Азийн олимпын зөвлөл /АОЗ/ болон БНХАУ-ын Үндэсний олимпын хорооноос Азийн IX өвлийн наадмыг Харбин хотноо зохион байгуулахаар 2023 онд Тайланд улсын Бангкок хотноо болсон Ерөнхий ассамблейн үеэр шийдвэрлэж, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ.
Тэгвэл БНХАУ-ын ҮОХ болон “Ханжоу 2022” Азийн наадмыг зохион байгуулах хорооны саналаар “Харбин 2025” Азийн IX өвлийн наадмыг 2025 оны 2 дугаар сарын 7-14-ний өдрүүдэд зохион байгуулахаар эцэслэн шийдвэрлэснийг АОЗ-өөс мэдэгдлээ.
Азийн өвлийн наадмыг эх орондоо зохион байгуулах хүсэлттэй улс орон цөөн байгаа учир, наадам 4 жил тутам зохион байгуулагдах боломжгүй байгаа билээ. Сануулахад, Азийн VIII өвлийн наадам нь 2017 онд Япон улсын Саппоро болон Обихиро хотноо зохиогдож, манай улсаас гүйлтийн цана, уулын цана, биатлон, хоккей, тэшүүрийн төрлүүдэд 46 тамирчин оролцож байсан түүхтэй. Дашрамд дурдахад, АОЗ-ийн 2022 оны Ерөнхий ассамблейгээс Азийн X өвлийн наадмыг Саудын Араб улсын Трожан хотноо 2029 онд зохион байгуулахаар шийдвэрлээд байгаа юм.
Сэтгэгдэл0