хангачихсан байх магадлалтай.


Ираны хувьд хамгийн эмзэг гурван чимхлүүр шаардлагыг нь няцаасаар байна.

 

1)Цөмийн зэвсэггүй байх, цөмийн зэвсэг боловсруулахгүй байх, дахин тэр тухай бодох ёсгүй;

2)Ойрхи Дорнод, Араб ертөнц дэх прокси хүчнүүдээсээ татгалзах ёстой;

3)Баллистик пуужингүй байх, дахин тэр тухай бодох ёсгүй гэдгээс Ираны лалын хувьсгалт гвард гэх корпусын генералууд үхтлээ айж байна.

 

Гэлээ гээд зөвшөөрөхгүй гэвэл АНУ, Израиль хоёр агаарын дайралтаараа дуустал нь устгачихаж элбэг чадна. Учир нь тэд Ираны тэнгэрт бүрэн ноёлож байна. Израиль нь Ливаны Хезболлаг дуусгана. Йемений хуситууд Тегеранаас мөнгө, технологи, зэвсэг зогсвол аяндаа замхрана, Иракийн шиитийн цагдаагийн хүчин мөн адил гэсэн байр суурин дээр барууны цэргийн шинжээчид илэрхий зогсож байна.


Нөхцөл байдал иймдээ тулсан үед Ираны талаас дэвшүүлсэн энэ 5 зүйлт санал бол зүгээр л агаарт замхарна. АНУ, Израиль хоёр бүх дайралтаа зогсоогоод дайнаас гараад Иранд хохирлыг нь барагдуулсан нөхөр төлбөр төлөхийг Тегеранаас шаардсаар байна. Энэ бол ердөө л цөхөрсөн (үнэндээ ялагдсан) хүний эцсийн үг. Тэгэхээс тэгэх гэж шаардсаар. Ядаж холбоотон Орос, Хятад хоёр нь Ираныг дэмжээд 5 зүйлт саналыг АНУ-аас шаардаж мэдэгдэл гаргаж НҮБ-д асуудал болгон дэвэргэж байгаа бол арай өөр гэхсэн. Даан ч тэгэхгүй нь гачлан! Энд би юу хөрвүүлж буулгав. Хараал урсгалгүйгээр эрүүлээр сэтгээд үзээрэй. Путины дэглэмийн 4 жилийн дайных нь ялагдлын хажуугаар Кремлийн хувьд маш их өртөгтэй, үнэ цэнэтэй “Иран” хэмээх геополитикийн төсөл нь нүдэн дээр дампуурч байна. Хятад ч бас Иранд давхар цохилт амсаж байна. Иранаар холбоотон хийх гэсэн биш болохоо болилоо. Иранд нийлүүлсэн Орос, Хятадын өдий төдий зэвсэг, байлдааны техник хаачсан бэ? Хожим тэр хоёр үнийн тооцоо хийх л байх. Ираны ч, хоёр хөршийн ч цэрэг-улс төрийн шившиг энэ биш гэж үү, одоогоор!


Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)